Ерөнхий сайд пүрэв гариг болгон сэтгүүлчидтэй уулздаг 30 минутын уулзалтаа өчигдөр Залуучуудын соёлын төвийн нээлтэд оролцсоноор хийсэн юм. Орчин үеийн шийдлээр засч тохижуулсан тус газрын нээлтийн арга хэмжээнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Ерөнхий сайдын 2013 оны төсвийн багцын 50 тэрбум төгрөгөөс хоёр орчим тэрбумыг Залуучуудын соёлын төвийг шинэчлэн засварлахад зарцуулсан" гэдгийг тодотголоо. Мөн эрүүл саруул ухаантай, эрдэм боловсролтой залуучуудыг бэлтгэхэд Засгийн газраас хийж буй ажлуудын нэг нь энэ юм гээд хүүхэд, залуучуудыг тус төвд ирж, чөлөөт цагаа өнгөрүүлж байхыг урьсан юм. Энэ төвд залуучууд, залуу гэр бүлийн хөгжил, эрүүл мэнд, танин мэдэхгүй, урлаг соёлын бүхий л төрлийн сургалт, үйлчилгээг цогцоор нь зохион байгуулах боломжтой. Мөн номын сан, дуу бүжиг, хөгжмийн сургалт явуулах, тоглолт хийх дуу шингээгчтэй өрөөнүүд, үзэсгэлэнгийн танхим, 650 хүний суудал бүхий үзэгчдийн танхимтай аж. Залуучуудын Соёлын төвд 1987 онд байгуулагдсан цагаасаа хойш нэг ч засвар, үйлчилгээ хийгдээгүй, 1990-ээд оноос хойш зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд оёдлын цех, баар, зоогийн газар, ломбард зэрэгт өрөөнүүдийг нь түрээслүүлж байсныг шинэчлэн, засч тохижуулан зориулалтаар нь ашиглах боломжтой болгожээ.

Сэтгэгдэл ( 0 )