Оюутнуудын хичээлдээ ирэх, очих хоёр суулт нь үнэ төлбөргүй байна

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 13

Нийтийн тээврийн үйлчилгээний сүлжээний шинэчилсэн төлөвлөл, цахим картын систем, угсараа автобусны талаар Нийтийн тээврийн газрын дарга Ч.Энхбатаас тодрууллаа.

-Нийтийн тээврийн үйлчилгээний сүлжээг шинэчилсэн гэсэн. Хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ ?

-Улаанбаатар хотын гудамж. замын хөдөлгөөний ачаалал, түгжирлээс урьдчилан сэргийлэхтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн давхцлыг бууруулж, иргэдийн зорчилтод зарцуулах хугацааг хэмнэх зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний сүлжээний шинэчилсэн төлөвлөлтийг энэ сарын 15-ны өдрөөс хэрэгжүүлэхэд бэлэн болоод байна.

-Шинэчлэн төлөвлөөд байгаа сүлжээний талаар тодруулаач. Яг ямар чиглэлүүд шинэчлэгдээд байгаа бол?

-Бид өнгөрсөн жил 10 хоног шинэ сүлжээ төлөвлөлтийн туршилтыг хийсэн. Энэхүү туршилтад өнгөрсөн өвөл нэлээн анализ хийсэн. Түүнчлэн 18.7 метр залгаа автобус үйлчилгээнд явах гэж байгаатай холбоотойгоор Энхтайвны өргөн чөлөөнд нэлээн давхцал ихтэй явдаг чиглэлүүдийг аль болохоор бууруулахаар болсон.

Тиймээс ч нийтийн тээврийн одоогийн сүлжээг дараах байдлаар шинэчлэн төлөвлөөд байна. Тодруулбал, тойргоор явах чиглэлүүд буюу хотын баруун тойрог “III, IV хороолол-Нарны гүүр- ТЭЦЗ-Саппоро”, их тойрог “Баруун дөрвөнзам - Их тойруу - Зүүн дөрвөн зам - Нарны зам”, зүүн тойрог “Монелийн 38- Офицеруудын ордон-Сансар”, хойд буюу “Баянхошуу- III, IV хороолол-Өнөр хороолол /араар/-ГТЛ”, Хасбаатарын гудамж буюу зургадугаар бичил хороолол, хоёр Хутагтын гудамж, Сөүлийн гудамжийг хотын төв хэсэгтэй холбосон “Гэмтлийн эмнэлэг-Хасбаатарын гудамж-Ард кино театр- Сөүлийн гудамж” зэрэг таван тойрог чиглэлд 80 их багтаамжийн автобус явна.

Түүнчлэн тууш буюу хотын баруун зүүн хэсгийг шууд холбосон буюу дамжин суултгүй явах хэвтээ тэнхлэг /авто зам/ дагуу үйлчлэх долоон чиглэлд 170 их багтаамжийн автобус, троллейбус, үүнээс 20 багтаамж ихтэй угсраа автобус явах болно. Тууш буюу хотын хойд урд хэсгийг шууд холбосон /дамжин суултгүй явах/ босоо тэнхлэг дагуу үйлчлэх дөрвөн чиглэлд 72 их багтаамжийн автобус, богино эргэлтийн буюу хотын алслагдсан баруун хэсгийн иргэдийг Таван шар, Саппоро хүртэл, зүүн хэсгийн иргэдийг Офицеруудын ордон, Дүнжингарав худалдааны төв хүртэл богино эргэлтээр үйлчлэх зургаан чиглэлд 52 их багтаамжийн автобус үйлчилгээнд явна.

-Алслагдсан дүүргүүд рүү явдаг нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орох уу?

-Хот орчмын буюу Шаргаморьт, Городок, Тэрэлж, Налайх, Өлзийт, Туул тосгон, Санзай, Найрамдал зуслан, Био комбинат, Эмээлт, Хонхор, Мал бордох, Баруун түрүүн зэрэг 13 чиглэлд 68 их багтаамжийн автобус үүнээс 30 дунд багтаамжийн автобус явна. Эдгээр дунд багтаамжтай автобус нь парк шинэчлэлийн хүрээнд орж ирсэн. Тиймээс ч шаардлагатай байгаа дээрх чиглэлүүдэд явуулахаар болсон. Бусад буюу хуучин маршрутаараа үйлчлэх 30 чиглэлд 500 их багтаамжийн автобус тус тус үйлчилгээнд ажиллана.

