“Төрийн нэрийн өмнөөс гүйцэтгэж буй аллагаа нууцалсаар байна”

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 30

УИХ-аас иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын Нэмэлт II протоколыг соёрхон баталж, цаазаар авах ялыг халах талаар шийдвэр гаргасан ч, Эрүүгийн хуульд цаазаар авах гэсэн заалт хэвээр байгаа нь хүний эрхийн байгууллагуудын анхаарлыг татаж байгаа юм. Түүнчлэн дэлхийн улс орнууд цаазаар авах ялд хэрхэн хандаж байгааг, хүний эрхийн байгууллагууд судалж дүгнэлт гаргаж байдаг. Тухайлбал, Эмнести интернэшнл байгууллагаас дэлхийн улс орнуудын  цаазаар авах ял ба гүйцэтгэлийн талаар судалгаа хийж тоймлон гаргасан байна. Тус тайланд манай улсын талаар өгүүлэхдээ  “2010 онд Монгол улсын ерөнхийлөгч цаазаар авах ялыг албан ёсоор түдгэлзүүлнээс хойш 4 жил дараалан нэг ч цаазаар авах ял гүйцэтгээгүй байна. 2013 оны эцсийн байдлаар дотоодын хуулиас цаазаар авах ялыг халах тухай хуулийн төслийг тус улсын парламент хэлэлцэж эхлээгүй байв. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын Нэмэлт 2-р протоколыг соёрхон баталснаар 2013 онд цаазаар авах ял оногдуулаагүй байна.” гэсэн байгаа юм. Харин бусад бүс нутгийн тухайд хэрхэн өгүүлснийг нь анхаарч харвал, цаазаар авах ялын гүйцэтгэлийг нууцалсаар байгаа Хятад улсын тоон мэдээг оролцуулахгүйгээр 2013 онд дэлхийн 22 улс оронд нийт 778 гүйцэтгэл явуулж, Индонез, Кувейт Нигери, Вьетнам улс цаазаар авах ялыг сэргээжээ. Зарим улс орон ялыг сэргээснийг эс тооцвол цаазаар авах ялыг хэрэглэж байгаа улс орнуудын тоо буурч, 2013 онд бүс нутаг бүрт ахиц дэвшил гарчээ. Есөн улс л зөвхөн сүүлийн таван жилийн хугацаанд цаазаар авах ялыг тогтмол хэрэгжүүлсэн байна. Цаазаар авах ялыг дээрэм, мансууруулах бодис, эдийн засгийн гэмт хэрэг болон гэмт хэрэгт ч тооцохооргүй “бурхныг хараасан”, мөн улс төрийн “хэрэг”-т хэрэглэсээр байгаа нь олон улсын хуулийг зөрчиж байна.“Иран, Ирак улс ичгүүртэйгээр цаазаар авах ялтай зууралдсаар бусдаас онцгойрлоо. Цаашдын чиг хандлага цаазаар авах ял түүх болон үлдэхийг харуулж байна. Бид шударга ёс нэрийн дор цаазаар авах ял хэрэгжүүлж байгаа засгийн газруудаас энэ ялыг халахын тулд гүйцэтгэлийг яаралтай түдгэлзүүлэхийг шаардаж байна” хэмээн Эмнести Интернэшнлийн Ерөнхий Нарийн Бичгийн дарга Салил Шетти өгүүлжээ.

 

Мөн 2013 онд Ази Номхон далайн бүс нутагт цаазаар авах ялын гүйцэтгэлийг тойрсон нууцлалын асуудал санаа зовниулсан түвшинд хүрснийг Эмнести Интернэшнл онцолжээ. Хятад, Энэтхэг, Индонез, Япон, Малайз, Вьетнам зэрэг улсын эрх баригчид цаазаар авах ялын ил тод байдлын талаарх олон улсын хэм хэмжээг үл хэрэгсэн, гүйцэтгэлийн талаар гэр бүл, өмгөөлөгч нарт нь урьдчилан мэдэгдээгүй ба тоо баримтыг хэвлэх, олон нийтэд мэдээлэхээс татгалзсан байна.  “Азийн улс орнууд цаазаар авах ялыг халах дэлхийн чиг хандлагыг сөрж, төрийн нэрийн өмнөөс гүйцэтгэж буй аллагаа нууцалсаар байна. Тэдгээр засгийн газрууд юуг нуухыг оролдоод байна вэ? Гүйцэтгэлийг нууцалж байгаа нь олон улсын хэм хэмжээтэй зөрчилдөж байна” хэмээн Эмнести Интернэшнлийн Ази Номхон далайн бүсийн захирал Ричард Беннет өгүүлсэн байна.

