-БНХАУ-аас ирсэн зорчигчдоос сэжигтэй тохиолдол илэрсэн ч коронавирус биш болох нь тогтоогджээ-
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавирусийн халдварын эрсдэлийн үнэлгээг хийж, БНХАУ-ыг өндөр эрсдэлтэй, бусад орнуудыг дунд эрсдэлтэй гэж дүгнэсэн. Харин дэлхийн хэмжээнд тархах эрсдэл нь бага гэж үзсэн. Гэхдээ Япон, Тайланд Өмнөд Солонгос, Австрали, АНУ-д энэ вирус халдварласан байгаа учраас манай улс хил залгаа орны хувьд сэрэмжтэй байх ёстой. “Буянт-Ухаа” олон улсын агаарын замын боомт манай улсын агаарын хилийн хамгийн том боомт. Халдвар тархаж болзошгүй эрсдэлтэй энэ үед “Буянт-Ухаа” боомтод хяналт, шалгалт хэрхэн явагдаж байгааг сурвалжлахаар “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг зорилоо.
2020.01.22. 10:35 цаг.
Бээжингээс хөөрсөн онгоц манай улсад 10:50, 14:00 цагуудад газардах бөгөөд 10:50 цагаас “Air china” агаарын тээврийн компанийн онгоц газардана. Тус онгоцонд БНХАУ-ын 12 иргэн, Монгол Улсын 25 иргэн, ОХУ-ын таван иргэн, Өмнөд Солонгосын гурван иргэн ирж байгаа гэсэн мэдээллийг бид авлаа.
Коронавирусийн халдварын голомт болох Хубэй мужийн Ухань хотоос Бээжин, Бээжингээс Монгол Улс руу дамжин суусан хүн байхгүй гэв. Коронавирусийн халдвар тархсанаас хойш буюу нэгдүгээр сарын 7-21-ний хооронд Хонконг, Бээжин, Эрээн, Хөх хот, Манжуураас 68 агаарын хөлгөөр 9531 зорчигч Монгол Улсад иржээ. Эдгээр зорчигчдыг термокамерын хяналт дор нэвтрүүлсэн байна. Термокамер нь хүний биеийн халууныг хэмждэг бөгөөд 38 хэмээс дээш халуунтай зорчигч илэрвэл, тусгаарлах өрөөнд оруулан тандалт,судалгаа хийж Халдварт өвчин судлалын үндэсний төвд шилжүүлж байгаа аж. Мөн 14 асуулт бүхий эрүүл мэндийн тодорхойлох хуудас бөглүүлж байна.
Монгол руу “Буянт-Ухаа” хилийн боомтоор өдөрт 300-400, Замын-Үүдийн боомтоор 250-350 хүн зорчин ирж байна
11:00 цагийн үед “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал хүн хөдөлгөөнд дарагдлаа. Маск зүүсэн нэг ч хүн дайралдсангүй. Ирж байгаа зорчигчид мөн адил маскгүй байгаа нь халдварт вирусийн мэдээлэл иргэдэд бага хүрч байна уу гэлтэй.
Бээжингээс ирсэн зорчигчдоос коронавирусийн халдвартай холбоотойгоор Бээжин болон Монголын хил дээр хэрхэн хяналт, шалгалт хийж байгааг тодрууллаа. Зорчигч Б.Лхамаа “Бээжинд биднийг шалгаагүй. Маск зүү гэх мэт шаардлага тавьсан зүйл байхгүй. Харин онгоцонд суусны дараа халуурч байна уу, суулгасан уу, ханиалгаж байна уу гэх мэт асуулттай хуудас бөглүүлсэн” гэв.
Өөр нэг зорчигч Ө.Түвшин “Хятадад дэгдсэн вирусийн тухай мэдээлэл уншсан. Онгоцны буудал болон онгоц халуун учраас амны хаалтаа авсан. Манай улсад тус халдвар дэгдээгүй учраас онгоцноос буухдаа амны хаалт зүүсэнгүй” гэсэн юм. Хяналт, шалгалтын тухайд онгоцонд суусны дараа эрүүл мэндийн хуудас бөглүүлсэн тухай мөн хэллээ.
