Хөгшин нохойн цуглуулсан “булуу”

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 24

Баярлаж бичсэн тэмдэглэл

Хүсэх зорихын шалтаг, боломж бололцооны шалтаг, төр түмний хандсаны шалтгаас үүдэн, мулгуу миний бие энэ дэлхийн, цөөн гэж хэлж болмооргүй орон улсад очиж үзжээ. Онгоцны буудлаас “GATE”- ээ олоод онгоцонд ороод “SEAT”-аа олоод нэг юм яваад л байж дээ! Зохиолч гэдэг “хүн амьтан” үзэх, унших хоёроос хол байж болохгүй заяатай хүмүүс... Гэхдээ би уншсанаа хүнд гайхуулсан, гэгээрсэн дүр эсгэсэн нарыг чамлаж, нүдээ нуусан ихэмсэг нэгэн байж чадсангүй, гэрэлд гялтайж, сүүдэрт бүдгэрсэн, газар шороо үнэртсэн, сэтгэлээрээ салхилсан нэгэн Бодгаль байлаа... Залуугийн цагт бусад орон улсын хөгжил дэвшил, үзэсгэлэнт байгаль, ёс заншлыг л гайхаж зөвхөн харах, дурсахын тэнхэлтэй явж... Насан өтлөхийн цаг дор, миний Монголтой түүх соёлын хамааралтай юу байна. Миний Монголыг яаж үздэг, үнэлдэг тухай л удмын цус, сэтгэл хоёр минь тэмтрэх болдог юм байна... Перс хивсний хээнээс Монгол хээ эрээд, Арабын (миниютр) хавтгай зурагнаас, араб хувцастай Монголчууд байна... гэж хардаад явах болчихож... Энэ мэтийг эс өгүүлэн, өгүүлэх ину!

**********

Би Хятад оронд явж байхдаа “Монгол-Юан гүрний соёл” (Mongol- Yuan culture) гэдэг номтой нүд харгав. 1990 оноос хойш монголчууд есөн хөлт цагаан тугийг үйлдэж, Улсын их баяраар цэнгүүлдэг заншил тогтсон... Их Монголын цагаан туг ямар байсан бол гэсэн оньсого л бидэнд байсан. Бид нэг их хол алдсангүй бололтой. Дээрх номонд хашаар хийсэн цагаан тугны бичил хийцний зураг тавигджээ... Тойроод есөн туг байж уу? Есөн тулгуурт нэгэн туг байж уу? гэдэг санаа лав л тэнэг миний сэтгэлд эргэлзээ төрүүлсэн оньсого хэвээрээ...?!! Энэ (зураг 1) олдвор бололтой юм... Онго шүтээн маягтайгаар овор багатай, хас чулуугаар үйлдсэн мэт. Энэ зурагтай жишихэд бид Их цагаан тугныхаа тухайд, оройн зэв, сэрээг ойролцоо “буудсан” байх юм...

 **********

Нэгэн өлзийтэй гэмээр өдөр. Ид дунд насны нанхиад, их тогтуун ухаалаг нүдтэй хүнтэй тохиолоор танилцав. Хятадын хас эрдэнээр бүтээсэн бүтээлийн цуглуулгатай “чулуужсан баян” хүн гэж миний “хэлэмч”, өвөрмонгол зураач сийлбэрч хэлэв. Бид хоёр бие биендээ таалагдав бололтой... Тэр – би энэ насаараа хас чулуун бүтээл цуглуулсан гэлээ... Би – энэ насаараа үг цуглуулсан гэж хэллээ... Хөөрөгний чулуу ч мэдэхгүй би өөр юу ярихсан билээ... Энэ уулзалт анхных мөртлөө, эртний юм шиг дотно байлаа. Тэр нанхиад эр – танд нэг чухал зүйлийг хэлье! Яаж хадгалахаа та мэдтүгэй! гэв. Би гайхав. Тэр – Чингисийн Их цагаан тугны зэв надад бий шүү! гэлээ... Зөвшөөрвөл маргааш авчирч үзүүлье гэвэй! Би үл итгэх, баярлах хоёрын дунд хачин болов... шөнө нойр хүрдэггүй! Би чинь яах аргагүй Монгол хүн юм байна! гэж давтан ухаарч “урт” шөнийг барав...

