#BOOKTELLER: Орхан Памукын “Цас” романаас онцлох эшлэлүүд

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 16

Романы мастер гэгддэг алдарт зохиолч Орхан Памук нь 1952 онд Туркийн Истанбул хотод төржээ. Анхандаа архитекторч болохоор хичээнгүйлэн сурч байсан ч удалгүй зохиолч болох итгэл үнэмшилдээ автан, уран бүтээлээ туурвиж эхэлсэн байна. Анхны роман нь 1982 онд “Цевдит Бэй, түүний хөвгүүд” нэртэйгээр хэвлэгдэж, залуухан Памук нутагтаа нилээд ирээдүйтэй зохиолчид тооцогдох болов. Түүний дараагийн роман нь “Аниргүй байшин” /1983/ нэртэйгээр хэвлэгдэж, “Цагаан цамхаг” /1985/, “Хар ном” /1990/, “Шинэ амьдрал” /1994/ зэрэг романууд нь уншигчдад хүрсэн юм. Орхан Памукийн 1998 онд хэвлүүлсэн “Миний нэр Улаан” роман 2001 онд англи хэлнээ хөрвүүлэгдэж, 2003 онд эзэндээ Дублины "Утга Зохиолын" шагналыг авчирсан билээ.

Орхан Памук 2003 онд “Истанбул: Нэгэн хотын дурдатгал” номоо хэвлүүлж, 2006 онд Утга зохиолын төрөлд "Нобель"-ийн шагнал хүртсэн юм. Тэрбээр энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн анхны Турк хүн. Нобелийн шагнал гардсаныхаа дараа жил тэр “Хэлмэгдэгсдийн музей” романаа хэвлүүлж, Туркийн түүхэнд гарсан харгис явдлуудын нэг хэмээгддэг аймаглан устгах аймшигт ажиллагааны золиос болсон мянга мянган арменчуудын дурсгалд зориулж төрөлх Истанбул хотдоо өөрийн зардлаар "Хэлмэгдэгсдийн музей" байгуулсан билээ.

Түүний 2002 онд хэвлүүлсэн “Цас” романыг "Тагтаа паблишинг" хэвлэлийн газар албан ёсны эрхтэйгээр хөрвүүлэн хүргээд байгаа юм. Зохиолч уг романаа “Миний бичиж үлдээх цорын ганц улс төрийн сэдэвт роман” гэж тодорхойлсон байдаг.

Цас романд Ка хэмээх цөлөгдсөн яруу найрагчийн тухай өгүүлнэ. Тэрбээр Түрэгт эргэн ирж, өөрийн төрсөн газар болох Карс гээч алсын бөглүү хотыг зорьдог. Чингэхдээ шашиндаа үнэн сүсэгтэйн учир гэзэг үсээ алчуураар халхалж явдаг охидын гэнэтийн их амиа хорлолтыг сурвалжлах гэсэн хуурмаг шалтгаар түрий барьжээ. Карст очсоныхоо хойно Ка эрт цагийн сэтгэлт бүсгүй Ипектэйгээ учирдаг. Кагийн дотоод сэтгэлийн баяр баясгалан, уй гуниг хийгээд Карс хотод тасралтгүй орох их цас зохиолыг хүйтнээс зугтаах арга замыг хайх гарц руу хөтлөх хөтөч болж өгдөг. Ерөөс сэтгэл уярам, егөөтэй, оюун санааны түгшүүр зовнилоор нөр цуурайлсан "Цас" роман нь бидний бүгдийнх нь эдүгээ ахуйтай асар их хамаатай зохиол юм.

Үдшийн цагаар өнгөрсний тухай бодож суухдаа хамаг дурсамж минь ямар нэг анир гүмд нуугдсаныг олж хардаг. Намайг эзэгнэсэн тэр аниргүйн дуу хоолой эхэндээ шүлэг найраг болон гадагшилж байлаа.


 

Бид хоёулаа амьдралд итгэх итгэлээ хөсөрдүүлчихсэн улс. Энэ л биднийг холбож байгаа юм.


