Умард Атлантын Гэрээний Байгууллага буюу НАТО өнөөдөр /2019.04.04/ 70 жилийн ойтой золгож байна. НАТО нь орчин цагийн түүхэн дэх хамгийн удаан “амьдарч” буй цэргийн эвсэл болж байна.
1949 онд хуучин Зөвлөлт Холбоот Улс болон социалист орнуудыг эсэргүүцэх зорилгоор байгуулагдсан НАТО хүйтэн дайны дараа Транс-Атлантын аюулгүй байдлын эвслийн хувиар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байна.
1949 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Бельги, Канад, Дани, Франц, Исланд, Итали, Люксембург, Нидерланд, Норвеги, Португал, ИХ Британи, АНУ зэрэг 12 улс орон НАТО-г үндэслэн байгуулсан. Эвслийн бүтэц АНУ-ын цэргийн командлалын бүтэцтэй ижил. НАТО-гийн цэргийн хорооны дарга бодлого, стратегийн чиглэлээр Ерөнхий нарийн бичгийн даргад зөвлөгөө өгөх үүрэгтэй. Тус эвсэл дэх хоёр дахь дээд албан тушаал нь Холбоотны дээд командлагч ба үргэлж АНУ-ын генерал энэ албан тушаалыг хашсан түүхтэй.
Одоогоор АНУ, Их Британи, Франц улс тус эвслийн хамгийн хүчирхэг гишүүд хэдий ч НАТО-гийн төсөвт хамгийн их хувь нэмэр оруулдаг орнуудын тоонд АНУ, Грек, Их Британи, Эстон, Польш, Румын ордог байна.
1966-2009 оны хооронд Франц улс тус эвслээс гарч байсан бол 14974-1980 оны хооронд Грек улс гишүүнчлэлээсээ татгалзаж байсан түүхтэй.
НАТО-гийн гишүүн орнуудаас өөрийн байнгын армигүй цорын ганц улс нь Исланд улс. Хэдийгээр Исланд энхийг сахиулагчидтай ч тус улс байнгын арми байгуулахгүй гэсэн нөхцөлтэйгөөр НАТО-д элсч байжээ. Газар зүйн хувьд Атлантын далайн бүс нутагт стратегийн байршилд оршдог Исландыг Канадын цэргийн нисэх хүчин хамгаалдаг байна.
Сэтгэгдэл ( 0 )