Шинэчлэлийн хүрээнд Энхтайвны өргөн чөлөөнд 19 чиглэлийн 350 гаруй автобус үйлчилгээнд явдаг байсныг 11 чиглэлийн 250 автобус болгон өөрчлөгдөж байгаа. Тиймээс иргэд бүх чиглэлд өөрчлөлт орсон гэж ойлгож болохгүй. Зөвхөн Энхтайвны өргөн чөлөө, Таван шар, Офицеруудын ордоны чиглэлд тодорхой хэмжээний богино эргэлтүүд гарсан гэж ойлгох нь зөв. Иргэдэд шинэ сүлжээг танилцуулсан зурагт хуудсыг тараалаа. Тухайн тараагдах хуудсанд смарт карт борлуулах цэгүүдийн байршлуудыг тэмдэглэж өгсөн байгаа.

-Угсраа автобус хэзээнээс үйлчилгээнд явж эхлэх вэ. Хэдэн төгрөгөөр иргэдэд үйлчлэх вэ?

-Энхтайвны өргөн чөлөөнд угсраа автобус явах болсонтой холбоотойгоор Офицеруудын ордон, Таван шарын зэрэг автобусны буудлуудад угсраа автобус эргэх нөхцөлөөр хангах засварын ажил хийгдээд дууссан. Түүнчлэн өргөн чөлөөний урд болон хойд талын буудлуудыг угсраа автобус үйлчилгээнд явах нөхцөлийг хангасан, нэгдүгээр эгнээнд зориулан гэрэлтүүлэгч буюу цацруулагчийг зам дээр байрлуулж өгсөн.

Тиймээс энэ сарын 15-наас шинэ сүлжээ төлөвлөлттэй зэрэгцээ угсраа автобус үйлчилгээнд гарна. Ер нь зорчих үнийн хувьд 600, 800, 1,000 гэсэн гурван янзын үнэ яригдаж байгаа. Гэхдээ смарт карттай бол 500 төгрөгөөрөө л үйлчлүүлэх болно. Харин бэлэн мөнгөөр хэд гэдэг нь тогтоогдох байх.

-Хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Оюутнууд нийтийн тээврээр зорчих асуудал шийдэгдсэн байгаа юу?

-“Улаанбаатар Смарт Карт компани” оюутнуудад зориулсан 110 гаруй мянган картыг хэвлээд бэлэн болгочихсон байгаа. Оюутнуудын хувьд нийслэлийн төсөв дээр ажлын өдөр хоёр суулттай мөнгийг төсөвлөгдөж, нөхөн олговор маягаар мөнгө нь ордог. Тиймээс төсөв дээрээ үндэслээд ирж, очих суулт нь үнэ төлбөргүй байна. Харин смарт картаа 3,200 төгрөгөөр худалдан авах болно.

-30 минутын дотор дамжин суулт хийх иргэдийн төлбөрийн асуудлыг хөнгөлөх асуудал яригдаж байсан. Шийдэгдсэн үү?

-Шинэчилсэн төлөвлөлтөөр дамжин суулт хийх иргэдийн төлбөрийн асуудлыг цахим картын системтэй уялдуулж карттай иргэд 30 минутын дотор хоёр дахь зорчилтод үнэгүй явахаар зохицуулалт хийхээр саналаа хүргүүлсэн байгаа.

Гэхдээ өнгөрсөн хэд хоногт явуулсан судалгаагаар нийт зорчигчдын 80 хувь нь дамжин суулт хийж байна гэсэн тооцоо гарсан. Тиймээс алдагдалд орвол яах эсэх асуудал үүсээд байгаа учир энэ талаар ярилцаж байна. Шийдвэр гараагүй байна.

-Энгийн иргэд өндөр настаны буюу оюутны карт уншуулаад явж байгаа гэдгийг яаж хянах уу?

-Бэрхшээл мундахгүй байна. Тухайлбал, хайрцагт хийсэн бэлэн мөнгийн банкнууд тоолох гэж л хүнд байдалд орж байгаа. Тиймээс бид бэрхшээлүүдийг захаас нь шийдээд л явна. Тухайн зорчигч өндөр настны карт уншуулж байгаа эсэх мэдээлэл нь жолоочийн хажуудах дэлгэцэнд харагдаж байгаа.

Тиймээс бид тодорхой хугацааны дараа тасалбар шалгагч буюу зөрчил гаргаж байгаа иргэдэд торгууль ногдуулах эрх бүхий хүмүүсийг бий болгоно. Тиймээс буруу карт ашигласан бол тодорхой хэмжээний торгууль төлдөг болно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(211.243.52.64) 2015 оны 08 сарын 14

Tsetserleg yasla bolon Yoronhii bolovsroliin surguuliud mon Huviin Ulsiin geed buh Ih Deed surguuliud oorsdoo suragchidaa avdag surguuliin avtobusstai bolmoor yum.Tegvel Niitiin teevert neleen deg juram togtoh baihdaa.Avtomataar surguuliud oorsdiin avtobus unaatai neg surguuli suragchidaa geriinh ni oiroltsoo hangalttai ochij avdag hurgej ogdog huulindaa orullaad ogchihvol hereg tovog sanaa zovolt bagasah bolovuu...

0  |  0
Top