ОХУ-аас Хятадад байгалийн хий нийлүүлэх шугамын асуудал энэ жилээс хөдөлгөөнд орж эхэллээ.
ОХУ-ын "Газпром", Хятадын CNPC компаниуд 2014 оны тавдугаар сард байгалийн хийг зүүн шугамаар нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээ ёсоор 30 жилийн хугацаанд нийт 38 тэрбум шоо метр хийг “Сибирийн хүч” хоолойгоор дамжуулах юм. "Газпром"-ын тэргүүн Алексей Миллер энэ хоолойг арванхоёрдугаар сарын 1-нд нээнэ гэдгээ энэ сарын 9-нд Ерөнхийлөгч В.Путинд амласан.
2015 онд “Газпром", CNPC компаниуд байгалийн хий нийлүүлэх бас нэгэн гэрээ байгуулсан. Энэ удаа баруун шугамаар буюу Баруун Сибириэс Новосибирск хүртэл татсан байгаа шугамыг ОХУ, Хятадын хил хүртэл үргэлжлүүлэн тавих гэрээ байлаа. Энэ шугамыг “Сибирийн хүч 2” гэж нэрлэсэн юм.
Гэвч энэ шугам нутгийн иргэдийн ширүүн эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Харин энэ шугамыг орлуулж, Монголын нутгаар дамжуулан, байгалийн хий нийлүүлэх шинэ шугамыг судалж үзэхийг Ерөнхийлөгч В.Путин “Газпром" компанид даалгасан байгаа.
Үүнээс хоёр хоногийн дараа ОХУ, Монголын Эрчим хүчний сайд нар энэ төслийг судлах ажлын хэсэг байгуулах болсон.
ОХУ-ын Үндэсний эрчим хүчний хүрээлэнгийн захирал Сергей Правосудов Монголоор дамжуулан тавих байгалийн хийн хоолой “Сибирийн хүч 2” шугамыг орлох ёстой гэж үзэж байна.
Сергей Правосудов “Сибирийн хүч 2” шугам Баруун Сибирийг Хятадтай холбохдоо Алтайн нурууны тэгш өндөрлөг Укокыг (Үхэг) дайрч гарахаар төлөвлөгдсөн байсан. Гэвч энд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн, нутгийн олны тахин шүтдэг газар байдаг тул нутгийн иргэд эрс эсэргүүцсэн. Харин Монголоор дамжуулан тавих хийн хоолой Хятадад ашигтай. Яагаад гэвэл зүүн мужуудаа байгалийн хийгээр хангах боломжтой болно. Хятадын баруун хэсэгт байгалийн хий хэрэггүй. Баруун мужаасаа тэр шугамыг Хятадын бүх нутгаар татаж, Бээжин, зүүн мужуудад хүргэх нь эдийн засгийн хувьд хохиролтой. Харин Монголоор дайруулбал байгалийн хийгээ Бээжинд шууд хүргэж чадна. Хятадад хийн хэрэглээ нэмэгдэж байгаа ч ОХУ-аас авахаас өөр хувилбар байхгүй. Тийм болохоор Монголоор дамжуулах хийн хоолойн гэрээ түргэн хугацаанд байгуулагдах байх гэж би бодож байна” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Сэтгэгдэл ( 2 )
mongol unegui nyaslag idne teneg shinjeech ve
uneheer buteh boltugai.