Урлаг, уран сайхан бүхий л хугацааныхаа ихэнхэд амьдралыг гоёчлоход чиглэсэн байдаг. Гэхдээ бодит байдлын дуулал дандаа дийлсээр ирсэн юм. Фёдор Михайлович Достоевскийн зохиолууд үүний баталгаа билээ. Мөн нэгэнтээ Д.Намдаг агсан “Авьяас гэдэг чинь эмзэглэл байхгүй юу” гэсэн удаатай. Харин бодит байдалтай тэмцэхийг үзэл суртал гээд байгаа юм шүү дээ. Ийм болохоор бодит байдлын тухай эрээлж элдэвлэхгүйгээр ярилцах хэцүү байдаг хэрэг. Тухай нь, хайр дурлалын асуудал байна. Хайр хэдэн насанд өөрийнхөө мөн чанараар байдаг вэ гэхэд сонин хариулт бий. Тухай нь, Шекспирийн алдарт “Ромьео Жульетта” гэхэд 15 болоод 13 настай хүүхдүүдийн хооронд болсон үйл явдал юм. Нас ярих юм бол үүнтэй адилтгаж болох Виктор Хьюго “Инээмтгий хүмүүс” гээд бас бус зохиолуудыг нэрлэж болно. Тэгвэл хайрын дараа юу болдог вэ. Бавуугийн Лхагвасүрэн агсан “Хайр гэрлэлтээр дуусаж амьдралаар эхэлдэг” гэж хэлсэн байдаг юм. Үүнийг зүйрлэн өгүүлвээс эр нөхрийгөө цалин буусан өдрөө битгий уугаасай гэсэн эхнэр хүний зовнилтой адилтган үзэж болно.
Энэ мэтээр ярих юм бол мөнгөнд бүх зүйл ялагдсан гэдэгтэй дэлхий нийт эвлэрчихсэн гэхэд хилсдүүлсэн болохгүй. Жишээ нь, 2000-аад оны хип хоп хайрын дууны үгнүүд байна. Чи баяныг дагаад явлаа, сайн сайхан байхгүй дээ гэх маягтай. Бас “Хайрыг гомдоосон хүн жаргасныг сонсоогүй, сэтгэлээсээ урвасан хүн жаргахгүй ээ” гээд уянгын дуу ч байлаа. Одоо ер нь ийм дуу байна уу. “Алив ахдаа дансаа” энэ тэр гэсэн л юм байх. Энэ юуг харуулж байна гэхээр хайр дурлал мөнгөнд бүрэн ялагдсаны илэрхийлэл юм аа. Монголчууд муу, сайн янз бүрээр л амьдарч байгаа. Зөв амьдрах, зөвөөр мөнгө олох гэсэн асуудал бол тусдаа сэдэв. Гол нь мөнгө олох хэрэгтэй гэдэгт байгаа юм. “Баяжигтун” монголчууд аа.
Сэтгэгдэл ( 0 )