Хүн төрөлхтөнтэй эн зэрэгцэх хиймэл оюун ухаан

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 07

Хиймэл оюун ухаан. Эрхэм уншигч та энэ үгийг бишгүй дээ сонссон байх. Спилбергийн кино мэт санагдах энэ үг өдгөө зөвхөн дэлгэцэд бус амьдрал дээр хэрэгжээд эхэлжээ.

Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын гол шинж чанар нь ч энэ гурван үгнээс төдийлөн холдоод байхгүй. Зуувандуухан дэлхийг хавтгай болгох хиймэл оюун ухааны талаар өмнө нь зөвхөн зөгнөлт зохиолчдын л төсөөлж байсан зүйлс хэдийнээ биеллээ олжээ.

Ирэх жилүүдэд ертөнцийг өөрчилж мэдэх хиймэл оюун ухааны гайхамшигт 13 нээлтийн талаар та бүхэнд хүргэе.


БИЧИХ

Тийм ээ. Та буруу сонсоогүй, хиймэл оюун ухаан аль хэдийнээ бичдэг болсон. Өдгөө Нью-Йорк Таймс, Вашингтон Пост, Ройтерс агентлагууд хиймэл оюун ухаанаар мэдээ материалаа бэлддэг болжээ. Сэтгүүл зүйн шинж чанар, мэдээ бичих аргыг кодчилон хиймэл оюун ухаанаар мэдээгээ бичүүлдэг болсон байна. Ингэснээр сэтгүүлчдийг илүү том материалд анхаарлаа хандуулах боломжийг олгожээ.

Зөвхөн сэтгүүл зүйн салбар ч бус санхүү болон аудитын компаниуд тайлангаа нягтлангаар бус хиймэл оюун ухаанаар бичүүлдэг болсоор гурван жилийн нүүрийг үзсэн байна. Удахгүй хиймэл оюун ухаан ашиглан бүтэн боть ном, судалгааны бүтээл бичдэг болох аж. Америкийн дөрвөн том компани, Хятадын хоёр ч компани судалгааны сэтгүүлийг хиймэл оюун ухаанаар бэлтгэхээр ажиллаж байна.


ХАРАХ

Хиймэл оюун одоо бүх дэлхийг тольдож буй. Жолоочгүй авто машин, нүүр царай таних төхөөрөмж гээд бүгд л хиймэл оюун ухаанаар кодчилсны ачаар ийн ажиллаж буй. Одоо удахгүй үүнээс ч илүү төгс төгөлдөр болно.

Их Британид хэрэглэгчийн зан байдал, сэтгэл санаанд тохирон ямар бүтээгдэхүүн авахыг заах ухаалаг супермаркет байгуулагдах товтой байна. 2020 оны сүүлээс эхлэн ямар ч худалдагч, тэр бүү хэл кассчингүй дэлгүүр Британи даяар үйлчилгээ үзүүлээд эхэлнэ.

Дубай хотын цагдаагийн газар замын хөдөлгөөний дүрэм мөрдүүлэхэд хиймэл оюун бүхий робот туршаад эхэлсэн. БНХАУ-ын Шанхай хотын удирдлагууд гал сөнөөх анги нэгтгэлийг хиймэл оюун ухаанаар тоноглохоор ажиллаж байна.


СОНСООД ОЙЛГОХ

Хэрэглээнд хараахан нэвтрээгүй байгаа энэ чадвар хэдийнээ судалгааны орчинд бодит болоод эхэлсэн. Японы Sony компанийн хөгжүүлж буй төсөл хүнийг сонсоод хариу үйлдэл үзүүлэх чадвартай роботын төсөл дээр ажиллаж байна. Сүүлийн таван жилийн туршид зөвхөн ойлгох чадварыг хөгжүүлэхийн тулд технологийн судалгаанд 2.5 сая хүнийг хамруулжээ. Тэднийг янз бүрийн орчинд хэрхэн сэтгэл хөдөлж, тархи нь ямар хариу үйлдэл үзүүлэхийг судалснаар сонсоод ойлгох чадварыг хөгжүүлж байна.

АНУ-ын судалгааны гурван ч компани сонсоод ойлгох чадварыг ойрын гурван жилийн хугацаанд хэрэглээнд нэвтрүүлнэ гэж үзэж байна. Дээр өгүүлсэнчлэн ухаалаг супермаркет төслийг хэрэгжүүлэхэд сонсоод ойлгох чадвар хамгийн их нөлөөтэй юм. Тэдний нэг нь Cisco компани. Тэд байгууллагын дуут туслах буюу EVA гэх төслийг хэдийнээ эхлүүлжээ. Тухайн байгууллагаас иргэн даатгалын ямар нэгэн үйлчилгээ авахын тулд EVA-тай холбогдоход л хангалттай.


