-Алт тушаалт 30 хувиар буурсан гэдэг бол хууль хяналтынхны ажилдаа эзэн болоогүйг илтгэсэн үзүүлэлт-
Төв банк өнгөрсөн онд 15.2 тонн алт худалдаж авав. Алт олборлогчид Монголбанканд 2018 онд 21.9 тонныг тушааж байснаас 6.7 тонноор бага буюу 30 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Алтны салбараас авах сургамж бол энэ. Уг нь гадаад зах зээл дээр алтны ханш сүүлийн зургаа, долоон жилд тохиогоогүйгээрээ таатай байгаа. Энэ байдал өнгөрсөн оны турш хадгалагдсан. Гадаад зах зээлийн байдал цаашид алт унци нь 1600 ам.доллар давах магадлалтай талаар дотоод, гадаадын шинжээчид ам уралдах боллоо. Лав л гадаад зах зээлд өндөр савлагаа гарч буй энэ үед алтны ханш одоогийн 1500 ам.доллараас буурахгүй гэдгийг онцлох болж. Өнгөрсөн жил гаруй хугацаанд үргэлжилсэн их гүрнүүдийн худалдааны сөргөөн дэлхийн эдийн засагт хямрал авчирч болзошгүй гэдэг талаасаа алтны ханшинд ийн нөлөөлсөн. Сүүлийн үед өрнөж буй Америк, Ираны зөрчилдөөн ч алтны ханшид нөлөөлнө гэх. Учир нь нефтийн үнийн өсөлтөд голлон нөлөөлнө гэж харж байгаа Ойрхи Дорнодын хямралаас сэргийлэн дэлхийн улс орнууд алтны нөөцөө улам бүр нэмэгдүүлэх аж. Тиймээс энэ оны эхний хагаст унци алтны ханш 1650 ам.долларт хүрэх тооцоо гарчээ. Харин өнгөрсөн жилийн гаруйн турш алтны ханш өндөр байхад нөлөөлсөн Америк болон Хятад худалдааны дайн зарчмын хувьд “Нэгдүгээр шат”-ны хэлэлцээрт хүрсэн гэдгээ оны өмнөхөн зарласан. Хоёр тал нэмэгдүүлэхээр зэхэж байсан татварын нэмэгдлээ цуцалж, зарим тарифыг буулгахаар болсон. Үүний сацуу хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлж, оюуны өмч болон технологийн асуудлуудыг шийдэх бүтцийн өөрчлөлтүүдийг хийхээ мэдэгдээд байгаа.
Аман хэлбээрээр тохирсон энэ хэлэлцээр хараахан үзэглэгдээгүй учраас шинжээчдийн зүгээс “Нэгдүгээр шат”-ны хэлэлцээр зах зээлийн хүлээлтэд хүрээгүй гэдгийг онцолсон байна. Бизнесийн итгэлийг нэмэгдүүлэх, экспорт, хөрөнгө оруулалтыг нөхөн сэргээхэд хангалтгүй гэж дүгнэжээ. Дэлхийн эдийн засаг тийм ч эерэг биш, эрсдэл хэвээр байгаа. Тиймээс алтны ханш унахгүй гэж үзэх болсон. Үндсэндээ “Нэгдүгээр шат”-ны хэлэлцээрийн дараа Америк 250 ам.доллар бүхий импортын бүтээгдэхүүн дээр 25 хувийн татварыг хэвээр үлдээсэн.
Энэ мэт дэлхий дахинд өрнөж буй зөрчилдөөнүүд геополитикийн эрсдэлийн индекс сүүлийн 15 жилийн дээд түвшиндээ хүрсэн нь уламжлалт бус эрсдэл үүсэх магадлалтайг илтгэсэн гэдгийг судалгааны байгууллагууд мэдээлж эхэлсэн. Энэ нь олон улсын зах зээл дээр алтны эрэлтийг нэмэгдүүлсэн. Ялангуяа дэлхийн санхүүгийн бодлогыг тодорхойлж буй улсууд алтанд хамгийн их хөрөнгө хаяж байгаа нь сонирхолтой. Их гүрнүүдийн худалдааны дайн, дэлхийн эдийн засгийн удаашрал, төв банкуудын мөнгөний зөөлөн бодлогын дүнд алтны ханш ийн 1500 ам.долларт хүрсэн. Энэ үед валютын нөөцөө зузаатгаж, эрсдэлтэй хөрөнгө оруулалтаас зайлсхийх хамгийн найдвартай баталгаа нь хатуу валют буюу алтны нөөцөө нэмэгдүүлэх асуудал болоод буй. Ийм бодлого баримталж буй нь эдийн засгаа эвгүйтсэн тохиолдолд хүндрэлийг тойрч гарах гэсэн бэлтгэл. Үүнийг урьдчилан таамагласан зарим орны төв банк өнгөрсөн жилээс алт худалдан авалтаа эрчимтэй нэмж эхэлсэн байна.
Төв банкууд зөвхөн өнгөрсөн онд 651 тонн алт худалдан авсан нь 1971 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Дэлхийн алтны зөвлөлийн гаргасан судалгаагаар үнэт металлын хэрэглээ өнгөрсөн онд дөрвөн хувиар нэмэгдсэн нь сүүлийн долоон жилд гараагүй өсөлт аж. Үүнд нөлөөлсөн хүчин зүйл бол төв банкууд дахь алтны эрэлт 2018 онд 74 хувиар нэмэгдсэн явдал бөгөөд тус эрэлтийн хэмжээ бүх үеийн судалгааны хоёрдугаарт бичигдэх амжилт болжээ. Учир нь 2008, 2011 онд дэлхийг хамарсан санхүү болон өрийн их хямралаас авсан хүнд цохилт дэлхийн олон орны бодлого тодорхойлогчдод мартаж боломгүй том сургамж өгснөөс гадна АНУ, БНХАУ-ын худалдааны дайн дэлхийн эдийн засгийн хямрал дахин давтагдах үндэс болох вий гэсэн болгоомжлол байгаа юм. Хятадын төв банк л гэхэд өнгөрсөн долдугаар сард 10 тонн алт худалдаж авч, нийт нөөцөө 62.2 сая унци болгож өсгөсөн байна. Тус улсын төв банк арванхоёрдугаар сараас хойш тасралтгүй алт худалдаж авч байгаа бөгөөд арилжааны банкууд нь ч алтны нөөцөө нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч байгаа аж.
