Аавдаа илгээх захидал
Бийрийн тань үзүүрээс бороо дусаж байна ааваа
Бурхадын чуулгантай урландаа, зочилж байна уу? та
Хээрийн цэцэгс ус амтлан цэнгэж байна ааваа
Хүний орчлонд буянаа түгээж, бурхан зурж сууна уу? Та
Будаг үнэртсэн ногоон талд минь
Будан татаад сайхан байна ааваа
Бурханы ном шиг дэлгээтэй нутагт минь
Солонго татаад гайхалтай байна ааваа
Зулай, зулайгийн зулай, зулзаган жаахан дүү минь
Зуны шинэхэн цэцэгс шиг, хоёр хөөрхөн үртэй болсон
Нас, насны намраар, өтөлжил яваа муу хүү чинь
Намрын налгар уул шиг, мундаг сайхан хүргэнтэй болсон
Бичгийн ширээ шиг тэгшхэн талд минь
Навчис бүжиглээд баясалтай байна ааваа
Найраг хурайлсан шаргал нутагт минь
Наран ээгээд жаргалтай байна ааваа
Энэрэл, энэрэлийн энэрэл, ачлалт сайхан эгч минь
Энхрий бяцхан охинтойгоо, тун сайн явж байгаа
Хүсэл, хяслын орчлонд, зам мөрөө ариусгаж хүү нь
Хүний сайхан охинтой, ижилдэн ханьсаж яваа
Өрхөн цагаан дөрвөлжин талд минь
Өвсний толгой цайраад өнтэй байна ааваа
Өлгий даавуу шиг дассан нутагт минь
Өвлийн агаар цэнгэг байна ааваа
Үр ач нараа тойруулан, үлгэрчлэн суух өвөө минь
Үүрийн гэгээтэй уралдаж, тогоочлон суух эмээ минь
Чандмань гурван үрээ, амлуулж өсгөсөн ижий минь
Үргэлж таныгаа дурсаад, амар мэнд амьдарч байгаа
Хан-уулын тахилгатай домогт талд минь
Хаврын урь ороод таатай байна ааваа
Хатан Хэрлэнгийн урсгалтай дорно нутагт минь
Харзны ус шуугиад сонсголонтой байна ааваа
Нэг нартай хорвоогоос бурхадын дуудлагаар явсан аав минь та
Хоёр төрөл байдгийг, хэнээрч хэлүүлэхгүй мэдэж байгаа болохоор
Гурван хүүхдийнхээ нэгэнд нь, хүү болж заяагдаарай
Дөрвөн улирлыг зураглаж, хойчыг минь, эхлүүлсэн шигээ авч яваарай.
Яруу найрагч Лувсаншаравын Түмэнжаргал

Сэтгэгдэл ( 0 )