ТЭД БИДНИЙ ТУХАЙ | “Оюу толгой” төслийн хувьд их сорилтын жил

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 07

Австралийн санхүү, эдийн засаг, уул уурхайн чиглэлээр дагнан бичдэг “Financial Review” сонин “Оюу толгой” төслийн хувьд томоохон сорилтын жил байна гэдгийг онцоллоо. Энэ жил болох сонгуулиас өмнө Рио Тинто болон Монгол Улсын Засгийн газар ямар нэгэн тохиролцоонд хүрч магадгүй гэж үзэж буй аж.

Хэдийгээр хөрөнгө оруулагчдын нөхцөл байдал, далд уурхайн бүтээн байгуулалтын ажил удаашралтай, төлөвлөсөн хөрөнгө оруулалт өсөж байгаа ч гэсэн Засгийн газартай гэрээгээ шинэ шатанд гаргахад хамтран ажиллана гэж Рио Тинто компани мэдэгдсэн. Харин Монгол Улсын Засгийн газар 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоол”-ыг 100 хувийн саналаар баталсан юм.

Монгол Улсын парламент өмнө нь гэрээний хэрэгжилт болон хөрөнгө оруулагч талыг байнга шүүмжилсээр ирсэн ч энэ удаад албан ёсоор тогтоол баталж, улмаар хөрөнгө оруулагчтай зарим тохиролцоонд хүрэх талаар дүрмээ тодорхой болголоо. Гэхдээ Монгол Улсын хувьд дээрх тогтоолыг ажил хэрэг болгоход ихээхэн ур ухаан шаардах хэрэгтэй болох нь. Ирэх зун болох УИХ-ын ээлжит сонгуулиас өмнө тохиролцоонд хүрч магадгүй ч үүнийг хүндрүүлэх хэд, хэдэн зүйл бий.

Тухайлбал Монгол Улсын парламентаас баталсан тогтоолд “Оюутолгойн ордын зэс, алт, мөнгө болон бусад дагалдах элементийн нөөцийн үнэлгээг Монгол Улсад мөрдөж буй олон улсын стандартын дагуу дахин хийж, үүнд үндэслэсэн ТЭЗҮ-ийг дахин боловсруулж, эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулах”гэж заасан бий. Гэвч ТЭЗҮ-ийг боловсруулах ажил дор хаяж хагас жил үргэлжилдэг бөгөөд чухам хэзээ албан ёсоор ажил хэрэг болох нь тодорхойгүй байна.

Дээрх бүх гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа тохиолдолд Монгол Улсын парламентын боловсруулсан шиг томоохон өөрчлөлт орох нь эргэлзээтэй.

Түүнчлэн “Байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг говийн бүсийн гүний ус ашиглах нөхцөлийг харгалзан тогтоох” гэсэн заалт бий. Дээрх үнэлгээ хийхийг НҮБ-ын тусгай төлөөлөгчийн мэдэгдсэн тайлан мэдээлэлтэй холбогдуулан даалгасан байж болох талтай. Анх гэрээ байгуулахад энэ талаар тусгаагүй бол Засгийн газартай хэлэлцээрийн ширээний ард суугаад ч шийдлээ хүлээх нь эргэлзээтэй. Хэрэв ямар нэгэн байдлаар үнэлгээ дахиад хийхээр шийдвэл хөрөнгө оруулалтын зардал ч эргээд өсөх нөхцөл байдал харагдаж байна. “Оюу толгой” төсөл дээр голлох хөрөнгө оруулагчдын нэг “Туркойз Хилл Ресурс”-ын төлөөлөл хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэхэд таагүй хандаж буй.

Монгол Улсын парламент албан ёсны тогтоолоор гэрээгээ ашигтай болгох талаар тусгасан ч хэрхэн, яаж шийдвэрлэх нь тодорхойгүй байна. Үүний зэрэгцээ Рио Тинто компани Монгол Улсын Засгийн газартай 2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 оны хувь нийлүүлэгчдийн нэмэлт өөрчлөлт болон 2015 онд гарын үсэг зурсан “Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-г бүх талаар хүчин төгөлдөр гэж үзэж байгаа. Дээрх бүх гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа тохиолдолд Монгол Улсын парламентын боловсруулсан шиг томоохон өөрчлөлт орох нь эргэлзээтэй.

Дээрээс нь Монгол Улс мөнгө угаах, терроризмтой тэмцэх, санхүүгийн арга хэмжээ авах байгууллагын саарал жагсаалтад эрчимтэй ангиллын бүсэд багтсан. Саарал жагсаалтад орсон энэ улсын хамгийн том төсөл гэгдэх “Оюу Толгой” төсөлд 2015 оноос хойш зөвхөн далд уурхай барих чиглэлд 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулаад байна. Гэхдээ энэ тоо өнгөрсөн долоодугаар сард нэмэгдэн 7.2 тэрбум ам.доллар болсныг сануулъя. Газар орны нөхцөл, геологийн нөхцөл байдлаас шалтгаалж буй энэ их зардал дээр одоо баригдах цахилгаан станц барих зардал ороогүй юм шүү. Хэрэв энэ зардал нэмэгдвэл нэмэлт санхүүжилтийн 2.8 тэрбум ам.доллар шаардлагатай. Энэ талаар “Рио тинто”, “Туркойз Хилл” Ресурс компаниуд хэд, хэдэн удаа уулзаад байна.

“Яг одоогийн байдлаар 3.4 тэрбум долларын өр (төслийн санхүүжилт болон цахилгаан станцын дэд бүт­цийн санхүүжилт), 500 сая ам.долларын хөрөнгийн санхүүжилт гэж бид тооцоолж байгаа” гэж Канакорд судалгааны төвийн шинжээч Далтон Барретто ярьжээ.

Барретто болон шин­жилгээний бусад ажилтан өнгөрсөн сард Монгол Улсад ажилласан. Зээлийн нөхцөл, цаашид ажиллах нөхцөл байдлын шинжилгээ хийсэн энэ байгууллага нэмэлт судалгаа хийх шаардлагатай гэж үзээд байна.

Тэдний шинжилгээнээс харвал дараах хэд, хэдэн асуудал урган гарсан юм. Төслийн нэмэлт санхүүжилтийн хэмжээ өссөн нь эргэлзээтэй байгаагаас гадна Монгол Улсын Засгийн газар байгуулсан хэлэлцээрийг дэмжин ажиллах итгэлцэл дутмаг гэж дүгнэжээ.  Үүнээс “Рио тинто”-д ч, Монголын Засгийн газарт ч асуудал байгааг нь харагдаж буй тул итгэлцлээ нэмэгдүүлэх ёстойг Канакортын шинжээчид онцолжээ.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ОНГОД(202.21.108.161) 2020 оны 05 сарын 30

Би авилга авч энэ гэрээг эх орныхоо эрх ашгийн эсрэг хийхэд хүргэсэн гээд хар толгойгоороо хариуцна гээд хэлэн гарч ирэх хоншоортой аавын хүү байдагч болоосой. Тэгсэн нөхцөлд энэ гэрээг сайжруулах зам нээллттэй болно

0  |  0
зочин(66.181.161.46) 2020 оны 01 сарын 07

анхнаасаа авилгал луйвраар хийгдсэн гэрээ иймээс цуцалхад буруудахгүй шинээр тэзү хийж яаж ашиглахаа бодох л асуудал

0  |  0
Top