Тун саяхан Улаанбаатар хотын "Norphei" арт галерейд "Улаанбаатар" нэртэй үзэсгэлэн дэлгэгдэв. Үзэсгэлэнг гаргаж буй уран бүтээлч бол ХБНГУ-ын Берлин хотын уран бүтээлч, хүүхдийн номын зураач Патрициа Тома юм.
Та бүхэнд "Улаанбаатар" үзэсгэлэнгийн тухай ХБНГУ-ын Бонн хотын урлагийн музейн куратор Сабина Лесманны нийтлэлийг хүргэе.
Үзэсгэлэн зургаадугаар сарын 22-ныг хүртэл "Norphei" арт галерейд гарна.
***
Сэвшин үлээх салхи Улаанбаатар хотыг нөмрөн авчээ. Аль эсвэл мөнхүү хотод хөшиглөн тогтсон утаа, тоос, анивчих гэрлүүд энэ юм болов уу? Патрициа Тома эл ер бусын өнгө төрх, өргөн уудам хэв шинжийг эрэлхийлэн Улаанбаатар хотыг зорин иржээ. Хэдийгээр тэрбээр өөрийн бүтээлүүддээ эл хотын өнцөг булан бүрийг бүхнийг нарийвчлан дүрсэлсэн ч нийслэл хот өөрийн учир битүүлэг агаад нууцлаг шинжээ хадгалан үлдсэн гэлтэй. Эсвэл энэ "хот" гэдэг ердөө үлгэрийн ертөнц юм болов уу? Уран бүтээлчийн нүдээр ажихуйд тал нутаг болон хотын зохицол яг л дэлгэсэн зураг мэт өргөн уудам руу алсарсаар, бүхнийг өөртөө уусган нэгтгэх шиг.
Улаанбаатар хотод нарийн бөгөөд урт урт гудамжууд, барилгын фассад, аж үйлдвэрийн бүсүүд сунайн тогтоно. Энэ мэт зураглал дахин дахин давтагдах аж. Учир нь Улаанбаатар хотын орчин тойрон гарт баригдам ойрхон хэрнээ улам бүр л алсран холдсоор байна. Нимгэхэн цаасан дээр буун, бүдгэрсэн будгийн ул мөр Улаанбаатар хотын дээгүүр татсан сиймхий гивлүүр мэт сэтгэлийг анирдан тайвшруулна. Сэтгэл дотор эзгүйрэн сүйрч буй эл газар ямар нэгэн харууслын мэт. Эс бөгөөс соёлын эрс тэс ялгаанд гайхширч хоцорсон өгүүлэгчдийн нутаг уу?
Монгол улсын нийслэл хот уламжлал болон орчин үеийн хоршил, хил хязгааргүй ба өргөн уудмын уусал билээ. Нэгэн хэвийн угсармал барилгууд нь шил шилээ даран гэр хороололтойгоо залгана. Харин тэндхийн оршин суугчдыг уран бүтээлч бүтээлдээ тусгасангүй. Аж үйлдвэрийн талбай, яндан хоолой, гудамжны хайс, цахилгааны шонгууд нь эгээ л нэг галзуу хулгана мэтийн тоглоом лугаа мушгиралдан Асар том зар сурталчилгааны самбар, хүүхдийн тоглоомын гулсууртай холбогдон үзэгдэнэ.
Хотод хүн ам маш шигүү суурьшжээ. Машинууд нь гэрийнхээ чанх өмнө зогсоно. Харин хотын иргэд нь хаачаа юм бол? Улаан, хөх хурц тод өнгийн элементүүд саарал дэвсгэрээс ялгарах хэдий ч амьд бүхэн бүдэг бадагхан. Патрициа Тома "quot:Улаанбаатар:quot" хэмээх цуврал зургуудаараа анир чимээгүйг тунхаглан харуулахыг хүсжээ. Орчин үеийн барилга байгууламж хэдий их ч өргөн уудам нутгийн эл хуль байдлыг хулжааж үл хүчирнэ. Тэрхүү жихүүдэс төрүүлэм үзэгдэл өрнүүн, хөл хөдөлгөөнтэй тайз болон хувирах агшинг үзэгч сэтгэл түгшин хүлээх мэт. Зөвхөн цөөхөн хэдэн хүн л энэхүү тайзнаа залрах жүжгийн үзэгдэлийг олж харж чадах юм шиг.
Уран бүтээлч биеийн тамирын хувцас өмсөж, туузан зангилаа зүүсэн охидыг цаасан дээр амилуулан зуржээ. Орчлон ертөнц тэр чигээрээ л тэднийх атал тэдгээр багачууд яг л харийн хүмүүс шиг санагдах аж. Агшин хором энд үүрд мөнх үргэлжилнэ. Дугуй унасан бяцхан охин хөдлөлгүй зогсож, өөр нэгэн охин тэмээ унаж буй нь нүднээ тусна. Балетын бүжигчний хувцастай охин эзгүй хоосон үйлдвэрийн талбайгаар хөл нүцгэн алхана. Улаан өнгө түүний хүч чадал, шинж төрх, мөнхүү эмзэг байдлын илэрхийлэл болжээ.
Сэтгэгдэл ( 0 )