 

Хятад улсад өмнөх Эрүүл мэндийн сайд нь цаазлагдсан хоригдлын эрхтэнг наймаалах явдлыг 2014 оны дунд гэхэд зогсоох тухай төлөвлөгөө танилцуулж, Дээд Шүүхээс цаазаар авах ялтай зарим хэргүүдийн хууль эрх зүйн хамгаалалтыг бэхжүүлсэн зэрэг бага боловч дэвшил гарлаа гэжээ.

 

Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээлснээр Хойд Солонгост багаар тооцоход 70 хүнийг цаазаар авчээ.

 

2013 онд Пакистаны шинэ засгийн газар цаазаар авах ял хэрэглэхийг түр зогсоож, Сингапур улс хоёр дахь жилдээ цаазаар авах ял гүйцэтгээгүй ба 2012 онд тус улсын заавал хэрэглэх цаазаар авах ялын талаарх хуулийг хянаж үзсэнээр зургаан хүний цаазаар авах ялыг өөрчилсөн зэрэг ахиц дэвшил гарсан байна.

 

Папуа Шинэ Гвиней гүйцэтгэлийг сэргээхээр завдсаныг эс тооцвол Номхон далайн бүс нутагт цаазаар авах ял оногдуулаагүй ба гүйцэтгээгүй байна гэж үзжээ.

 

Тэгвэл Ойрхи Дорнод ба Хойд Африкийн тухайд,  Иран, Ирак улс цаазаар авах ялыг халах дэлхийн чиг хандлагыг хөсөрдүүлж, энэ ялыг олноор хэрэгжүүлсэн нь 2013 онд хэрэгжүүлсэн гүйцэтгэлийн дийлэнхийг эзэлж байна. Иракт 169 цаазаар авах ял гүйцэтгэсэн нь өмнөх жилийнхтэй харьцуулахад 1/3-ээр нэмэгджээ. Ихэнхид нь терроризмийн хуулиар цаазаар авах ял оногдуулсан байна.Иранд 369 цаазаар авах ял оногдуулсан боловч баттай эх сурвалжийн мэдээлснээр нууцаар гүйцэтгэсэн ялын тоог оролцуулбал 700 хүрч байна. Саудын Арабт 79 цаазаар авах ял гүйцэтгэсэн ба олон улсын хуулийг зөрчин насанд хүрээгүй гурван хэрэгтнийг цаазаар авчээ. Иран, Ирак, Саудын Арабт гүйцэтгэсэн цаазаар авах ял нь нийт гүйцэтгэлийн 80 хувийг эзэлж байна. Арабын Нэгдсэн Эмират улс сүүлийн гурван жилийн туршид, Йемен улс сүүлийн хоёр жил энэ ялыг гүйцэтгээгүй нь тус бүс нутагт гарсан дэвшил аж.

 

Африкт: Баруун Сахарын Африкт Ботсвана, Нигери, Сомали, Өмнөд Судан, Судан гэсэн таван улс л цаазаар авах ял гүйцэтгэжээ. Нигери, Сомали, Судан улс нийт гүйцэтгэлийн 90 хувийг эзэлж байгаа бол тус бүс нутагт Бенин, Гана, Сьерра Леон улсад үндсэн хуулиа дахин хянах, эрүүгийн хуульдаа цаазаар авах ялыг халах талаар нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргах зэргээр ахиц дэвшил гарлаа.

 

Америкт: АНУ нь энэ тивд цаазаар авах ялыг гүйцэтгэсээр байгаа цор ганц улс хэвээр байсан хэдий ч нийт 39 цаазаар авах ял гүйцэтгэсэн нь өмнөх онтой харьцуулахад буурчээ. Техас муж цаазаар авах ялын гүйцэтгэлийн 41 хувийг хэрэгжүүлсэн бол Мэрилэнд муж энэ ялыг халсан 18 дахь муж боллоо.

 

Европ ба Төв Азид: 2013 онд Беларусь улс цаазаар авах ялын гүйцэтгэлийг түдгэлзүүлснээр Европ ба Төв Ази 2009 оноос хойш анх удаагаа цаазын ялгүй бүс нутаг байсан аж.

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ҮНЭН(180.235.184.88) 2025 оны 03 сарын 13

ХЭН ТҮРҮҮЛСЭН НЬ ЗӨВ БУРУУ Ч АМЬД ЯВАХ ХОРВОО ЮМ БАЙНА ДАА. БУРУУ Ч АМЬД ЯВАХ ЗӨВ Ч ҮХЭХ БОЛОХ НЬ ДЭЭ

1  |  0
Top