 **************

Маргаашийн нь бага үдэд, нөгөө хүн, хоёр хүн дагуулчихсан (“хэвтүүл” нь бололтой) ирэв. Нилээн том нандин, торгон гадартай хайрцаг задлан нөгөө тугны зэвийг үзүүлэв. Би балгардав. Их цагаан тугны зэв ийм л байж дээ! гэж бүүр автагдав. Зургийг нь авахыг зөвшөөрөв... 43,5 см-ын өндөр, “үзүүр тохой” хэмжээтэй. Тэнгэрт цоройсон чоно зуусан хас чулуун гилбэртэй юм. Тэр хүн – миний цуглуулсан хас чулуунууд дотор ийм хаш байхгүй! Гайхалтай хас чулуу гэлээ... Хоёр талдаа бичигтэй, бүдүүн өнцөгт нь “Тэмүүжин” гэсэн хятад үсэгтэй тамгатай... Хүрлээр цутгасан, гүн нүхтэй суурьтай юм... (зураг 2) Нэг гараар даахааргүй хүнд юм билээ... Би бас эргэлзэж сумны зэв юм бол уу гэж нэгэнтээ бодсон. Ийм хүнд зэв, нумын хөвчнөөс яаж нисэхсэн... билээ гэж өөрийн бодлоо аргадав... Хас буу тамга, Хас төр гэж сурвалж бичигт их гарах! Магадгүй хас гилбэрт туг, байсан байж мэднэ. Ер нь Монгол эзэнт гүрний есөн хөлт туг ийм зэвтэй байсийм болов уу? гэсэн итгэл үнэмшилд хүрч, баярлах ч шиг сэтгэл нэгэн хөөрцөглөв. Магадгүй Их цагаан тугны зэв ийм байсан гэхэд үгүйсгэх зүйл бага ч юм шиг... Хаш бүтээл цуглуулагчийн хэлэх нь: -Би өдий жил хашаар хийсэн бүтээл цуглуулахдаа, Ийм гэрэл татсан хаш, энэнээс өөртэй тааралдаж байгаагүй... гэв. Энэ гилбэр хоёр талдаа бичигтэй байлаа... Энэ үгнүүдийг тайлах гэж ӨМӨЗО-ны эрдэмтэд, Хятадын судлаачдын уншсан таамаглалтай бичвэр надад байна... Би монгол эрдэмтэн мэргэдээрээ тайлуулж, эцэст нь харьцуулахад нь хэрэглүүлэх гэж нандигнан хадгалж байгаа...

зураг 3, 4 Миний энэ баярласан тэмдэглэлийг уншаад, түүхч эрдэмтэд минь анзаараасай билээ... (зураг 3, 4) Их цагаан тугны оройн зэв нь хас зэв зуусан чонотой, энэ гилбэр байж наран, саранд гялалзаж байхыг харах өдөр ирээсэй... билээ... гэж ихэд бодно. Монголын их мэргэдийн оюун ухаанд би сэдэл өгөхийг л хүсч байна...

Аман хэлэнд “Гүүгэн” гээд яригддаг Бээжин хотын хааны ордонд үүнтэй ижил, жижигхэн (18,4 см х 4,9 см)-ын харьцаатай мөн л хас гилбэр зуусан чонотой, бичиггүй гилбэр хадгалагдаж байгааг олж үзэв. “0240” дугаартай үнэт үзмэр нь ажээ... (зураг 5)

Бидний монголчуудын судалж сэргээсэн, есөн хөлт тугны тойрсон туг нь ийм гилбэртэй байсан ч юм билүү? гэж бодогдлоо... Үнэнийг хэлэхэд эдгээр дурсгалт зүйлсийг хараад, барьж үзээд, хөөрөг ч барьдаггүй мунхаг бивээр хөхсөн, сураг бодлын баяр мандаж, сэтгэл хөөрснөө хүмүүстэй хуваалцаж байгаа нь энэ! Миний баярласан тэмдэглэл..! Хамгийн эцэст Том зэвийг хадгалагч Нанхиад эр, нэрээ хаягаа нууцлахыг эцэст нь хүссэнийг дурьдсу...

