Энэ оны хоёрдугаар сарын 27-28-ны өдрүүдэд Вьетнамын нийслэл Ханой хотноо болсон АНУ, БНАСАУ-ын хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалт бүтэлгүйтсэн нь бэлтгэл ажлыг шаардлагатай хэмжээнд хангаагүй нэг хүний /АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп/ шоу болсонтой холбоотой гэж Маршаллын нэрэмжит Германы сангийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Хиллари Клинтоны сонгуулийн штабын гадаад харилцааны асуудал хариуцсан зөвлөх асан Лора Розенберг үзэж байна.
Тэрбээр Вашингтонд болсон тус уулзалтын талаарх хэвлэлийн бага хурал дээр “Хэлэлцээний явц үр дүнд хүрэхэд маш чухал” гээд дээд хэмжээний уулзалтын өмнө болсон яриа хэлэлцээний үеэр Америкийн хэлэлцээ хийгчдийн бүрэн эрхийн асуудал байнга тавигдаж байсан гэж онцлов. Энэ нь ялангуяа техникийн хувьд хүнд хэлэлцээний нөхцөлд маш чухал хэмээн тэрбээр ярьжээ.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун цөмийн зэвсгээс татгалзах шийдвэр гаргаагүй гэдгийг АНУ тооцоолж байх учиртай гэж Олон улсын энх тайвны төлөөх Карнеги сангийн цөмийн салбарын бодлого судлах хөтөлбөрийн захирал Тоби Далтон үзэж байна. Түүний хэлснээр, яриа хэлэлцээний бүтцийн асуудал хадгалагдсан хэвээр байна. Ким Жон Ун цөмийн зэвсгээс татгалзах стратегийн шийдвэр хараахан гаргаагүй байна гэж тэрбээр Вашингтонд болсон бага хурлын үеэр онцлов. БНАСАУ эрсдэлээс зайлсхийхийг оролдож байна. Үүнийг АНУ тооцоолох учиртай. Үүний сацуу АНУ-ын хэлэлцээрээр хүлээсэн үүргийн тогтвортой байдлын асуудал мөн хэвээр байна. Дональд Трампын засаг захиргаа АНУ-г Ирантай байгуулсан цөмийн хэлэлцээр, Парисын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хэлэлцээр зэрэг олон улсын гэрээ, хэлэлцээрээс гаргасан гэж тэрбээр тодруулаад Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон зэвсгийн талаарх харилцан ашигтай гэрээ, хэлэлцээрийг сайшаадаггүй хүн гэж сануулав. “Энэ тохиолдолд “Яагаад АНУ БНАСАУ-тай хэлэлцээ хийж байгаа атал Ирантай хийхээс татгалзаж байна вэ” гэсэн асуулт гарч ирнэ. Хариулт нь тодорхой. БНАСАУ цөмийн зэвсэгтэй, харин Иранд байхгүй. Энэ бол үнэхээр асуудалтай тайлбар”, гэж Далтон онцолжээ. Тэрбээр гэхдээ Ханойд болсон дээд хэмжээний уулзалтыг нэг бол амжилт, нэг бол бүтэлгүйтэл гэж дүгнэхэд хүнд гээд маш нарийн, төвөгтэй асуудлыг дээд хэмжээний уулзалтаар шийдвэрлэх нь эрсдэлтэй гэж үзэж байна. Хүнд асуудлыг шийдвэрлэхэд цаг хугацаа шаардлагатай.
АНУ, БНАСАУ-ын хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалт Вьетнамын нийслэл Ханой хотноо хоёрдугаар сарын 27-28-нд болсон. Уулзалт төлөвлөсөн цагаас өмнө, хамтарсан баримт бичигт гарын үсэг зуралгүй дууссан. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ким Жон Унтай тохиролцоонд хүрч чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ талууд үргэлжлүүлэн холбоотой ажиллах аж. Цагаан ордны зүгээс энэхүү уулзалтыг үр бүтээлтэй болсон гэж дүгнэсэн. Талууд БНАСАУ-ын цөмийн пуужингийн хөтөлбөрийг царцаасны хариуд хориг арга хэмжээг цуцлах асуудал дээр гол нь тохиролцоонд хүрч чадаагүй гэж Трамп мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )