Аравдугаар сарын 13-18-ны өдрүүдэд Францын нийслэл Парис хотноо Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/ ээлжит хуралдаанаа хийж, хэд хэдэн улс орны асуудлыг тухайлан авч хэлэлцэж буй. Тус байгууллагын энэ удаагийн ээлжит “долоо хоног”-ийн хуралдаанаас Монгол Улсын хувьд тун чухал өдөр нь өнөөдөр буюу аравдугаар сарын 15 болж байгаа юм. Монгол Улс Саарал жагсаалтын гадаа үлдэх эсэх нь энэ өдөр шийдэгдэнэ.
Өнөөдрийн хуралд Монголын талаас төлөөлөгч оролцохгүй бөгөөд ФАТФ-ын гишүүд бидний тайланд сүүлийн байдлаар дүн тавина гэсэн үг. Албан мэдээллээс үзэхэд ФАТФ-ын ерөнхийлөгч Сянмин Лью нэгдсэн хуралдааны үр дүнгийн талаар хэвлэлийн бага хурлыг ирэх баасан гараг буюу 18-ны өдөр монголын цагаар 18:00 цагт хийх аж. Манай улстай холбоотой шийдвэр өнөөдөр гарчих учраас маргаашдаа багтаад шийдвэрийн талаарх мэдээлэл наашилчих биз ээ.
Өнгөрсөн долоо хоногт холбогдох албан тушаалтнуудыг дуудаж саарал жагсаалтад орох эрсдэл байгаа талаар дуугарсан УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын болон олон улсын байгууллагуудын зарим төлөөлөгчидтэй уулзаж тэднээс дэм хүсээд байна. ФАТФ-ын 40 шалгуур үзүүлэлтээс Монгол Улс 36-гийнх нь шаардлагыг хангаж, дөрвөн асуудлаар эргэж тайлагнах зөвлөмж хүлээн аваад буйг мэдэгдэж, хэрэв саарал жагсаалтад орчихвол гадаадын хөрөнгө оруулалт багасах, гадаад худалдааны хэмжээ буурах, олон улсын байгууллагууд манай улстай хамтран ажиллахаас татгалзах, гадаад мөнгөн гүйлгээ саатах зэрэг эрсдэл үүсэж, үр дүнд нь өсөн нэмэгдэж буй эдийн засаг агших, ард түмний амьдрал доройтоход хүрэхээр байгааг дуулгажээ. Яахав, Дэлхийн банк, ОУВС зэрэг байгууллагуудын хувьд ФАТФ-тай нягт уялдаатай ажилладаг учраас нөлөөлөл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ цаг хугацааны хувьд эрт, орой юу гэдэг нь юу юм гэхээс.
Ер нь саарал жагсаалтыг дагаж ямар эрсдэлүүд үүсэж болзошгүй байдгийг илүү тодотгон сануулъя.
Монгол Улсын хувьд 2013 онд ФАТФ-ын саарал жагсаалтад ороод, 2014 онд гарч байсан. Тухайн үед хууль эрх зүйн орчны өөрчлөлт хийхэд голлон анхаарч, арга хэмжээ авч ажилласнаар саарал жагсаалтаас гарч байсан бол одоо ФАТФ-аас тавьж буй стандарт өөр. Хууль эрх зүйн орчныг нэхэхийн сацуу бодит үр дүнгийн хэрэгжилтээс биднээс шаардаж байгаа гэж энгийнээр тайлбарлаж болно. Түүнчлэн Мөнгө угаахтай холбоотой гэмт хэргийн талаарх хуулийн байгууллагын мэдээлэлд анхаарал хандуулах ёстой.
Тэгвэл Цагдаагийн Ерөнхий Газрын зүгээс мэдээлэхдээ “Мөнгө угаах гэмт хэрэг нь Монгол Улсын санхүүгийн системийн тогтвортой, найдвартай байдалд аюул, заналхийлэл учруулах бөгөөд гэмт этгээд, гэмт бүлэг, зохион байгуулалттай бүлэглэлүүд гэмт хэргээс олсон орлого, хөрөнгөөр дамжуулан санхүүгийн системд өөрийн нөлөөг тогтоох, гэмт үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд чиглэсэн нийгэм, эдийн засагт хор уршигтай үйл ажиллагаа юм. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах эрх бүхий байгууллагуудыг чадавхжуулах нь олон улсын түвшинд төдийгүй Монгол Улсын хувьд ч тулгамдсан асуудал хэвээр байгаа. Нийгмийн хөгжилтэй зэрэгцэн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүд бүлэг, зохион байгуулалтад орж үйлдлийн арга, хэлбэр улам боловсронгуй болж техник, технологийн дэвшлийг ашиглах, гэмт хэргийн улмаас олсон орлогыг улс, орон дамжуулж шилжүүлэх хандлага ажиглагдаж байна” гэж буй юм.
