НИТХ-ын дарга С.Амарсайхан Налайхын үйлдвэр технологын паркад ажиллалаа

2018 оны 06 сарын 13

Нийслэлд байрлах бидний хэлж дадсанаар 100 айлын барилгын материалын үйлдвэр, худалдаа эрхлэгчдийг Налайх дүүрэг рүү нүүлгэх ажил эхлээд байгаа билээ. Одоогоор ил задгай худалдаа эрхлэгчдийн болон үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа. Тэгвэл 100 айлын барилгын материалын худалдаа эрхлэгчдийг нүүлгэх Налайх дүүрэгт НИТХ-ын дарга С.Амарсайхан газар дээр нь очиж, ажлын үйл явцтай танилцлаа.

Тэрээр “100 айлыг нүүлгэх ажил төлөвлөгөөний дагуу эрчимтэй явж байна. Энэ ажлын хүрээнд нүүлгэн шилжүүлэхээс гадна Налайхын үйлдвэр технологийн паркын дэд бүтцийн асуудлыг шийдэх шаадлага бий. Үйлдвэр аж ахуй эрхлэгчдийг үйл ажиллагаа хэвийн байх боломжийг хангах, цахилгаан, дулаан, зам гэх мэт асуудлыг тодорхой болгохоор өнөөдөр ажиллаж байна. Улаанбаатар хотод зарж байгаа бүх барилгын материал Чойр, Замын-Үүдээр дамжин орж ирдэг. Тиймээс худалдаа эрхлэгчид энд нүүж ирснээр олон дахин зөөх шаардлагагүй, нэг дор цогц үйлчилгээ үзүүлэх болно. Худалдаа эрхлэгчид цаашдаа энд төвлөрөн үйл ажиллагаагаа явуулснаар ирээдүйд эрүүл аюулгүй орчинд, илүү их ашиг орлого олох боломжтой гэж үзэж байгаа” гэлээ.

100 айлын барилгын материалын худалдаа эрхлэгчид хэдийгээр нүүлгэх саналд таатай бус хандаж байгаа ч гэсэн олон нийтийн эрх ашгийн тусын тулд, хотын хөгжлийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх тус бодлогын хүрээнд олонхи нь дэмжиж байгаа юм.  

Налайхын үйлдвэр технологын парк нь Налайх-Чойрын төв замаас 3.6 км-ын зайд байршдаг бөгөөд нийт 120 га газарт төлөвлөлт хийгдэж, зураг төсөл  гарсан байдаг. Одоогоор  тус паркийн хамгийн эхний төмөрлөгийн үйлдвэр баригдаж эхэлжээ. Юун түрүүнд эрчим хүч, автозамын асуудлыг шийдэхээр ажлын хэсэг ажиллаж байна.

НИТХ-ын ХМОНХТ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
emhee (202.21.117.98) 2018 оны 06 сарын 13

nuulgeh heregtei mash ih toosjilttoi gazar

0  |  0
Top