Авьяас билгийн туйл хэрнээ ихэрхэж ахархаад, аливаа зүйлд өөрийгөө дөвийлгөх гээд байхгүй энэ эрхэм бурхны оронд тийм л хэрэгтэй байж дээ. Таашгүй энэ ертөнцийн альхан зайд нь бийрээ түшээд өнөөх л говийнхоо унаган байгалийг дуу алдам зурж суугаа бол доо ах минь гэж бодохоор өөрийн эрхгүй сэтгэл сэмэрнэ. Уйтай дуутай сэтгэлийн уудамд ийнхүү гуниг харуусал байгаа хэдий ч уярал бас төрж байгаагаас үзвэл их уран бүтээлчийн тухай бодрол хэлхэж байгаагийн утга учир биз ээ.
Түүний зурсан зургийг харахаар өөрийн эрхгүй ус нутгаа санахын сацуу эрхэм ахын авьяас билгийг биширч зогсдог байлаа. Урлангаар нь ийнхүү гэнэ гэнэхэн зочилж, эгээ л үе тэнгийн хоёр шиг хөөрөлдөж суусан ах маань гэнэтхэн бидний дэргэдээс явчихна чинээ санасангүй. Зүүдэнд ч ийм утгын сүүдэр үл бөхөлзөх цагаар ах маань бурхны оронд заларлаа. Энэ нь ахан дүүс бидэнд төдийгүй Монголын уран зургийн ертөнцөд том гарз тохиов. Монгол цэргийн түүхэнд 300 генералын хөрөг бүтээж, 60 гаруй хаадын хөргийг тосон будгаар бүтээж Монгол Улсын уран зургийн түүхэнд ахин давтагдашгүй бүтээлээ мөнхөлж үлдээсэн хосгүй авьяастан бол Цэндийн Монгол хэмээх ус нутгийн маань ах байлаа. Тэрээр нэгэн жарныг лавхан туулахдаа 40 жил нь зурж, уран зурагт хайртай ард олныхоо мэлмийг баясгаад зогсохгүй уран зургийн түүхэнд өөрийн гэсэн нэгэн оргилыг бүтээсэн томоохон уран бүтээлч байв.
Уран бүтээлийн ахан дүүс хамтрагчид нь түүнийг дүгнэхдээ “Тэр зургаа зурахдаа зовлон их багатай, их түргэн, эмоци сайтай зурдаг юм. Зургаа нухаад, дахин дахин баллаад байдаггүй түргэн хурдацтай сэрмүүхэн зурдаг зураач” хэмээн ямар нэгэн эргэлзээгүйгээр хариулна. Нөгөө талаас хэлэхдээ “Түүний уран бүтээлийн онцлог бол өсч төрсөн говь нутгийнхаа байгаль, хад чулуу, бут ургамал, тэмээ, морь, хүн ардыгаа тусган зурдаг. Сайн ч, сайхан ч Монгол зураач юм” хэмээн бас л ямар ч эргэлзээгүйгээр хэлж зогсохыг нь олонтаа сонсож явжээ. Ийм л сайхан авьяастан Дорноговь аймгийн Алтанширээ суманд өдгөөгөөс нэгэн жарны өмнө буюу 1948 онд төрж, тэр л нутгийнхаа хүний нүдээр хараад амар таньчихгүй нандин сайхныг тасралтгүй зурсаар байв. Хамгийн сүүлд буюу гуравдугаар сарын дундуур түүний урлангаар зочлоход “Ах нь үзэсгэлэнгээ гаргана, аа. Сэргээж засах ч юм байна. Шинээр хийх ч юм байна. Ажил ихтэй л сууна” хэмээн бийрээ барин инээж зогссон сон. Өнөөх л алиа хошин хэрнээ нандин түүх цухалзуулсан амттай яриагаа дэлгэж суусан нь өчигдөр мэт.
Сэтгэгдэл ( 0 )