Дэлхийд хэмжээгээрээ томд тооцогддог Гринландын мөсөн бүрхүүл доороо 1.6 мянган км урт газар доорх голыг нууж байж болзошгүй хэмээн олон улсын эрдэмтдийн баг дүгнэжээ.
Японы Хоккайдогийн их сургууль, Норвегийн Ослогийн их сургуулийн судлаачид хамтран Гринландын мөсөн доорх хадны өндрийг заасан тусгай радарын мэдээллийг задлан шинжилж, үүний үндсэн дээр газрын гадаргуун загварыг компьютерын тусламжтайгаар бүтээжээ. Үүний үр дүнд тэд шингэн ус агуулсан урт хөндийтэй төстэй зүйлийг илрүүлсэн бөгөөд энэ нь 1.6 мянган км урт газар доорх гол байж магадгүй гэж үзэж байна. Эл гол арлын цээжнээс Питерманы булангаар дамжуулан Атлантын далай руу ус цатгадаг аж. Ингэснээр, дэлхий дээрх хэмжээгээрээ хоёрт ордог мөсөн бүрхүүлийн доогуур усан судал урсаж буйг илтгэж байна. Тус гол “Харанхуй гол” хэмээн нэр авчээ. Учир нь усан замын ихэнх хэсэгт нарын гэрэл тусдаггүй байна.
Хэдийгээр тодорхойгүй зүйл байгаа ч энэ судалгаа Гринландад мөстлөгийн үеийн дараах идэвхтэй бөгөөд асар том голын систем буйг гэрчилж байна гэж эрдэмтэд онцолжээ.
Үүнээс өмнө Гринландын эрэг орчмын хойд мөсөн далайн мөсний нөөц Хойд Туйлын бусад бүс нутаг дахь мөсөн бүрхүүлийг бодвол хоёр дахин хурдан хайлж буйг тогтоосон билээ. Торонтогийн их сургуулийн шинжээчид “Сүүлчийн мөсөн тэнгис” гэгддэг олон жилийн настай мөсөн хуримтлалын баруун болон зүүн хэсэгт мөсний бүрхүүл 1979 оныхтой харьцуулбал 1.5 метрээр нимгэрчээ.
Сэтгэгдэл ( 0 )