Томдсон цүнхтэй тоодгор жаалууд, шинэхэн дүрэмт хувцастай сурагчид Улаанбаатар хотын хаа сайгүй цэцэг шиг ургажээ. Нүүрэндээ баяр жаргал цацруулсан, нүдэндээ гал цог гэрэлтүүлсэн хүүхдүүдийн хүлээн догдолдог хичээлийн шинэ жилийн баярын өдөр. Мянга мянган багш нар сарнай цэцэгт умбаж, бяцхан сурагчдаа өндөр болсныг нь гайхан шагшина. Нэг нэгнээсээ гэрэвшин, бишүүрхэж, зайдуухан зогсох ангийн сурагчид өнөөдөр хонхон дуунаар ангидаа жигдрэн сууцгаана. Хувцас нь, ном нь, дэвтэр нь, гутал нь, цүнх нь бүх л юм нь шинэ хүүхдүүд хэнийх нь илүү гоё, чамин байна гэж нууцхан илүүрхэцгээнэ. Ээж ааваасаа илүүг авна, ихийг авна гэж эрхлэн татвалзах, эхэр татан уйлагнах хүүхдүүдийг ойрхны өдрүүдэд олонтаа харсан болохоор эрдмийн энэ өдөр нүд гялбам гоёхон тэднийг харж зогсохдоо эгэл, даржин хүүхэд насаа эргэн санав. Шинэ хувцас авч үзээгүй сурагч нас минь. Эгчийн дүрэмт хувцас, эгчийн гутал, эгчийн цүнх. Элэгдэж хуучирсан ч эгчээс ирсэн юм бүхэн наддаа шинэ. Энэ тухай энэ цагийн хүүхдүүдэд яривал элэг доог, эсвэл, элэр балрын үлгэр шиг л санагдах биз ээ. Бидний үеийнхэн гялайж гялтайсан үнэтэй тансаг эдээр гоёж өсөөгүй ч эрдэмд шамдахын ихийн их хүсэл, ижил нөхдөө өмссөн зүүснээр нь эрэмбэлдэггүй эгэл хүн чанар, эцэг эх, багш нараа хүндэтгэн дээдлэх ёс жудаг хэмээх сайхан гоёлоор энэ биеэ чимж хүмүүжсэн билээ. Ээ дээ хүүхдүүд минь эдээр биеэ чимэхээр, эрдмээр биеэ чимдэг юм шүү. |
Сэтгэгдэл ( 0 )