ЯРИХ

Хиймэл оюун ухаан аль хэдийнээ ярьдаг болсон. Уншигч та монгол залуусын тархи оюунд ургасан “Чимэгэ” төслийн талаар дуулсан л байх. Уг нь туршилтын шугамаар нийтэд танилцуулах байсан ч дэггүй манайхан ёс бус үг хэллэг ихэд ашиглаж байсан тул туршилтаа зогсоосон. Өмнө нь аудио бичлэгийг бат нот баримт гэж үздэг байсан бол өдгөө хэн нэгэн “бацаан” гэртээ элдэв программ ашиглан “яриулах” болсон тул тийм ч баттай баримт байхаа нэгэнт өнгөрчээ.

Хиймэл оюун ухаанаас өмнө ч ярих чадвар байсан. Гэхдээ ихээхэн нарийн төвөгтэй программчлалын хэлээр л бүтээдэг байсан энэ чадвар өдгөө хялбар болжээ. Одоо блокчейн технологи, оюун ухаант машинаар илүү боловсронгуй болсоор байна.


ҮНЭРЛЭХ

Хиймэл оюун ухааны салбарт сүүлийн үед үнэрлэх чадварыг хөгжүүлэх тал дээр хэдэн арван гарааны бизнес эрхлэгчид ажиллаж байна. Массачусетсын технологийн хүрээлэн хүний амны үнэрийг тодорхойлон өвчнийг оношилдог төхөөрөмж бүтээжээ. Уг төхөөрөмж нь тухайн хүний нүүрс усны хэмжээ, цусны эргэлт, таван цул эрхтний тогтолцоо зэргийг 96.8 хувиар тодорхойлох чадвартай аж. Уг технологи одоо ч туршилтын шатандаа яваа. Тус хүрээлэнгийн компьютерын технологийн 22 эрдэмтэн үнэрлэх чадварыг нь хөгжүүлэхээр ажиллаж байна.

АНУ-аас гадна Эдинбургийн хавдар судлалын төв ам үнэртүүлэх төхөөрөмж бүтээж хавдрын эхний шатны оношилгоонд ашиглахаар туршиж буй аж. Туршилт амжилттай болсон тохиолдолд 2020 оны гуравдугаар улирлаас эхлээд үйлчилгээнд нэвтрүүлж эхлэх юм.


ХҮРЭЛЦЭХ

Уншигч та хурууны хээгээрээ утсаа нээдэг үү? Энэ бол хүрэлцэх мэдрэмжийн хамгийн энгийн ойлголт. Гэхдээ үүнээс халиад хүрсэн төдийд л тухайн хүн ямар шалтгаанаар хүрсэн, сэтгэл хөдлөлийн түвшин хэрхэж байгааг тодорхойлдог болоход тун ойртож ирээд байна. Дээр өгүүлсэн Массачусестийн технологийн хүрээлэн мөн адил энэ төрлийн судалгаагаараа манлайлж буй. АНУ даяар аж төрөн суугаа өөр хоорондоо соёлын ялгаатай 500 мянга гаруй хүний дүрс бичлэг, зургийг жишээ болгон хүрэлцэх мэдрэмжийг хөгжүүлж буй аж. Одоогоор судалгааны явцад хүрэлцэх мэдрэмжийг хөгжүүлэх гурван сая гаруй дата мэдээлэл цуглуулжээ.

Түүнчлэн Плаймотын их сургууль бөөрөлзгөнө тариалах ферм дээр хүрэлцэх мэдрэмж бүхий роботыг туршиж байна. Хүрэлцэх мэдрэмжийг нь хөгжүүлж буй уг робот бөөрөлзгөнө хураах шат дамжлага дээр ажилладаг аж. Туршилтаар уг робот өдөрт 25 мянган бөөрөлзгөнө хураажээ.


ХӨДЛӨХ

Хиймэл оюун ухааны салбараас хамгийн түрүүнд хамгийн хурдацтай хөгжиж буй салбар бол хөдлөх. Автомат удирдлагатай машин, нисэх төхөөрөмж буюу дрон, өөрийгөө тооцолдог тэргэнцэр гээд бүтээгдээгүй зүйл гэж алга.

Хамгийн сүүлд БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах улсын Хөх хотод зам талбай, гудамж цэвэрлэх автомат цэвэрлэх машин үйлчилгээнд нэвтрээд эхэлсэн. Цэвэрлэх талбай, орчны бохирдол зэргээ өөрөө тохируулан цэвэрлэгээ хийдэг уг робот Хөх хотын цэвэрлэгчдийн ачааллыг хөнгөлөх гол шалтгаан юм.

