Монголын уламжлалт морин уралдаан удахгүй хуулийн хүрээний бизнес болох бололтой. Үүнийг хэдэн талаас нь харж болно. Аюулгүй байдал, хөрөнгө оруулалт гээд ашигтай тал олон ч мөрий, бооцоонд дургүй монголчууд үүнийг эсэргүүцэж байгаа. Харин энэ талаар “Блүүмбэрг”-ийн сурвалжлагч нэгэн нийтлэл бичсэн байна.
Монгол Улс Хятадын морин уралдааны зах зээлд орох
Монголын Засгийн газар мэргэжлийн морин уралдааныг хуульчлахаар ажиллаж байна. Ингэснээр Хятадын бооцоот зах зээлд өрсөлдөх боломжийг нээж байгаа гэх.
Энэ хуулийг батлахын тулд Монголын Засгийн газар Хонгконгийн Морин уралдааны клубт санал тавих боломжтой ба энэ талаар ССАЖ-н сайд Ц.Оюунгэрэл имейлдээ дурджээ. Хонгконгийн морин уралдааны улирал есөөс долоодугаар сар хүртэл үргэлжилдэг.
Ц.Оюунгэрэл сайд энэ талаар “Бид эн тэргүүнд морин уралдааны эрх зүйн орчныг тодорхойлох хэрэгтэй байна. Ингэснээр бид энэ зах зээлд байр сууриа эзэлж чадна. Манай хуулийн төсөл ерөнхийдөө Хонгконгийн морин уралдааны журам дээр суурилсан” гэжээ. Тэрбээр мөн ирэх гурван сарын дотор энэ асуудлыг УИХ-аар шийдүүлнэ гэсэн.
Ер нь морин уралдаан, бооцоот арга хэмжээнүүд Монголын эдийн засгийн төрөлжилтөд хувь нэмрээ оруулж чадна. Ингэснээр алт, зэсийн зах зээлийн ханшаас хараат байхаас аврагдах боломжтой юм.
Өнөөдөр төгрөгийн ханшийн чадал бүр доройтож, ам.долларын эсрэг хаалтын ханш нь 1796.5 болжээ. Эдийн засгийн өсөлт хоёр жил дараалан буурч, 2013 онд 11.7 хувьд хүрэв.
Энэ он Монгол Улсын эдийн засагт онцгой сорилт байх болно. “Standard & Poor’s” өнөөдөр Монгол Улсын зэрэглэл В+ байхаа больж, ВВ- болж буурсан гэж мэдэгдсэн. Мөн хөрөнгө оруулалтын түвшин дөрвөн ангилалаар буурсан байх юм.
“Standard & Poor’s”-ын анхааруулга дотор Засгийн газрын үрэлгэн зардал, төсвөөс гадуурх мөнгөний урсгал, гадаад өрийн дарамт зэргээ хурдхан цэгцлэхгүй бол уруудалт үргэлжилсээр байх болно гэсэн байна.
Хятадын мөрийтэй тоглоом
Морьдын уралдаан Монголыг Хятадын бооцоот зах зээлд орох боломжийг нээж өгч магадгүй нь. Макао бол дэлхийн бооцоот зах зээл, бизнесийн хамгийн том төв. Хятад улс энэ төрлийн бизнесийг хуулиар хорьдог ч Макаог эсрэгээр нь хөгжүүлж дэмжиж байгаа ба 2018 он гэхэд зах зээлийг хоёр дахин өргөжүүлэхээр болсон.
Морин уралдааны хувьд Монгол Улс хамгийн арвин, удаан жилийн түүхтэй. Энэ нь үндэсний онцлог, өвөрмөц шинж болон хөгжсөн. Тэртэйх XIII зуунд Чингис хааны морьт арми дэлхийг талыг эзэлж, ертөнцийн түүхэн дэх хамгийн том эзэнт гүрнийг байгуулсан юм. Ерөөс морины нуруунаас буулгүй энэ бүхнийг хийсэн гэсэн үг. Монголын морин уралдааны уламжлал ёсоор морьд 15 км-ээс илүү хол газар давхидаг.
Морин уралдааны клуб
Морин уралдааныг хөгжүүлсэн улс орнууд жилд дунджаар 27.2 тэрбум долларын орлого олдог. Өөрөөр хэлбэл, хөлбөмбөг, лоттерей хоёрын дараа орох амжилттай яваа бооцоот бизнес юм.
Монголд казино байгуулах тухай яриа 1990-ээд оны дунд үед гарсан ч эсэргүүцэлтэй тулгарч, 1999 онд анхны казиног хааж, хууль санаачлагч гурван гишүүнийг хорьсноор бүр дуусгавар болсон.
Гэхдээ одоогийн Засгийн газар юуны өмнө бооцоот морин уралдааныг дэмжиж, анхны, хамгийн том морин тойруулгыг Улаанбаатараас 54 км зайтай, шинээр баригдах нисэх онгоцны буудлын урдхан талд байгуулах гэж байна.
Ц.Оюунгэрэл сайдын хэлснээр, ирэх зун морин уралдааны 50 гаруй төлөөлөгч Хонгконгод сургалтад сууна гэсэн.
Дэлгэрэнгүй хууль тогтоомж
Сайд хоёр ч хуулийн төсөл бэлэн болсон гэсэн юм. Эхнийх нь онлайн мөрийтэй тоглоом, лоттерей, хоёр дахь нь бооцоот морин уралдаан, тойруулгын тухай. Төслүүдийг УИХ-д өргөн барьсан ба Засгийн газар шаардлагатай асуудлыг судалж байгаа гэнэ. Ялангуяа төлбөр, бооцоотой холбоотой санхүүгийн асуудал үүнд багтаж байна.
Д.Маргад

Сэтгэгдэл ( 1 )
Mongol ulsaas yamar negen torliin moriitei togloom, atomiin tsahilgaan stants. zergiig nen terguund hol bailgah yum shuu.