Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас /НИТХ/ нийслэлийн иргэдийн ая тухтай амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх таатай боломжоор хангахын тулд нийтийн эзэмшлийн 32 байршил бий болгосныг зарлалаа.
Цаашид зарлагдсан 32 байршилд барилга бариулахгүй ба арчлалт, тохижилтын ажлыг дүүргийн Засаг дарга нартай гэрээ байгуулан, жил бүр дүгнэж ажиллахаар зохицуулжээ. Ийн зарласан нь нийтийн эзэмшлийн талбайг хувь хүн, ААН-д алдахаас сэргийлэх, нийтээрээ хяналт тавих давхар зорилготой аж.
Энэ талаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Газрын менежмент төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Отгонбаатар “Өнгөрсөн долоо хоногт болсон НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар 32 байршлыг тогтоон “Нийтийн эдэлбэр газар”-аар бүртгэн баталгаажуулсан. Өмнө нь НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009-2010 онд нийт 86 байршилд эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга, байгууламж барихыг хориглосон удаатай. Гэвч бодит байдал дээр зарим байршилд нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгогдсон, бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн байна. Судлаад үзэхэд тухайн үед тогтоогдсон 86 байршлын эргэлтийн цэгийг нарийн тогтоож, газрын мэдээллийн санд бүртгээгүй. Мөн тухайн байршлуудаа байгууллагуудад хариуцуулж өгөөгүй, хяналт сул байснаас энэ бүхэн болсон байна. Тиймээс энэ сарын 2-ны өдрийн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтээр зүй зохистой ашиглах, хамгаалах зорилгын хүрээнд иргэдийн аюулгүй, амар тайван амарч, зугаалж чадахуйц, улс төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн хөшөө дурсгал, урлагийн бүтээл бүхий байгууламжтай ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн 32 байршлыг “Нийтийн эдэлбэр газар”-т хамааруулан тогтоож, нийтээр ашиглах, цаашид бусдын эзэмшил, ашиглалтад олгохгүй байх, барилга байгууламж барихыг хориглож шийдвэрлэсэн" гэлээ.
Мөн төрийн албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болж нийтээр эзэмших хэд хэдэн газрыг бусдад эзэмшүүлсэн тогтоолыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хүчингүй болгожээ.
Тодруулбал,
- УДЭТ-ын өмнөх талбайг Улаанбаатар капитал компанид 15 жил эзэмших эрх өгсөн байсныг хүчингүй болгосон.
- Сүхбаатарын талбайн өмнөх авто зогсоол бүхий газрыг бусдад эзэмшүүлсэн байсныг хүчингүй болгосон.
- Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Тэмээтэй хөшөөний талбайг чөлөөлсөн байна.
“НИЙТИЙН ЭДЭЛБЭР ГАЗАР”-Т БАГТСАН 32 БАЙРШИЛ
Баянгол дүүрэг
- Энхтайваны өргөн чөлөө, Тамар замын дээд сургуулийн урд талын цэцэрлэгт хүрээлэн
- Өндөр гэгээн Занабазарын гудамж дагуух ногоон байгууламж
- Л.Энэбишийн өргөн чөлөө, С.Амарсанаагийн гудамжны уулзвар, Л.Энэбишийн хөшөөт цогцолбор, орчны газар
- Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 57-р байрны баруун талын цэцэрлэгт хүрээлэн
- Эрчим хүчний гудамж, ТЭЦ-4-ийн зүүн хойд талын цэцэрлэгт хүрээлэн
Баянзүрх дүүрэг
- Токиогийн гудамж, Имарт-Чингис дэлгүүрийн замын зүүн талын ногоон байгууламж
- Дарь эхийн гудамж, Дамбын рашааны орчмын цэцэрлэгт хүрээлэн
Сонгинохайрхан дүүрэг
- Орон сууцны 13-р байрны зүүн тал, Залуусын гудамж дагуух ногоон байгууламж
- Өнөр хорооллын гудамж, Орон сууцны 33-р байрны баруун урд талын талбай
- Энхтайваны өргөн чөлөө, Геологийн төв лабораторийн урд талбай
- Энхтайваны өргөн чөлөө, Драгон үйлчилгээний төвийн урд талын талбай
Сүхбаатар дүүрэг
- Сөүлийн гудамж, УДЭТ-ын хойд тал, Ю.Цэдэнбалын хөшөө бүхий талбай
- Энхтайвны өргөн чөлөө, нийслэлийн Ардчилсан намын байрны хойд тал, С.Зоригийн хөшөөтэй талбай
- УИД-ээс Сөүлийн гудамж хүртэлх Хичээнгүй сайд Цэрэндоржийн гудамж дагуух цэцэрлэгт хүрээлэн
- Энхтайваны өргөн чөлөө, “Улаанбаатар” зочид буудал, Монгол, Туркийн цэцэрлэгт хүрээлэн
- Бага тойруугийн гудамж, МУИС-ийн хичээлийн 2-р байрны урд тал, Мэдээлэл, технологийн үндэсний паркийн хойд тал
Чингэлтэй дүүрэг
- Ноён хутагт Данзанравжаагийн гудамж 23 дугаар сургуулийн урд Б.Явуухулангийн нэрэмжит талбай
- Жуулчны гудамж, ТЕГ-ын урд талын “Асашьёрю” цэцэрлэгт хүрээлэн
- Ж.Самбуугийн гудамж, ТЕГ-ын эмнэлгийн зүүн талын “Болзоо” цэцэрлэгт хүрээлэн
- Самбуугийн гудамж дагуух ногоон байгууламж
- Л.Лааганы гудамж, Тусгаар тогтнолын талбай
- Хайлааст, Жаргалантын 70,73 дугаар гудамж, Сургуулийн 46 дугаар гудамж орчим дах нийтийн эдэлбэр газар
Хан-Уул дүүрэг
- Чингисийн өргөн чөлөө, торгоны зам хөшөөтэй уулзварын баруун тал, орон сууцын 16 дугаар байрны урд талын ногоон байгууламж
- Чингисийн өргөн чөлөө, Шинэ өглөө хотхоны зүүн талын ногоон байгууламж
- Чингисийн өргөн чөлөө, 120 мянгатын автобусны буудлын баруун талын ногоон байгууламж
- Наадамчдын зам, Ардын хувьсгалын 25 жилийн ойн талбайн өндөрлөг орчмын талбай
Сүхбаатар дүүрэг
- Замчдын гудамж, Сэлбэ голын эрэг дагуух ногоон байгууламж
Сэтгэгдэл ( 1 )
БЗД улаанхуарангийн автобусны буудал орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулаасай. бас ус зайлуулах шугамаа шинэчлээсэй