Хөгжлийн бодлого төлөвлөлтийн (2015) хуулийн хүрээнд бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээг хийх, цаашид бодлого боловсруулах, хэрэгжилтийг сайжруулахад ашиглахаар тусгагдсан.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн Банкны хооронд 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр зурсан нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд нийслэлийн Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт эрүүл мэнд, боловсролын тулгамдсан асуудлуудтай холбогдох үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээ гүйцэтгэх дэд төслүүдийг хамтран хэрэгжүүлж, тэргүүний туршлагыг орон нутгийн болон үндэсний түвшинд түгээх, үзүүлэн таниулахад хамтран ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд нээлттэй зарласан дөрвөн ажлыг гүйцэтгэхээр шалгарсан Тунгаамал төв, Боловсролын хамтын ажиллагааны Нийгэмлэг, Хараат бус судалгааны хүрээлэн, Стратеги академи зэрэг ТББ-ууд өнөөдөр нийслэл, дүүргийн орон нутгийн удирдлага болон салбарын төлөөлөлд өөрсдийн боловсруулсан бодлогын хөндлөнгийн үнэлгээ хийх аргачлал, дизайнаа танилцуулан төрийн төлөөллийн санал зөвлөмжийг хүлээн авлаа.
Иргэдийн дуу хоолойг бодлогын түвшинд хүргэх нийгмийн эгэх хариуцлагын чухал арга механизм болох бодлогын үнэлгээ хийх аргачлал боловсруулах талаарх чадавхыг бэхжүүлэх сургалт, зөвлөгөөг Дэлхийн Банкнаас эдгээр ТББ-ууд, төрийн албан хаагчид, судалгаа эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөлд үзүүлэн цаашид уг санаачилгыг туршлагыг бусад салбарт түгээхийг зорин ажиллаж байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )