Саарал жагсаалт ба ХАНШ

2019 оны 10 сарын 18

 

Ер нь ханшийн асуудал манай эдийн засагт  тогтолцооны маягийн өөрчлөлтийг  нэхдэг гэдгийг эхлээд сануулахад  илүүдэхгүй байх. 2018 онд 12.8 тэрбум ам.доллар манай улсад гаднаас орж ирсэн бол буцаад гарсан ам.долларын хэмжээ 13.2 тэрбум  байгаа юм. Энэ бол монгол төгрөгийн ханшаа мандуулъя гэвэл хийх ажил улс оронд их бий гэдгийг илтгэх тоон үзүүлэлт.

Монгол Улс саарал жагсаалтад орсноор төгрөгийн ханш суларна гэсэн зүйлийг хэлж яригсад энэ өдрүүдэд сошиалд цөөнгүй байгаа. Өнөөдрийн албан ханшийг харахад нэг ам.доллар   2676.12 төгрөгтэй тэнцэж байна. Төв банк өчигдөр гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар  50.6 сая ам.долларыг нийлүүлжээ. 

Монголбанкны зүгээс “Валютын ханш маш эмзэг. Саарал жагсаалтаас болж ханш өснө гэж макро талдаа үл нийцэх хариуцлагаггүй мэдээлэл тарснаас болж хиймэл хүлээлт үүсгэжээ. Валютын нөөц хангалттай бий. Ханшийн зөрүүнээс ашиг олох гэж байна гэж алдагдал хүлээхээс болгоомжилно биз ээ” гэсэн байр суурийг илэрхийлж буйг дуулгая.  

Мөн 2019 он гарсаар ханшийн төлөв ямар байж ирснийг тодруулж авч үзье.

Оны эхэнд төгрөгийн ханш ам.долларын эсрэг сулрах дарамт нэмэгдсэн боловч нэгдүгээр сарын дундаас эргээд чангарч, тавдугаар сарыг дуустал тогтвортой байв. Үүнд, зах зээлийн хүлээлт тогтворжсон, иргэд, аж ахуй нэгжүүдийн харилцах, хадгаламжийн хөрвөлт бага байсан, гадаад валютын урсгал цэвэр дүнгээр сайжирсан зэрэг нь голлон нөлөөлсөн гэж Төв банк тайлбарлаж байгаа юм. Тухайлбал, тавдугаар  сард гадаад валютын орох урсгал өмнөх оны эцсээс 7.5 хувиар буурсан хэдий ч импорт өмнөх улирлаас саарсантай холбоотойгоор гарах урсгал 16.8 хувиар буурснаар банкны системээр дамжсан валютын цэвэр урсгал өмнөх оны эцсээс 87.2 сая ам.доллароор сайжирч, 55.1 сая ам.долларын ашигтай гарчээ.

Төгрөгийн ам.доллартай харьцах ханш хоёрдугаар улирлын эхнээс алгуур суларч долоодугаар сарын эцэст 2666 төгрөгт хүрсэн нь  оны эхнээс 0.7 хувиар буюу 18 төгрөгөөр суларсан үзүүлэлт байв. Улирлын шинж чанартайгаар долоодугаар сард гадаад валютын орох урсгал саарч, гарах урсгал нэмэгдсэн нь ханш сулрахад нөлөөлсөн байна. Ялангуяа  долоодугаар сарын эхний хагаст гарах урсгал цэвэр дүнгээр нэмэгдэх хандлага ажиглагдсан бөгөөд тухайн сард гадаад валютын орох урсгал оны эхнээс 0.9 хувиар, гарах урсгал 45.5 хувиар өсч, цэвэр дүнгээр 100.5 сая ам.долларын гарах урсгалтай байв. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш ийнхүү суларсан бол гадаад худалдааны эргэлтээр жигнэж тооцсон төгрөгийн нэрлэсэн дундаж ханш зургаадугаар сард оны эхнээс 0.4 хувиар чанга тогтсон байна.

Төгрөгийн ханш рублийн эсрэг 4.5 хувиар суларсан боловч юань, еврогийн эсрэг харгалзан 1.5 хувь, нэг хувиар чангарсан нь нэрлэсэн дундаж ханш чангарахад нөлөөлжээ.  Гадаад үнэтэй харьцуулахад дотоодын үнэ хурдтай өсөж, харьцангуй үнэ оны эхнээс 5.1 хувиар нэмэгдсэнээр төгрөгийн бодит ханш 5.9 хувиар чангарав. Энэ нь манай улсын өрсөлдөх чадвар оны эхнээс муудаж буйг илтгэсэн үзүүлэлт гэж Төв банкны зүгээс тайлбарласан.

Эхэнд хэлсэнчлэн ханшийн өсөлтийг тодорхойлж харахын тулд эдийн засгаа том зургаар харах хэрэгтэй болно. Эдийн засгийн бүтэц нь өөрөө асуудалтай, орж ирсэн хэдэн валют нь буцаад гарчихдаг манай тухайд ханшийн чангаралтыг байгаа хэдэн нөөц ам.доллароороо барьж, шийдвэрлэх боломжгүй. Товчхондоо бол ханшийн чангаралтыг богино хугацаанд торгоож болох ч урт хугацаандаа ужиг асуудлуудын шийдвэрлэлт л чухал нөлөөтэй гэсэн үг.

Сүүлийн жилүүдэд  манай улсын гадаад секторт нэлээд өөрчлөлт гарсан нь  судалгаанаас харагддаг.  Тухайлбал,  төгрөгийн ханшийн огцом сулрал юм. 2009 оны эдийн засгийн уналтын үед төгрөгийн ханш долларын эсрэг 36.6 хувиар суларсан байдаг бол 2011 оны дөрөвдүгээр сараас хойш 2017 оны  нэгдүгээр сар хүртэл төгрөгийн ханш хоёр дахин суларчээ.

Дашрамд, гадаад валютын улсын нөөцийн мэдээллийг хүргэхэд дөрвөн тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нь сүүлийн зургаан жилийн дээд үзүүлэлт юм. Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн гол хүчин зүйл нь  Монголбанкнаас худалдан авах үнэт металлын хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой. Монголбанк 2016 онд 18.6 тонн, 2017 онд 20 тонн, 2018 онд 22 тонн үнэт металл худалдан авч, энэ эх үүсвэрээс жил бүр 700-800 сая ам.доллароор Монгол Улсын гадаад валютын улсын нөөцийг  нэмэгдүүлээд буй.   Түүнчлэн томоохон экспортлогч компаниудтай хэлцэл хийх замаар гадаад валютыг худалдан авч, гадаад валютын нөөцийг арвижуулснаа тодотгож байна. Уул уурхайн томоохон төслүүдийн хөрөнгө оруулалт хэвийн үргэлжилсэн, экспортын гол түүхий эдийн үнэ, эрэлт тогтвортой байсан, ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” амжилттай хэрэгжиж байгаа, банк, санхүүгийн байгууллагууд олон улсын санхүүгийн зах зээлээс хөнгөлөлттэй эх үүсвэр татсан зэрэг нь гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхэд гол түлхэц болсон гэж мэргэжилтнүүд тайлбарлаж буй юм.

Гэхдээ Төв банкны алт худалдан авалтын хэмжээ оны эхний найман сард 9.6 тонн байгаа нь өмнөх оны мөн үед 12.2 тн үнэт металл худалдан авснаас 2.5 тонн буюу 21%-иар буурсан үзүүлэлттэй байна. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(202.179.26.235) 2019 оны 10 сарын 22

БӨГС ДОЛООГЧ БӨГСӨӨ ДОЛООГООД БООВОО ХӨХӨӨД ХЭВТЭЖ БАЙ.ХАНШ ӨСНӨ.

0  |  0
Тѳрийн хувалзууд(59.153.113.43) 2019 оны 10 сарын 20

Их гүрнүүд доллараас татгалзаж байгаа. ОХУ болон БНХАУ-тай тухайн орны валютаар худалдааны тѳлбѳх тооцоогоо хийж болно. Ноён ногооны ханш ярьж тархи угаан мѳнгб хийхээ больчих хэрэгтэй. Энэ бол жинхэнэ мѳнгѳ угаалт билээ...

0  |  1
Бурхан(103.9.89.18) 2019 оны 10 сарын 18

Луйварчидыг бодлоготойгоор шатаагаад өг. Долларын ханш өсөхгүй

0  |  0
зочин(122.201.24.55) 2019 оны 10 сарын 20

Удирдлагын буруу байна.

2  |  0
Top