Японы нийслэл Токио хотод өнгөрсөн гуравдугаар сард Alter 3 робот хөдлөөд зогсохгүй дээр дурдсан бүх чадваруудаа тэгш хөгжүүлж, улмаар дэлхийд анх удаагаа дуурийн үзүүлбэр үзүүлж олныг алмайруулсан билээ.


СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙГ МЭДРЭХ

Оддын дайн киноны “Соло” ганц ангит кинон дээр L3-37 роботыг та анзаарсан бол хүний сэтгэл хөдлөлийг тодорхойлоод яг л амьд хүн шиг харьцдаг. Лукас филм компанийн төсөөлөл бодит амьдрал дээр биелэхэд тун дөхлөө. Америкийн Affdex технологийн компани хэрэглэгчийн судалгаандаа хүний сэтгэл хөдлөлийг мэдрэх программ хангамж ашиглахаар туршиж байна.

Харьцаж байгаа хүнийхээ биеийн хэлэмж, сэтгэл хөдлөл, нүүр царайны хувирал зэргийг мэдрэн хариу үйлдэл үзүүлэхэд тун дөхсөн тухайгаа Sony болон Philips компаниуд мэдэгджээ.


МЭТГЭЛЦЭХ

Яг одоо компьютерын технологийн алдарт IBM компани “Debater” төсөл дээрээ төвлөрч буй. Тус компанийн хувьд хиймэл оюун ухааны төсөл анх удаагаа хэрэгжүүлж байгаа нь энэ юм. Судалгааны шатандаа яваа энэ төсөл хиймэл оюун ухаанаар харилцаж буй хүнтэйгээ сонгогдсон сэдвүүдээр мэтгэлцээн өрнүүлдэг болох явдал юм.

Шинжлэх ухаан, газар зүй, геополитик, эдийн засаг зэрэг сонгогдсон сэдвүүдээр нэг бүрчлэн мэтгэлцэж чаддаг роботын судалгаа 60 гаруй хувьтай явж буй аж. Мөн өөрийн байр сууриа хадгалах, тухайн хүнийхээ ярьж байгааг няцаах зэрэг ч уг төсөлд багтана.


БОДОЛ УНШИХ

Аймаар байна уу? Магадгүй хиймэл оюун ухааныг хамгийн аймшигтай харагдуулах нэг хэсэг нь ч энэ байж магадгүй. Хүний харилцааны явцад далд ухамсарт тулгуурлан олон шийдвэр гаргаж байдаг. Үүнд бодол унших чадвар ч бас багтана. Далд ухамсрын түвшинд шийдэгддэг энэ асуудлыг хиймэл оюун ухааныг улам төгс болгохын тулд зайлшгүй хөгжүүлэх ёстой ухагдахуун юм.

Хүний сэтгээгүй санаа бодож олон түүгээрээ мөнгө хийдэг Илон Маск бодол унших чадварыг хөгжүүлэх тал дээр бусдаас илүү ажиллаж буй. Сэтгэл судлалын салбарт түлхүү ашиглах энэ технологи хүний сэтгэцийн мэдрэг чанар, амиа хорлох эрсдэлийг тооцоолоход ашиглагдах юм.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.76.85) 2019 оны 12 сарын 18

Гайхалтай. Хүмүүс минь өөрийгөө судлахгүй бол бусад чинь судлаад хүн чамаас ухаантан гарч ирлээ. Илүү далд чадваруудаа хөгжүүлэх л болж бнадаа.

0  |  0
Зочин(202.9.46.93) 2019 оны 12 сарын 18

Хүн төрөлхтнийг цахим гянданд оруулж боолчлох аргыг улам боловсронгуй болгосоор байгаа юм байна дах

0  |  1
Зочин(192.82.68.2) 2019 оны 12 сарын 18

Техник технологийн дэвшил нь Ер ньхөгжил гэдэг нь хүний мөхөлийг хурдасгадаг тул хэт хөгжих дэмий санагддаг Хөгжил дэвшил нь хүний оюун ухааны л хөгжил байвал зам мөр нь тэр шүү

0  |  1
Иргэн(64.119.18.81) 2019 оны 12 сарын 07

Уг нь хүн гэдэг оюун ухаант амьтан өөрсдөө өөрсдийгээ устгах аюултай зүйл.Гэхдээ нэгэнт газар авчихсан хойно түүнийг давамгайлж хүн өөрийгээ авч үлдэхэд оюун ухаан бие бялдараа маш шургуу бэлдэх ёстой.

0  |  0
Top