Монгол хөвгүүд харааны ой тогтоолтын аварга болов

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 26

Бид бүхэн өчигдөр мэдээлж байсан мэдээнийхээ дэлгэрэнгүй та бүхэндээ хүргэж байна. Дөрвөн жилд нэг удаа болдог оюуны олимп буюу “MEMORIAD-2012” тэмцээнд Монгол хөвгүүд илүүрхэж байна. Энэ сарын 23-нд Туркийн Анталя хотод эхэлсэн тус тэмцээнд урьдчилсан шатнаас шалгарсан дэлхийн 20 орны 89 оюуны спортын шилдэг тамирчид нийт арван төрөлд өрсөлдөж байгаагаас манай улсаас ой тогтоолтын олон улсын мастер Х.Хатанбаатар ахлагчтай таван тамирчин оролцож байна.

Манай тамирчдын салхийг хагалж С.Акжол нэг багц хөзрийг 51 секундэд цээжлэн алдаагүй нэрлэснээр мөнгөн медаль хүртсэн бол үдээс хойш болсон ой тогтоолтын тэмцээнд Т.Мягмарсүрэн "Хүн хуанли" төрөлд аваргийн алтан медаль, МУИС-ЭЗС-ийн оюутан С.Цогбадрах “Flash Numbers" төрлөөс алтан медаль хүртэж оюуны олимпийн аварга боллоо. "Flash Numbers" төрөлд түрүүлсэн С.Цогбадрахын хувьд 300 цифрийг нэг ч алдалгүй санаж түрүүлэн дэлхийн рекордыг тогтоожээ. "Flash Numbers" төрлийн дүрэм нь нэг секунд тутамд дэлгэцэн дээр анивчиж гарч ирсэн цифр болох нийт 300 цифрийг (300 секунд) цээжлэн буцаж алдалгүй санах. Хэрвээ буцаж бичихдээ нэг л цифр алдвал алдсанаас хойш хичнээн зөв байсан ч оноонд тооцохгүй аж.

Ийнхүү манай орны бусад тамирчид ч мөн адил өөр өөрийн төрөлдөө амжилт гаргажээ. Дэлхийн оюуны олимпод Монгол Улсынхаа нэрийг цуурайтуулж яваа нийт оюунлаг залуустай амжилт хүсэхийн ялдамд халуун баяр хүргэе.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top