Португали, Дани, Германы палеонтологичдын хамтарсан баг орчин үеийн Гринландын нутаг дэвсгэрт эрт галавын үед амьдарч байсан үлэг гүрвэлийн шинэ төрлийг нээжээ.
“Diversity” сэтгүүлд бичсэнээр, хоёр хөлт үлэг гүрвэл 214 сая орчим жилийн өмнө амьдарч байжээ. Эл амьтан жижиг биетэй, урт хүзүүтэй өвсөн тэжээлтэн байсан аж. Дэлхий дээр амьдарч байсан биеэр хамгийн том амьтан болох зауроподын өвөг болох энэ төрлийг Issi saaneq гэж нэрлэсэн байна.
Үлэг гүрвэлийн чулуужсан ясыг анх 1994 онд Харвардын их сургуулийн эрдэмтэд Гринландын зүүн хэсэгт илрүүлжээ. Тэд үлэг гүрвэлийн чулуужсан хоёр гавал илрүүлж, нэг нь платеозавр төрлийн үлэг гүрвэлийнх гэж үзсэн нь буруу таамаг болохыг ийн тогтоожээ.
Саяхан Лиссабоны Шинэ их сургуулийн судлаач Виктор Беккари тэргүүтэй палеонтологичдын хамтарсан баг компьютер томографын тусламжтай гавлын 3D загварыг гарган авчээ. Эдгээр гавлын анатомийн бүтэц нь хэлбэр, ясны харьцааны хувьд онцгой тул шинэ төрөлд хамаарах нь дамжиггүй гэж эрдэмтэд ярьжээ.
Гринландын үлэг гүрвэлийн шинэ төрлийг нээснээр дэлхий дээр эдгээр амьтан хэрхэн тархсан түүх, зауропод амьтны хувьслыг судлахад ихээхэн ач холбогдолтой гэж эрдэмтэд үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )