Уран бүтээлч М.Батзориг, Д.Үүрийнтуяа нарын хамтарсан "Уусал, Үл уусал" үзэсгэлэн арваннэгдүгээр сарын 6-ны 18:00 цагт "976" арт галерейд нээлтээ хийх гэж байна.
Бүтээлчийн барил дан өөр дотроосоо гарсан санаа байдаггүй. Хэн нэг алдартай бүтээлчийн нөлөө, технологийн дэвшил, өөрийнх нь амьдрал, замнал зэрэг гадны маш олон хүчин зүйлс заримдаа шийдвэрлэх үүрэгтэйгээр ч оролцсон байдаг.
"Уусал Үл уусал"-ын тухай
Хоёр өөр зураач хамт байхад арга барилууд хоорондоо уусдаг (уусах ёстой) уу. Хэрэв уусдаг гэж үзвэл хир зэрэг нэвчдэг вэ. Энэ үзэгдэлд зохистой хэм хэмжээ болон хязгаарлах боломж бий юу.
Гэхдээ төгс хариултыг эрж хайлгүйгээр зүгээр л уг сонирхолтой процессийн тухай яриа өрнүүлэхээр шийдлээ. Аливааг ойлгохын тулд тайлбарлах шаардлагатай гэж орчин цагийн Хэрменевтикчид үздэг болохоор өөрсдийнхөөрөө тайлбарлах нь ойлгох явцын маань нэг хэсэг ч байж болох юм. Үнэндээ бид бие биенийхээ барилд уусах хэм хэмжээг ухамсараараа хянахыг оролдсоор ирсэн. Гэхдээ сүүлийн арван жилийн хугацаанд бидний бүтээлчийнхээ хувьд олсон ололт, гээсэн зүйлс маань явж явж гаднаас нь ялган харах боломжгүй тийм нарийн ууслууд л байв.
Постмодернистууд бүтээл бол текстүүдийн сүлэлдээн (intertextuality) гэж үзсэн. Санаатай болон санаандгүй бүтээлч сүлэлдээнээс үүссэн хаос, коллажийн хэл бол контэмпорари сэтгэлгээний суурь зарчим юм бол яагаад зориудаар сүлж болохгүй гэж гэсэн сэдлээр зориуд нэгнийхээ дууссан гэж үзсэн бүтээлийг нөгөөх нь дахиад цааш өөрийнхөөрөө үргэлжлүүлсэн. Зарим зураг өмнө нь эхлүүлсэн ч хэдэн жилийн дараа үргэлжлүүлэн, баяжуулан (үнэндээ хэдэн жилийн өмнөх санаанаас тэс өөрөөр дуусгасан) гүйцээсэн нь ч өнгөрсөнд үлдсэн санааг өнөөдрийн санаатай сүлсэн л хэрэг юм.
Хэвлэмэл зургийг ч уламжлалт зургийн хэлтэй сүлсэн зэрэг олон төрлийн сүлэлдээнийг л “Уусал, үл уусал” гэсэн бэсрэгхэн үзэсгэлэн болгон багцлахыг зорив. Энэ бүхний эцэст бүтээх хэлэнд маань гарсан визуаль хувирал л бидэнд сонирхолтой туршлага байлаа.
Сэтгэгдэл ( 0 )