Сүүлчийн шувуу буцахад уйлж үддэг Ижий минь

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 09

Дорнын шаргал өвсөнд араг үүрэн бөгтийж

Домгийн цагаан шөнөөр бүүвэй дуулсан Ижий минь
Хэзээч сөхрөхгүй сэтгэлдээ хэдэн тарни хэлчихээд
Хээрийн шаргал өвсөнд намайг хөтөлсөн Ижий минь.
Шиврээ бороон дундуур бор аргал хучиж
Ширүүн аадарт норсоор алхаж ирдэг Ижий минь
Шинийн аравдын саранд хүүгээ даатган залбирчихаад
Шинэхэн орсон цасаар цай чанадаг Ижий минь.
Хүйтэн шуургатай үдшээр гэгээн сэтгэлээ нөмөрч
Хүний хэдэн тугалыг өөрийнхтэй хашдаг Ижий минь
Халуун нартай өдрөөр ч гэрийн сүүдэрт тухлаад
Хачин сайхан дээлийг надад оёдог Ижий минь.
Шүүдэрт намрын өглөө нимгэн тэрлэгтэй жиндэж
Сүүлчийн шувуу буцахад уйлж үддэг Ижий минь
Шүүрс алдан сандрахдаа нэрийг нь дуудаад тайвширдаг
Сүүн амьтай бурхан бүсгүй заяат Ижий минь.
Таныхаа тасалж өгсөн ижил хэлхээт амиар
Талынхаа буурал хөрсийг зурж яваа болохоор
Хар дарсан зүүдэндээ ч нэрийг нь хүү нь дуудаад
Хайр тарьсан зүрхэнд нь хамт явна даа Ижий минь.

Ч.Чагнаадорж

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top