Мөнгө угаах гэмт хэргийн чиг хандлагын тухайд Цахим орчныг ашиглах, Криптовалют /цахим мөнгө/ ашиглах, Улс, орон дамжуулан мөнгөний эх үүсвэрийг нуун далдлах, Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой орлогыг угаах, Хөрөнгийн зах, зээлд хөрөнгө оруулах, Банкнаас бусад санхүүгийн салбарууд нь мөнгө угаах гэмт хэргийн гол суваг болохыг анхааруулж байгаа.
Цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан гэмт хэргүүд дээр гэмт этгээдүүд нь гэмт хэргийн замаар олсон орлогоо банкнаас бусад санхүүгийн салбаруудад хөрөнгө оруулж байгаа нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдон шалгагдаж байна. Банкнаас бусад санхүүгийн салбаруудад үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд нь Монголбанкны Санхүүгийн Мэдээллийн Алба руу мэдээлэхдээ цаг алдаж хуульд заасан хугацаанд нь явуулаагүй зэрэг нь энэ төрлийг гэмт хэрэгтэй холбогдож яригдах ёстой асуудал гэж байна.
Мөнгө угаах гэмт хэргийг мөрдөн шалгах эрх бүхий байгууллагуудаас сүүлийн зургаан жилийн хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөнгө угаах гэмт хэргийн тоо олон боловч мөнгө угаах гэмт хэрэгтэй холбогдох өндөр эрсдэлтэй залилах, хөрөнгө завших, авлига, байгаль орчны эсрэг, татвар төлөхөөс зайлсхийх зэрэг суурь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгөтэй холбогдсон этгээдүүдэд шүүхээр эцэслэн ял оногдуулаагүй, ахуйн хүрээнд үйлдэгддэг хулгай, дээрмийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгөтэй холбогдсон этгээдүүдэд мөнгө угаах зүйл, ангиар ял оногдуулах практик тогтох хандлага бий болсныг мөн тодотгож байна.
Ер нь бол аль ч улс орны хувьд ФАТФ-ын саарал жагсаалтын сураг гарч ирэхэд хамгийн түрүүнд санхүүгийн систем нь хохирдог гэдгийг мэргэжилтэн сануулж байсан. Санхүүгийн систем нь хүний биеэр жишвэл цусны эргэлтийн системийн үүргийг гүйцэтгэж өнөө цагт саарал жагсаалтын нөлөөлөл эдийн засаг, нийгэмд нөлөөлөх эрсдэлтэй. Манай санхүүгийн салбарын хувьд 95 хувийг нь банкны систем бүрдүүлдэг. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр мэдээлэл хийхдээ арилжааны банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрт аудит хийх шаардлагатай байгаа. Учир нь арилжааны банкууд капиталаа нэмэгдүүлэхдээ Ил тодын хууль ашигласан. Үүнийг нь шалгаж, дараа нь ямар арга хэмжээ авах вэ гэдгээ Монголбанк шийдэх ёстой. Мөн мөнгө угаахтай холбоотой шийдэгдсэн гэмт хэрэг манайд юу байна вэ гэдгийг ярих ёстой” гэж байсан.
Сануулахад, банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрийг шалгаж нягтлах ёстой гэсэн хатуу байр суурийг ОУВС-гаас илэрхийлсний дараа банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрийг магадлан баталгаажуулах шалгалт хийгдэж эхэлсэн. Монголбанкнаас уг шалгалтыг “Duff and Phelps” компанийг сонгон шалгаруулан зөвлөх компаниар ажиллуулж буй бөгөөд магадлан баталгаажуулах ажил энэ оны зургаадугаар сард эхэлсэн. Түүнчлэн шалгалт эцэслэх шатандаа явж байна гэсэн мэдээллийг Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захирал Н.Батсайхан өнгөрсөн есдүгээр сард өгч байсан.
Уг нь шалгалтын үр дүнг наймдугаар сарын 16-ны өдөр урьдчилсан байдлаар гаргахаар төлөвлөн ажилласан ч шалгалтын цар хүрээ, үзэж харах баримт материалын хэмжээнээс шалтгаалан тайлан гаргах хугацаа нь бага зэрэг хойшлогдох төлөвтэй болсон гэж байсан юм. Тэгэхээр цаг хугацааны хувьд өнөөдрийн тухайд шалгалтын дүн наашилсан л байх учиртай. Харин Сангийн сайд болохоор шалгалт хийгдэх ёстой гэж яриад байгаа юм.
Ямартай ч 2017 оноос хойш эрчимтэй анхаарал татсан саарал жагсаалтын асуудал өнөөдөр нэг талдаа шийдэгдэх нь.
Сэтгэгдэл ( 2 )
АОРД ОЛОН ХҮРТЭЭЛТЭЙ ЗҮЙЛ БИШ. ХАР ЖАГСААЛТТАЙ ЖАГСААЛТГҮЙ АРД ОЛНЫСААРАЛ АМЬДРАЛ ҮРГЭЛЖИЛНЭ. ЛУЙВАРЧИДАД Л ХЭЦҮҮ БАЙХ
muu teneg ih hurliin heden hulgaich naraas bolj bid gadaadad cartaar guigee hiij bolohgui bolohn