Ямар азаар манай ангиас нэг хос төрсөн юм. Хоёр, гурав байгаад, хэрэв нэг өдөр хуримаа хийсэн бол балрах байж. Яг хэнийх нь хуриманд очих вэ? Анги даяар үймээн шуугиан, зөрчил тэмцэл насан туршийн маргаан болох байсан биз. За, энэ ч яахав.... Өнгөрсөн баасан гаригт хоёр кино зэрэг нээлтээ хийж, идэвхтэй үзэгч би хүртэл сандрав. Тэгээд л ингэж бодогдсон хэрэг. Сүүлийн таван жил кино нээлт алгасахгүй, нэг ч урилга үхүүлэхгүй яваа миний хувийн рекорд алдагдах гээд байгаа юм чинь. “Тэнгэрээс буусан од”, “2000” кинонууд сэдэв агуулга, ур хийц, ер нь аль ч талаараа тэнгэр, газар шиг ялгаатай боловч нэг өдөр нээлтээ хийснээрээ хүссэн хүсээгүй харьцуулагдаж байна.
ХҮЙСИЙН ТУЛААН
“Хувьсал” бол мэдээж Гавьяат жүжигчин У.Уранчимэгийн шавхагдашгүй авьяас, билэг оюун дээр тогтож яваа продакшн. Жүжигчид орж гарах, сурч хүмүүжих “өдөр өнжүүлэх”-ийн багш нь тэр өөрөө. “2000” бол тал талаас цугласан, сор эрэгтэй жүжигчдийн бүхэл бүтэн армийн бүтээл. Нэг бүсгүйн эсрэг ямар олон “хар юм” бэ? Хүний олон ямар хүнээ барих биш. Хэвлэлийн хурал дээр ярайтал суусан залуус Гавьяат жүжигчин У.Уранчимэгийн анх удаа хийсэн live-аас бага анхаарал татав гэхчлэн үзэгчид маргаж эхэлжээ. Мэдээж аль алиных нь хувьд энэ бүхнийг санаатай хийгээд байгаа юм биш, нөхөд өө. Улирал нь, цаг хугацаа нь тэгээд таарчихсан юм. У.Уранчимэг тийм агуу амьтан уу? Цаадах чинь байнга хувьсаж байдаг адтай хүн. Урлагийн хүн нийтэд ил тод амьдрах, дээр нь үргэлж шинэ ногооны салат шиг фрэш мэдрэмж төрүүлж байх хэрэгтэй. У.Уранчимэг тийм байж чаддаг хүн. Тиймээс эсрэг талын залуусаа нээлтээсээ өмнө санамсаргүйгээр “үсдээд чирчихлээ”.
КИНО САЙН БОЛСОН УУ?
Хааяа нэг танилуудтайгаа таарна, амьдрал дээр. Бидний яриа нэг л сэдэв дээр огтлолцдог. Ажил карьер, хэдэн нийтлэл бичиж хэдэн лайк хамсан энэ тэр падлий ч байхгүй. Хувийн амьдрал, хэдэн хүүхэдтэй болсон гэдэг үргэлж нэгд тавигддаг чухал ярианы сэдэв. Кино бас адилхан. Хэдэн төгрөг зарав, хэр удаан, хаана зураг авав, хэн хэн тоглов яав ийв, тэр яахав кино сайн болж чадсан уу? Энэ л чухал.
“2000” сор жүжигчид дээр ханасан, “цус үзсэн” тоглолт хийж чадаагүй. Яг нарийн яривал хийлч Дээгий тэр олон эрчүүдээс хэд дахин эр зориг, эрч хүч гаргалаа. Түүний хувьд анхны кино байсан болохоор ир нь мохоогүй байсан биз. Бүх кинонд шахуу орж гарч явдаг жүжигчид бол тавагтай шөл халбагдаж байгаа юм шиг л энгийн хандсан байна билээ. Манай жүжигчид эр, эм гэлтгүй биеийн жин, эрүүл мэнддээ анхаармаар байна. Тулаант хэсэг дээр зүгээр гүйж байхдаа гадны нөлөөгүй үхчих гээд яасан ч хэцүү харагддаг юм. Арай хөнгөн шингэн нь С.Болд-Эрдэнэ. Тэглээ гээд яах юм, тэрний дүр үхэж дуусах ёстой байсан болохоор дуртай дургүй үхэж байгаа юм. “Single ladies 3” кинонд тоглосон Б.Сансармаа гэж бүсгүй тэр дунд бүр суваг барихгүй, асуудлаа ойлгохгүй давхиж явах юм. Бага зэрэг ном уншвал монгол охид, ноёны охин тэр тусмаа цэвэр ичимтгий ёс суртахуунтай, эрдэм номд төгс байсан талаар бичсэн байдаг. Хэзээ гэрт нь хүн орж ирэхээр өөдөөс нь тас ширтээд гөлрөөд байсан юм бэ? Ядаж байхад хөөрхий амьтныг байсгээд л татаж харуулах юм. Магтаал хор болно гэдэг шиг олон харуулж, од болгох гэсэн биш хүүхдийг баллаад хаячихлаа шүү дээ. Тэгээд учир нь олдохгүй баахан залуус хүүхнүүд байна, хэн нь хэндээ дурлах гээд байгаа юм. Ямар учраас хоёроор нь хэлхэж тавиад байдаг юм бүү мэд. Хамгийн чухал нь кино ч тэр, албан байгууллага ч тэр хувь хүмүүсийн харилцаа ч тэр нэг л толгойтой байх ёстой. “2000” гол дүргүй кино юм уу гэмээр. Яг хэн нь гол дүр юм бүү мэд. Дээгий гол дүр юм уу гэхээр тэгсгээд алга болгочихно, Онолт юм уу гэтэл үхчихлээ. Яг үнэндээ төөрчихсөн. Хүний киноны өмнөөс нервтэж суудаг бас илүү зан л даа. Би зүгээр л кино болгон сайн болоосой гэж хүсдэг кинонд дуртай л хүн. Байнга бичиж суудаг болохоор уншигчидтай мэдрэмжээ хуваалцах дуртай. Уран бүтээлчдийг няцааж нухчин дарах гэсэнгүй. Ойлгоогүй зүйлсээ бичсэн тул хүлцэл өчье. Мэдээж шигтгээ хэсгүүд байсан, бүхэлдээ муу гэж хэлэхгүй.
