ОЛОН ӨНГӨ: Ардын дуу, эмээ хоёр

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 14

Хааяа хааяахан гэгэлзэн дуулж, гэрэлтэн суух дуртай л байлгүй яах вэ. Намар цагт айраг сөгнөн найрлан суух сайхан даа. Галтайхан сэтгэлийн цалгианд ганхан гунхан дуулахад намрын шувууд тоонон дээгүүр эргэлдээд толгод даван одох нь уйтайхан. Түм түжигнэсэн хотын үймээнээс түрхэн ч гэсэн дайжиж найз нөхөдтэйгээ наадан сууж гуниг үргэтэл дуулах ч сайхан. Сэвэлзтэл сайхан дуулахад сэтгэл ч сэргээд л ирэх. Эмээ минь дуунд дуртай дуучин хүн байж билээ. Гэнэ гэнэхэн намайг дуул гэнэ. "Настан буурал эмээ"-гээ дуулна аа. Эмээгийн минь аньсага мэлмэрээд нулимсаа арчиж суудаг сан. Үе үехэн эмээ минь "Гарын арван хуруу", "Арван тавны сар", "Гоолингоо", "Янлинхуар" ардын дууг хангинатал сайхан дуулдаг сан. Боржигон бараат нугалаа, цохилго нь донж маяг таарсан гэж янзтай. Эмээгээсээ сурсан ардын дуунуудаа элгээ зөөллөтөл дуулмаар санагдах юм. Заримдаа хонины бэлчээрт хүүхэд нас шигээ тэнгэрт  хүртэл цойлон дүүлэн  дуулмаар санагдах юм. Эмээтэйгээ хоёулхнаа эсгий гэртээ тооноор гэгээ цацартал дуулмаар санагдах юм. Даанч давчуухан орчлонд ухаарал уужрал шившсэн ардынхаа дууг дуулах газар олдохгүй юм. Эмээгээ л санаад байх шиг.

Ай, эмээ минь ардын дуу болж, ардын дуу эмээ минь болсон юм уу даа. Жамын тоосыг түүгээр арагтайгаа буданд уусах эмгэд

Жаргах нарны зүгээс бүгтхэн эгшиглэх ардын дуу болж

Хуурын аялгуунд шингэж дээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top