КОРОНАВИРУС ДЭГДСЭН ҮХАНЬ ХОТООС БУЯНТ УХАА БООМТООР 100 ГАРУЙ МОНГОЛ ИРГЭН ИРЖЭЭ
Хөл хөдөлгөөн намжсаны дараа бид “Буянт-Ухаа” боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны Эрүүл ахуй, халдвар, хамгааллын хяналтын улсын ахлагч байцаагч Т.Төмөрбаатартай уулзлаа. Тэрбээр “МХЕГ-аас халдварт өвчин гарснаас хойш Хилийн мэргэжлийн хяналтад чиглэл өгсөн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас БНХАУ-д тархах эрсдэл өндөр түвшинд байна гэж гарсан учраас "Буянт-Ухаа" боомт дээрх Хилийн мэргэжлийн хяналтын албыг чангатгаж, БНХАУ-аас ирж байгаа нислэгүүдээс зорчигчийн эрүүл мэндийн хуудас бөглүүлж байна. Бүх зорчигчийн халууныг хэмжин сэжигтэй тохиолдол гарвал Халдварт өвчин судлалын үндэсний төвд шилжүүлж байна. Шинэ төрлийн коронавирус гарснаас хойш хугацаанд БНХАУ-ын Бээжин, Хонгконгоос онгоцоор ирсэн халуурсан, ханиалгасан, амьсгалын замын халдварын сэжигтэй зургаан хүнийг ХӨСҮТ-д түр тусгаарлан онош тодруулах шинжилгээ хийж, шинэ төрлийн коронавирусын халдвар биш болох нь тогтоогдсон. Шинэ төрлийн коронавирусийн голомт болох БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотоос 100 гаруй Монгол иргэн ирсэн. Гэхдээ сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй” гэлээ. Нэг ээлжид Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 4-5 байцаагч ажиллаж байгаа аж. Хоёр байцаагч онгоцонд хяналт тавьж, хоёр байцаагч термокамер хянан ажиглалт хийж байлаа. Онгоцонд ажиллаж байгаа байцаагчид эрүүл мэндийн хуудас дээрх халуурах, ханиалгах гэсэн шинж тэмдгийг зөвлөсөн зорчигчийн халууныг үзэн тусгаарлах арга хэмжээ авна. Харин термокамер ажиглаж байгаа байцаагчид камерт 38 хэмээс дээш халуурсан иргэд ажиглагдвал тусгаарлан Халдварт өвчин судлалын үндэсний төвд шилжүүлэх арга хэмжээ авна. Мөн Бээжин болон Хонконгоос ирж байгаа зорчигчдыг халдварын голомт болох Ухань хотоос дамжин суусан уу гэдгийг “Ай пи эс” буюу зорчигчийн мэдээллийн системийн тусламжтайгаар харан хэрвээ байвал тухайн зорчигчдод нарийвчлан тандалт явуулдаг аж.
ВИРУСИЙН ГОЛОМТ УХАНЬ ХОТОД 200 ГАРУЙ МОНГОЛ ОЮУТАН СУРДАГ
Шинэ төрлийн коронавирус Хятадын төв бүсийн Ухань хотын далайн гаралтай хүнсний захаас анх тарсныг мэргэжилтнүүд тогтоогоод тус захыг хаагаад байгаа. Тэгвэл “Буянт-Ухаа” олон улсын агаарын замын боомтоор БНХАУ-аас далайн гаралтай бүтээгдэхүүн импортоор орж ирдэг эсэх талаар “Буянт-Ухаа” боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны Мал, эмнэлгийн улсын ахлах байцаагч Б.Дэлгэрмаа “Хятадаас далайн гаралтай бүтээгдэхүүн ирдэггүй. БНСУ-аас нэг аж ахуйн нэгж далайн гаралтай бүтээгдэхүүн карго терминалаар импортын мэдэгдэл, тухайн орны экспортын гэрчилгээтэйгээр оруулж ирдэг. Импортоор орж ирэх бүрдээ дээж өгч, улсын байцаагчийн хяналтад байдаг” гэсэн мэдээллийг өглөө.
Харин өвчний голомт болох БНХАУ-ын Хүбэй мужийн Ухань хотод Монголын 250 орчим оюутан сурдаг ажээ. Эрүүл мэндийн яамны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл энэ талаар "Уханьд сурдаг 200 гаруй оюутны ихэнх нь Хятадын цагаан сар болж байгаа тул амралтаараа Монголдоо буцаж ирсэн. Тэдгээр оюутнуудад хяналт, шалгалт тавьж, тандалт судалгаанд хамруулж байна" гэлээ. Хятадаас Монгол руу “Буянт-Ухаа” хилийн боомтоор өдөрт 300-400, Замын-Үүдийн боомтоор 250-350 хүн зорчин ирдэг гэсэн тоон мэдээлэл байна.
Сэтгэгдэл ( 5 )
Huuli zuin yamnii tawilga arai l bodhoor l teneg sanagdaad bnaa
Huuli zuin yamnii tawilga arai l bodhoor l teneg sanagdaad bnaa
Huuli zuin yamnii tawilga arai l bodhoor l teneg sanagdaad bnaa
Galt tergeer hyatadaas irj bui humuustee anhaaral handuulah heregtei. Uhanid surdag 200 garui mongol oyutanuud tsagaan saraar amarch ongotsoor irehgui sh dee.
Galt tergeer hyatadaas irj bui humuustee anhaaral handuulah heregtei. Uhanid surdag 200 garui mongol oyutanuud tsagaan saraar amarch ongotsoor irehgui sh dee.