 

Бид эх орныхоо талаар тун бага мэддэг учраас зүрх сэтгэлдээ өөриймсүүлж, хайрлаж чадахгүй байгаа нь ичмээр хэрэг шүү. Оронд нь бид эх орныг маань гутаан доромжилж, хүн ардаас урван тэрслэгчдийг л бишрэх юм даа.


 

Хүн бүр нэг бол үхэхийг хүснэ, нэг бол энэ хотоос явахыг хүснэ. Гэвч надад эндхийг орхиод зүглэчих өөр газар байсангүй. Өөрт минь тэр үед түүхийн хуудаснаас арчигдчихсан юм шиг, иргэншлийн хүрээнээс зайлуулагдчихсан юм шиг санагддаг байв. Иргэншсэн ертөнц надаас онхи хол агаад би түүнийг дууриаж чадахгүй мэт.


 

Биднийг дорд үзэгсэд нь ихэнхдээ европчууд биш байдаг. Харин тэднийг харахаараа бид өөрсдийгөө дорд үзээд унадаг юм. Бид эх оронд маань шүглээд байгаа бурангуй ёсноос зугтах гэж бус, өөрсдийнхөө сэтгэл зүрхний чинадын чинадад хүрэх гэж даяанд гардаг шүү дээ.


 

Хэрэв хүн хэн нэгнийг бүхнээс дээгүүрт хайрлаж чадвал түүнийхээ тухай мэдвэл зохих бүх зүйлийг зөнгөөрөө мэднэ.


Ийм холоос харахад цас хэчнээн уйтай, миний амьдрал ч бас яасан түйтэй юм бэ? Нэгэнтээ амьдарч явсан хүн үйрэн бутраад орчлонд байгаагүй юм шиг арилж одно.


 

Тус тусдаа өнгөрүүлсэн хугацаа нь Кагийн хувьд тэдний янаг амрагийн сэтгэлийг бадрааснаас цаашгүй мэт санагдана.


 

Үнэндээ зовлонтой хүн бүрийг огтоос аз жаргалгүй гэж хэлж болохгүй шүү дээ. Хамгийн ихээр зовж яваа хүнд ч нууцхан тээж явдаг найдлага, тайтгарал бий.


 

Гэвч зөвхөн өөрийнхөө төлөө хэтэрхий их санааширдаг, ихэрхүү хүмүүс ихэвчлэн ганцаараа дуусдгийг бүү мартагтун.


 

Цас түүнд амьдрал гээч нь хэчнээн үзэсгэлэнтэй агаад богино зүйл болохыг сануулж, хэдий хоорондоо арцалдан тэмцэлдлээ ч ерөөс хүн гээч амьтан өнө мөнх хийгээд хязгааргүй орчлонгийн дэргэд хэчнээн өчүүхэн, амьдран буй ертөнц нь ямархан давчууг, энэ утгаараа тэд угтаа хэн хэнээсээ дээрдэхгүйг мэдрүүлнэ.


 

Цас үзэн ядагсад, сувдаг шунахайчуул, уур хилэнтнүүдийн дээрээс нэлэнхүй цагаан хөшиг хавчихсан мэт, тиймдээ ч өнөөдүүл нь бие биетэйгээ илүү ойр дотно болчих шиг сэтгэгдэл төрүүлдэг.


 

Өөр хүн болчихно гэж айх юм алга. Харин одоогийн энэ би-дээ эргэж хэзээ ч ирэхгүй болчих вий, тэр бүү хэл ийм байснаа ор тас мартчих ч юм билүү гэсэн бодол намайг хамгийн их айлгадаг. Ийм бодол л хүмүүсийг амиа хорлоход хүргэж байгаа юм.


 

Ийм гунигтай нүдтэй хүнтэй урьд нь таарч байсангүй. Би өөрөө ч тийм жаргалтай байгаа юм алга. Гэхдээ ядаж л залуу байна. Зовлон бэрхшээл минь надад хүч чадал өгдөг. Энэ насан дээрээ би аз жаргал биш зовлонг илүүд үзнэ.


Н.Даваасүрэн

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top