ОЛОН ӨНГӨ: Малгай

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 09

Оюутан байхдаа малгай гэдгийг гоо сайхны дайсан гэж үздэг байлаа. Сурагч байхад аав, ээж загнаад ч болов зохиогүй малгай толгойд углахад нь золбоо дарлаа гэж дотроо дургүйлхдэг  байв. Оюутан болж хотод ирснээр малгай өмс гэж шахаж шаардах хүн дэргэд байхгүй болохоор бид чинь магнайнаасаа уур савсуулан гүйж эхэллээ. Хөвгүүд нь гелдэж, лакдсан үсээ муухай болгохгүй гэж, охид нь сэнсдэж янзалсан үсээ налчийлгахгүй гэж малгайг мартаж, хөхөө өвлөөр ч хамаагүй хөөрхөн, сайхан л явж байвал болоо гэж боддог байв. Заримдаа үсээ угаачихаад нойтноор нь гарч гүйгээд хичээл дээрээ хөлдүү үсээ хангир жингэр хийлгээд л орно шүү дээ. Хөвгүүдийн шанхнаас нь түрхсэн гел нь гэсэж урсаад л ажиг ч үгүй сууна шүү дээ. Ийм дүр зураг бидний үеийнхэнд танил дотно санагдах байх. Яагаад аав, ээжүүд, хөгшчүүд малгай өмс гээд үглэж яншаад байдаг байсны учрыг яс махандаа шингэтэл ойлгож эхлэв. Хотын гудамжаар алхах малгайгүй залуучуудыг харахаар өмнөөс нь тархиар янхийтэл хатгуулж өвдөх шиг болно. Малгай өмссөн хүмүүс цаанаа л нүдэнд дулаахан, сэтгэлд өег харагдана.

Ээ дээ хожим хойно нь хар толгойгоо хатгаж өвдөхийг мэдэрч харамсаж суух гээгүй л бол малгайгаа л өмсдөг юм шүү!

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (64.119.16.120) 2019 оны 11 сарын 09

Тийм шүү. Зохисон зохиогүй хамаагүй ээ малгай өмсөж толгойгоо дулаан байлгах нь зөв. Одоо ч нэг үеэ бодвол хүмүүс хүний өмссөн зүүснийг гоочлоод байхаа больчихож авууштай нь. Малгай, хувцасны сонголт ч их болжээ.

1  |  0
Top