 

“Уцаар” хүрсэн тэмдэглэл

ӨМӨЗО-ны алдартай цуглуулагч Чингистэй, Нууц товчоотой холбоотой, ихээхэн зүйл хуримтлуулсан дэлхийн энтэй цуглуулга хийсэн Балжинням гэдэг хүн, насаараа цуглуулсан зүйлсээ Шилийн хотын нэгэн сургуульд шилжүүлсэн байх юм. Дэлхий дахинд хэвлэгдсэн номын цуглуулга, зураг, онго, тамга, бэлэг дурсгалын бүтээл олон байна. Би нэгэн зурагтай нүд харгав. (зураг 6) Чингис хааны эш хөргийг хуулан зурахдаа өрөөсөн нүдийг нь тас аниулан зуржээ... Нөгөө нэгэн зураг дээр (зураг 7) мөн Чингисийн эш хөргөн дээр “есөн нүд” тараан байрлуулж зуржээ... Уран зургийн ертөнцөд янз бүрийн эрэл эгээрэл байж болно л доо! Би уран зургийг төгс ойлгодоггүй ч ойлгох гэж өөрийн чинээндээ “зүтгэдэг” нэгэн... Энэ зургуудыг удаан харлаа... Уншигч танд үзүүлэх гэж зургийг нь авахууллаа. Алдарт зураач Леонардо да Винчын “Жоконда”-д нүдний шил зүүлгэж, рок дуучин шиг баахан зүүлт бөгж зүүлгэн фото зохиомж хийж, “дотоож сэмбэн” /бидний ярьдаг футболк, буфайк/ гэгч цамцан дээр буулган хийсэн байхыг, хүмүүс өмсч явахыг Америк, Италид үзэж л байсан...

Би нэг их сэрдхийгээгүй! Агуу зураг, гоо сайхнаар тоглох юм даа! гэж бодогдоод л өнгөрсөн... шинэчлэл нээлт, эрэл гэж бодогдсонгүй, их ашиг борлуулалтын төлөө л бодож олж дээ! гэсэн шүү юм бодсон... Агуу их Чингис хааны энэ хоёр зургийг хараад миний сэтгэл тавгүйцсэн... Түүх, төрт ёсыг яаж ч болно гэдэг элийрсэн хүмүүсийн бодолтой би хэзээ ч таардаггүй! Орчлон гэдэг тоглох тохуурхах юмаар дүүрэн. Очиж очиж Чингисийн эш хөрөг дээр ингэж тоглох надад хачин сэтгэл, харам, дургүйцэл төрүүлээд зогссонгүй, удаан бодох бухимдал авчрав. Би түүх, цус хоёроо л өмөөрч байгаа нь тэр юм байх даа... Чингисийн өрөөсөн нүдийг аниулан зурдаг нь ямар өгүүлэмж, ёр ёгтлол агуулж байгааг би ойлгохгүй юм билээ... Тарааж цацсан есөн нүдийг ч гэсэн? Бурхдын нигуурт ингэж халдвал, сүслэх хүн гарах болов уу? Ямар их дургүйцэл, үзэн ядалт асах бол доо? Чингис хаан бол Монгол түүхийн бодит Бурхан. Бидний сэтгэл зүрхэнд байдаг эрхмийн дээд шүтээн! Чингисийн алдаа оноогоор тоглох гээд дэлхий бараагүй юм шүү!!! Чингисийнхээ төрсөн өдрийг ч зөв товлож чадахгүй, шинжлэх ухаан, түүх судлалаа шоовдорлосон бид нар ч ингэж л доромжлогдохоос ч яахав гэж ч бодож сэтгэл алаглав... Шүтэн биширдэг юманд нь ингэж хандвал өгөөмөр царайлах улс түмэн бий болов уу? Жижигхэн гэхдээ сэтгэлийн гижиг хүргэсэн ийм хоёр зурагтай тохиолдсоноо бичихгүй байж ч чадсангүй... Аллахыг (Мухаммед) ингэж зурвал, Лалын ертөнц Муслимууд яах бол?? Хэцүү юм болноо доо! Би энийг эсэргүүцье! Устгая! гэж бичээгүй шүү! Байж л байг! Бид өөрсдийгөө хүндэтгэдэг, бас үзэн ядагчтайгаа сэрж ухаарч явахад хэрэгтэй ч юм шиг... Надад ном ч болчихоор, “хөгшин нохойн цуглуулсан булуу” бий... Үргэлжлүүлэн дэлгэхэд болох! Буруу бүхнээс түүх, ирээдүй хоёр хонзонгоо авдаг юм чинь дээ! (үргэлжлэл буй...)

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч,Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн ЛХАГВАСҮРЭН

"Зиндаа" сэтгүүл 2018 он. №01 (08/508) дугаарт нийтлэгдэв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top