Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн харьяа агентлагийн дарга нарын дунд “Ёс зүй-Сахилга хариуцлага” сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэл гэдэг бүх шатны хууль хяналтын байгууллагын анхаарлын төвд байдаг газар. Учир нь нийслэл дээр маш олон зөвшөөрлийн асуудал байдаг. Газар олгохоос эхлээд мэргэжлийн хяналт, худалдан авалтын ажиллагаа гэх мэт. Хууль хяналтын байгууллага төдийгүй ард иргэдийн нүд, чих сонсоод, хараад байж байдаг албан тушаалд та бүхэн байгаа шүү. Тиймээс бүхэн онцгой хариуцлагатай байх ёстой гэдгийг анхааруулж хэлье. Би та бүхэнтэй уулзахдаа шударга бай, төрийн албыг хууль тогтоомжийнх нь дагуу гүйцэтгэ, хувийн ашиг сонирхлыг битгий урьтал болго гэж үргэлж хэлдэг. Мөнгө улаан, нүд цагаан гэгчээр янз бүрийн хууль бус зүйлд орооцолдоод явбал Засаг даргын хувьд би та бүхнийг өмгөөлөхгүй. Төрийн хууль тогтоомжийнхоо дагуу үүргээ хүлээгээд явна шүү гэдгийг хатуу хэлье. Та бүхэн гишгэсэн мөрөө эргэж харж явах учиртай. Аливаа зүйлд гарын үсэг зурж хандах болгондоо би энэ ажлыг яаж хийх ёстой билээ гэдгээ бодож байх хэрэгтэй. Төрийн нэг мөнгө ч араасаа нэхэл хатуутай байдаг юм шүү. 60 жилийн турш та бүхний гаргасан, зарцуулсан мөнгө санхүүг хэзээ ч нээлттэйгээр олны өмнө гаргаж ирэх бололцоотой. “Би энэ ажлыг хэдэн жилийн дараа өгөөд явчихна тэгээд бүх зүйлээ дуусна” гэж бодож болохгүй.
Төрийн албаны зүгээс эсвэл улс төрийн өндөр албан тушаалтан бүхий хэн нэгэн та бүхэнд дарамт учруулж, хууль бус үйлдэл хийлгэх гэж оролдвол шууд холбогдох байгууллагад нь хэлэх хэрэгтэй. Өөрт нь тухайн зүйл хууль бус гэдгийг хэлж сануулаад, дараа нь хуулийн байгууллагад хандах учиртай гэдгийг дахин хэлье. Нийслэлийн ЗДТГ АТГ-тай 2018 оны турш хамтарч ажиллаж агентлаг тус бүрт сургалт явуулна. Хөндлөнгийн болон дотоод аудит, хяналт шинжилгээний ажлыг сайжруулж, сахилга хариуцлагыг дээшлүүлнэ.
Гэхдээ та бүхнийг итгэл, найдвартай ажиллаж байгаа гэдэгт би итгэж найдаж байгаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье” хэмээлээ.
Үргэлжлүүлэн нийслэлийн Прокурорын газраас “Зөрчлийн тухай хууль, үйлчлэх зарчим, үндэслэл, зөрчилд ногдуулах шийтгэлтэй холбоотой асуудал”-аар агентлагийн дарга нарт мэдээлэл өглөө гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )