"Хийх явцдаа суралцаж, суралцах явцдаа бүтээнэ" уриатай Залуу зохион бүтээгч дугуйланг Мэдээллийн үндэсний технологийн үндэсний парк "ЗЗБ" сантай хамтраад туршилтын журмаар хичээллүүлж байна. Хичээлээр Разберри Пай төхөөрөмж дээр суурилсан электроник, компьютер програмчлалын үндсийг судлах ба хүүхдүүд техникийн янз бүрийн туршилтуудыг хийх явцдаа электроник, компьютерийн шинжлэх ухааны ойлголттой танилцаж, улмаар өөрсдөө бодит төслүүд хөгжүүлж сурах юм. Энэ төвийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Инкубатор бизнес хөгжүүлэлтийн төвийн дарга П.Наранцэцэгээс тодруулсан юм.
-Мэдээлэл технологийн лабораторид Залуу зохион бүтээгч дугуйлан хичээллэж байна. Гол үндэс суурийг танай төв тавьж өгч байгаа гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-2014 оны тавдугаар сард Монголд анх удаагаа Эмбэддэд системийн лаборторийг туршилтаар байгуулаад үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Түүнээс хойш богино хугацаанд нэлээд ажлыг амжуулчихлаа. "ЗЗБ" клубтай хамтраад өсвөрийн залуу хүүхдүүдийг инженер техникийн боловсролтой болгоё, багаас нь техникийн мэдлэгтэй, ирээдүйн инженер бэлтгэхэд туслая гээд өнгөрсөн жилээс туршилтаар сургалтаа явуулаад багагүй хугацаа өнгөрлөө. Сургалт үйлчилгээ маань амжилттай явж байна. Мөн их дээд сургууль байгууллагуудтай хамтарч тодруулбал МУИС-тай хамтран манай лаборатори дээр ирээд оюутан нь шинэ санаа гаргасан бол түүнийгээ туршаад бүтээгдэхүүнээ гаргаад явдаг болсон байна.
-Ямар бүтээгдэхүүн гаргасан юм бол? Энэ талаар тодруулахгүй юу?
- Нийтдээ 5-6 төрлийн бүтээгдэхүүн гаргалаа. Эхний ээлжинд 3D камер, Хяналтын систем, нүүр царай танигч дохиоллын систем, хяналтын камерийг хийсэн байна. Дээрээс нь залуу зохион бүтээгч болоод техник технологийг олноор гаргахаар “Старт ап” гэх нэртэй шинэ компаниудыг паркдаа байрлуулаад байж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр шинэ санаагаа туршиж үзэх гэсэн бүтээгдэхүүн гаргахыг зорьсон байгууллага компани нь хоёр жилийн хугацаанд туршилтаа явуулаад бүтээгдэхүүнээ гаргаад явах боломжтой юм.
-Одоогоор хэчнээн компанитай хамтарч ажиллаж байна вэ?
-Манай парк дээр 4,5 компани ажиллаж байна. Тэдгээр нь бүтээгдэхүүнээ туршиж гаргаад зах зээлд нийлүүлээд явж байна. Эдгээрийг дурдвал VIP тоолуур, зоорийн температур хэмжигч, уйгаржин бичгээр урсдаг самбар, нүүр царай мэдрэгч дохиоллын систем зэрэг гээд олон төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд зах зээлд борлуулах боломжтой болсон. Хамтарч ажиллая гээд IT бүтээгдэхүүн хийе гэсэн хүмүүстэй хамтраад байж байна.
-Хэрэглэгдэх түүхий эд гээд бүгдийг танайх санхүүжүүлдэг үү?
Санхүүжилтийг манайх дангаараа гаргадаг. Манайх бол нээлттэй төв. Шинэ санаатай шинэ юм бүтээх гэж байгаа хүн бүр орж ирээд хөгжүүлээч гэж уриалдаг байгаа. Оюуны болоод техникийн хөдөлмөрт хөрөнгө оруулалт хийе гэж байгаа хүмүүстэй хамтран ажиллахад бэлэн байна.