“Тэнгэрээс буусан од” киноны нээлт “Хувьсал” продакшны урьд урьдны нээлтүүдээс хамгийн муу болсон. “Зайсан хилл” гэж нэрнээс цаашгүй газар байна, үнэхээр. Кино нээлт болоход тун тохиромжгүй, маш эмх замбараагүй нөхцөл байдалтай байв. “Хувьсал”-ын киноны нээлт тун далайцтай гоё болдог гэдэгт аль хэдийнэ дассан байсан мэдрэмж юу ч байхгүй болсон. Гавьяат жүжигчин У.Уранчимэг "45х45" сургалтаар жүжигчин болох сонирхолтой бүх хүмүүсийг нээлттэй хүлээж авах болсон талаараа ярьж байсан. Тэр өөрийн кинондоо мэргэжлийн бус хүн олж тоглуулахдаа малд нүдтэй гэдэг шиг гаршсан бололтой. О.Мөнхдалай загвар өмсөгч мөртлөө түүний гараар ороод их “эвдэрч” байгаа. Ясны жүжигчин шиг барилтай болчихсон кино нээлтэн дээрээ СТА зүүж байна лээ. Мэдээж номыг нь үзэж, ногоотой шөлийг нь идэж, амьдралынхаа дөрвөн жилийг СУИС-т үдэж байгаа, үдсэн залуус эгдүүцэх нь гарцаагүй. Кинон дээр байгаа бас нэг "зэвүүн" дүр бий. Батнямбуу гэрлийн найруулагч. Тэгснээ харахад л жихүүдэс төрөм киноны сөрөг дүрийг маш чадварлаг бүтээсэн. Тэр бас л У.Уранчимэгийн “бүтээл”. Хэрэв энэ янзаар цааш үргэлжлэх юм бол мэргэжлийн бус хүмүүс У.Уранчимэгийн гараар орж, мэргэжлийнхний тайзыг булаах нь цаг хугацааны асуудал болох нь. Дээр нь үзэгчдээс маш өндөр үнэлгээ авч байгаа энэ киноны зохиолч нэг годогносон охин, Г.Бямбасүрэн шүү дээ. Дуулна, бүжиглэнэ, кино зохиол бичнэ. Нас залуу, цус шингэн түүнийг мэдээж У.Уранчимэг арчилж тордсон нь тодорхой байна.
Товчхондоо байж боломгүй хэзээ ч хоол хийлээ гэхэд амттай болохгүй материалаар Урнаа тансаг хоол бэлтгэж орхижээ. Хүлээн зөвшөөрөхөд хэцүү боловч тэр ганцаараа Монголын сор жүжигчид чуулсан киног бут цохиж, тоосон дундаа үлдээв. “Тэнгэрээс буусан од” үзэгчдийн тоогоор тэргүүлж байна. Урнаа Монголын кино урлагт хөл тавьсан цагаасаа хойш үргэлж дуулиан шуугиан дагуулж ирлээ. Тэр киноныхны хувьд магадгүй хар дарсан зүүд нь байх. Киноны хувьд маш үзэсгэлэнтэй, романтик, сэтгэл хөдлөм болсон. 20 жилийн ойдоо зориулж хийсэн бүтээл учир туршлага, мэдрэмж, сэтгэл аль аль үнэртэж байна билээ. Тохиолдлоор нэг кинонд цугласан жүжигчдийн хийсэнтэй үүнийг харьцуулашгүй л дээ.
Ингээд харахаар, “2000”-ын хувьд яалт ч үгүй час өдөр байлаа. Түүхэн сэдэв, монгол ахуй гэж киночид нэг хэсэг шуурлаа, одоо ер нь ханачихжээ. Юм хэтрэхээрээ утгаа алддаг. Бүх урлагийн дотроос кино урлаг хамгийн агуу нь. Сэдэв хаа мундах вэ. Гол нь үзэгчид юу хүсэж байна, нийгэм хаашаа явж байна, яавал тэдний сэтгэлийг цэнгүүлэх вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй. Нэг киноны ард маш их хөдөлмөр, цаг хугацаа, хөрөнгө мөнгө урсдаг гэдгийг бүгд мэднэ. Киночид огтхон ч савлаж болохгүй юм байна. Нэг бүтээл нь сайн нөгөөх нь муу гэдэг ойлголт байдаггүй бололтой. Яагаад? Үзэгчид үргэлж өндөр хүлээлт тавьж хөөрөн дэгдэж яаран яаран очдог учраас та нар минь битгий алдаарай.
Сэтгэгдэл ( 1 )
yostoichigdoo, 2000 gedeg kino yostoi hoshin shog. Hairan shn jujigchid tiim yumand togloj bdg. Ichij uhmeeriin. Duruud ni tohiroogui, hereg alga, tiim yum hiij bdg