Дэлхийн алтны зөвлөлөөс гаргасан судалгаанаас харахад, БНХАУ-ын төв банк алтны нөөцөө энэ жилийн эхний хагаст гэхэд 374 тонноор нэмэгдүүлсэн байна. Зөвхөн БНХАУ ч бус Энэтхэг, Польш, ОХУ зэрэг дэлхийн олон орон он гарснаас хойш алтны нөөцөө эрс нэмэгдүүлээд байна. Үүнээс үүдэж шинжээчид алтны үнэ унци тутамдаа 1500 ам.долларт хүрсэн нь дөнгөж эхлэл ч байж магадгүй талаар онцолж байна.
Дэлхийн хамгийн том хүчирхэг улс болох АНУ-ын Холбооны нөөцийн сан валютын нөөцийнхөө 75 хувийг алтаар бүрдүүлдэг бол Герман 69, Итали 68 хувийг шар металлаар хамгаалдаг. Харин энэ үйл явц нь гадаад, дотоодын савлагаанд хэт мэдрэг, үүнээсээ улбаалан эрсдэл өндөртэйд тооцогддог Монгол Улсын хувьд алтны нөөцдөө тулгуурлан санхүүгийн чадавхаа нэмэгдүүлэх боломж. Гэвч эсрэгээрээ өнгөрсөн оны статистик дүн бидэнд сургамж болж, алдаатай бодлогын хэрэгжилтийг илтгэлээ.
Хамгийн сүүлд гэхэд УИХ-аас алтанд ногдуулах АМНАТ буюу рояалтийн хувийг нэмсэн нь алт тушаалт хумигдахад нөлөөлсөн. Алтны салбарыг дэмжиж, Монголбанкин дахь валютын нөөцөө нэмэгдүүлэх зорилтоосоо ухарсан энэхүү арга хэмжээний хүрээнд алтны рояалти таван хувь, дээр нь өсөн нэмэгдэх рояалти 4-5 хувь болж, нийтдээ гурав дахин нэмэгдсэн. Улмаар аж ахуйн нэгжүүдийн зүгээс Монголбанкинд тушаах алтны хэмжээ оны эхнээс авахуулан төлөвлөгөөнөөс хол зөрсөн. Үүнийг боловсруулах үйлдвэрийн зүгээс Үндсэн хуулийн Цэцэд өгснөөр бүр ойлгомжгүй болж хувиргасан. Уг нь 2.5 хувийн рояалти алтны салбарт том дэмжлэг болж өгсөн байдаг.
Дээрх хөнгөлөлтийн дүнд Монголбанкинд тушаах алтны хэмжээ эрс нэмэгдэж, сүүлийн хоёр жилд 20 тонн давсан юм. Өмнө нь “Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар”-тай холбоотойгоор алт тушаалт 15 тонноос ердөө хоёр болтлоо унаж байв. Харин рояалти татварыг 2.5 болгосон зохицуулалт хэрэгжсэнээс хойш Монголбанканд тушаасан алтны хэмжээ 2014 онд 12 тонн, 2015 онд 14.7 тонн, 2016 онд 18 тонн, 2017 онд 20 тонн, 2018 онд 22 тонн болж тасралтгүй өссөн. Энэ хэмжээгээр Монголбанкан дахь алтны нөөц өссөн бөгөөд Монгол Улсын гадаад валютын албан нөөц жилдээ 800 сая ам.доллараар нэмэгдсэн гэсэн үг. Засгийн газраас 2016 онд эдийн засгийг сэргээх олон арга хэмжээ авсны нэг нь алтны салбарт хэрэгжсэн. Багагүй үр дүнтэй хэрэгжиж байгаа ч гэж үздэг “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд Монголбанкны худалдан авалт 22 тоннд хүрсэн юм. Хөтөлбөр хэрэгжүүлж эхлэхэд, ДНБ-ий 2.6 хувь, уул уурхайн салбарын үйлдвэрлэлийн 9.6 хувь, экспортын орлогын 9.1 хувийг эзэлж байсан нь алтны үйлдвэрлэл Монгол Улсын эдийн засагт ихээхэн нөлөөтэй болохыг харуулдаг.
Нөгөө талаар Монголбанканд алт тушаалт буурсныг хууль хяналт, хил гаалийнхантай холбон тайлбарлахаас өөр аргагүй. Өнгөрсөн жилүүдийн тоо баримтаас харахад, алтны татварын нэмэгдлийг дагаад далд арилжаа өсдөг болохыг албаныхны зүгээс хэлсээр ирсэн. Тиймээс алт тушаалт 30 хувиар буурсан гэдэг бол хууль хяналтынхны ажилдаа эзэн болоогүйг илтгэсэн үзүүлэлт гэж ойлгож болно. ФАТФ буюу Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагаас Монгол Улсыг энэ төрлийн арилжаагаа хянаж чаддаггүй гэдгийг сануулж байсан удаатай.
Сэтгэгдэл ( 0 )