ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, хэвлэлийн “Номдор паблишинг” компани хамтран “ОНЫ ОНЦЛОХ ҮГ”-ийг жил бүр тодруулж байхаар боллоо. Энэхүү үйл ажиллагаа нь тухайн жилд олны анхааралд өртсөн үг, хэллэгээр дамжуулан монголчуудын амьдралд тохиосон томоохон үйл явдлыг олон нийтэд сануулах зорилготой аж. Ингэснээрээ улирах оны амжилт бүтээл, алдаа оноог дүгнэн цэгнэхэд нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, олны анхаарлыг хандуулах ач холбогдолтой хэмээн зохион байгуулагчид мэдэгдэв.
Уг үйл ажиллагааг мэдээллийн www.duulian.mn сайт дэмжин ажиллаж санал асуулгыг зохион байгуулах ба уг сайтаар тодруулсан дүн дээр үндэслэн хэл шинжлэлийн мэргэжилтнээс бүрдсэн шүүгчдийн баг оны онцлох үгсийг шалгаруулах юм байна.
“Оны онцлох үг-2012” ёслолын арга хэмжээ энэ оны 12 сарын 5-ны өдөр болох бөгөөд шалгарсан үгийг анхлан гаргасан хувь хүн, албан байгууллагад шагнал гардуулна.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )