“Тэрийг хараа сүнс, сүнс. Нээрээ сүнс яг л ийм байдаг байх даа, хөнгөхөн юм гээч. Хараач ээ, энэ үнэхээр амьд хүн мөн үү” гэх утгатай яриа үзэгчдийн суудлаас сонстоно.
Тайзнаа өд мэт хөнгөн, яг л өмссөн цагаан даашинз лугаа адил сэвэлзэн бүжих энэ бүсгүйг Г.Цолмон гэнэ.
Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин тэрбээр хэдхэн хоногийн өмнө их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрөөр Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм цолоор энгэрээ мялаалгасан юм.
Үеийн охид нь дээс тоглон гүйж явахад өөрөөсөө ахадсан дасгал хийн шүд зууж, заримдаа нулимс дуслуулж байхдаа ч тэрбээр “Аавынхаа мэргэжлийг өвлөнө” гэж хатуу шийдсэн байсан гэдэг.
“Ясны балетчин” гэж түүнийг л хэлэх байх. Учир нь, түүний аав Д.Ганбаатар нэгэн цагт Азийн балетын урлагийн сонгодог жишээ болж явсан түүхтэй. Бүр тодруулбал, Д.Ганбаатар, Ю.Оюун гэх хос шагшигдаж байсан цаг саяхныг сонгодог урлагт элэгтэй, ээлтэй хэн бүхэн мэдэж байгаа.
Түүний ээж ч бас сонгодог урлагтай салшгүй холбоотой нэгэн. “Аав, ээжийнхээ шийрийг хатаасан тэрбээр өдгөө дөчин нас руу дөхөж яваа ч энэ урлагт хүч үзэж буй балетчдаас тэс өөр, дэндүү авьяастай” гэдгийг мэргэжлийн хүмүүс үнэлдэг. Зөвхөн Монголын урлагийн томчууд бус дэлхийн одод ийн дүгнэсэн байдаг юм билээ. Тухайлбал, Английн хатан хааны “Роял” театрын балетчин алдарт Тамара Роха ч “Ок” гэж дүгнэсэн.
Өнгөрсөн онд МУГЖ Д.Алтанхуягийн урилгаар Монголд айлчлан ирж, “Жизель” балетын гол дүрд хамтран бүжиглэсэн Английн “Роял” балетын гоцлооч Тамара Роха манай улсд ирэхдээ цаг агаарын байдлаас болж онгоцны буудалд хоёр хоног саатаж, нэлээд ядарсан байдаг. Нэг өдөр бэлтгэл хийсэн Роха эхний өдрийн хоёр дахь тоглолтдоо ядарсны улмаас тоглож чадахааргүй болсон ч шүд зуун бүжсээр “Жизель” балетын нэг дэх үзэгдлийг дуусгаж. Харин хоёр дахь үзэгдэлд нь Г.Цолмон түүнийг орлоход тэрбээр тайзны хажуугаас зүрх түгшин, хараад зогсож байсан ч тоглолтын төгсгөлд эрхий хуруугаа гойзолгож шавилхан монгол бүсгүйд дүн тавьсан юм. Монголоос буцаад удалгүй Английн хатан хааны “Роял” театрын уран сайхны асуудал эрхэлсэн захирлаар томилогдсон даруйдаа ч өөрийгөө орлон бүжсэн монгол бүсгүйг мартаагүй байгаагаа илэрхийлсэн байдаг.
Мөн саяхан Америкийн “Метрополитан” театрын гоцлол балетчин Саша Радецки Монголд ирж А.Аданнын алдарт “”Жизель”-д Г.Цолмонгийн хамт бүжиглэсэн.
Дэлхийн оддын тоонд зүй ёсоор багтдаг тэрбээр ирэхийнхээ өмнө бүжгэн жүжигчдийн тоглолтын бичлэгүүдийг үзэж байж сонгосноороо Г.Цолмонд үнэлгээ өгсөн гэхэд болно. Тэрбээр тоглолтын дараа ч отгон гавьяатын ур чадварыг биширч, “төрмөл авьяастай, ховорхон бүжигчин” хэмээн биширсэн байдаг.
Нөгөөтэйгүүр энэ нь Монголын сонгодог урлагийн хөгжил дэлхийн түвшинд хаана нь явааг харуулсан гэж хэлж ч болох юм.
Гэхдээ л дэлхийн оддыг “тодотгосон” авьяаслаг монгол бүсгүйг магтмаар байна.
Эх сурвалж: "Өглөөний сонин"

Сэтгэгдэл ( 0 )