-Эмбэддэд систем гэдгийг тайлбарлавал?
-Эмбэддэд систем гэдэг нь энгийнээр гэрийн цоожоо хүн шууд онгойлговол механик, цахилгаанд залгавал электрон систем, компьютерт залгаад нүүр царайгаа таньдаг болчихвол компьютерийн систем. Энэ гурвыг холбовол эмбэддэд систем юм.
-Бүтээгдэхүүнээ хэрхэн зах зээлд нийлүүлдэг вэ?
-Бүтээгдэхүүн үйлчилгээг дэмжих, янз бүрийн бизнесийн уулзалт хийдэг. Мөн оюутнууд маань хийсэн бүтээгдэхүүнээ байгууллагуудаар өөрсдөө танилцуулаад явдаг. Манайд техник технологийг дамжуулаад зах зээлд холбож өгөх, дамжуулах тал дээр хөгжил муутай байгаа.
-Сургалтад хамрагдахаар ирж буй хүүхдүүд мэдээллээ хаанаас авч байна вэ?
-Ерөнхийдөө IT чиглэлийн сургалтууд эрэлт ихтэй байдаг. Энэхүү туршилт, судалгаа, үйлдвэрлэлийн лаборатори нь техникийн чиглэлийн хүмүүст том боломж болж байгаа. Хэд хэдэн байгууллага санал тавиад бүтээгдэхүүн хийх сонирхолтой хүмүүстэй, хамтарч ажиллая гээд өөрсдөө хайж олоод ирдэг болсон. Насны хязгаар байхгүй. Ийм юм хийх гэж байна гээд өөрсдөө бүртгүүлдэг.
-Хэдэн лаборатори ажиллаж байна вэ? Байраа томруулах тал дээр анхаарч байна уу?
-Одоогоор манайх туршилтын журмаар сургалт явуулж байна. Гэхдээ үүнийгээ тогтмолжуулаад өргөсгөх боломж бий. Мөн манайд Эмбэддэд системийн хоёр лаборатори ажиллаж байна. Лаборатори-1 нь хүүхэд багачуудад зориулсан анхан шатны мэдэгдэхүүн олгох сургалтыг явуулдаг бол Лаборатори-2 нь ахисан шатны буюу бүтээгдэхүүнээ туршиж, гаргадаг байгууламж юм.
-Лабораторид хэчнээн хүүхэд хичээллэх боломжтой вэ?
-Манай лабораторид 10 хүүхэд хичээллэх боломжтой. Зарим үед багтаамжаас давсан тооны хүүхэд, залуус сургалтад хамрагдаж байна.
-Төлбөр, хураамж нь хэд вэ? Сургалтаар хүүхдүүдэд ямар IT мэдлэг эзэмшүүлж байна вэ?
-Мэргэжлийн багш нар зав, чөлөөтэй цагаараа мэргэжлийн хичээл заадаг. Хичээл зааж байгаа багш нарыг цалинжуулах учраас бага хэмжээний төлбөр авч байгаа. Хоёр сарын төлбөр нь 40 мянга. Ашгийн бус, сайн санааны байгууллага учраас маш хялбар аргаар тоглоомон машинаа удирдаад эрэмблэхийг заагаад сургаж байна. Жишээ нь гэрэл мэдрэх буюу унтраалгыг гар аргаар бус хэрхэн хялбараар унтраах боломжтой вэ гэдэг талаар наад захын энгийн мэдлэгүүдээс авхуулаад эзэмшүүлж байна.
Сэтгэгдэл ( 4 )
Aguirre yum
bi shine sanaa gargh gesn yum a sanaagaa oldogguiee
Saihuu?huuhdee hogjuulie gevel yaj holboo barih ve?helj ogno uu?
holboo darih utasaa uguuch