Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

2017 оны 11 сарын 06

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Танилцуулгын дараа нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд нийслэлийн нутгийн захиргааны зарим байгууллагын шинээр томилогдсон удирдах албан тушаалтнуудыг танилцууллаа.

Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 26302 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 1.1 хувиар, гэмт хэргийн шинжтэй 1021 үйлдэл бүртгэгдсэн нь 8.8 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Явган эргүүлийн 2588 чиглэлд 4168  цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа, сонсогч, машинт эргүүлд 56 автомашинтай 112 офицер, цагдаа  үүрэг гүйцэтгэн бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 1841 иргэнийг саатуулж, биеэ авч явах чадваргүй 294 иргэнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, 78 гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлж ажилласан” гэж танилцуулав.

“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3355 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 112, зөрчлийн шинжтэй 966 дуудлагад очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 1078 ослыг материалжуулан шалгаж байна. Гудамж замд хийсэн шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.4 хувиар буурсан байна” гэж Замын цагдаагийн албаны Замын хөдөлгөөнийг зохицуулах хэлтсийн дарга хурандаа Б.Батболд хэллээ.

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн байдалд хийсэн шалгалтад 636 аж ахуйн нэгж байгууллага хамрагдсан. Эдгээрээс 192 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг зохих орон тоонд ажиллуулаагүй, ажлын байрны төлбөрийг төлөөгүй байна. Улсын байцаагчийн 116 акт үйлдэж 348 сая төгрөгийн нөхөн төлбөр тавьснаас 97 байгууллагад 277 сая төгрөгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн санд төвлөрүүлсэн. Мөн 125 аж ахуйн нэгж байгууллагад 25.4 сая төгрөгийн захиргааны хариуцлага ногдуулж, 100 аж ахуйн нэгжид 6 заалт бүхий улсын ахлах байцаагчийн зөвлөмжийг хүргүүлсэн” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Засгийн газраас гаргасан “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” албан даалгаврыг хэрэгжүүлж, үр дүнг сар бүрийн 5-ны дотор тайлагнаж ажиллах, төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, дотоод хяналт шалгалтаа сайжруулж, үр дүнг шаардаж ажиллах нь зүйтэй” гээд Нийслэлийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлээс хөрөнгө шаардагдахгүй ажлуудыг эрчимжүүлж ажиллах, он дуустал үлдэж буй хугацаанд төсвийн орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэн, төсвийн орлогын ногдол төлөлтийг бүрэн хийж, өр авлагыг барагдуулах, газрын дуудлага худалдаа, өмч хувьчлалыг шуурхай зохион байгуулснаар төсөвт төвлөрөх орлогын бүрдүүлэлтийг ханган ажиллах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн албан бичиг, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд бүх шатанд анхаарч, дутагдал гаргасан холбогдох албан тушаалтанд тухай бүр хариуцлага тооцож ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top