Криминалистикийн шинжилгээний газрын дарга асан Д.Адилбаярыг шүүх хурал хойшиллоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 01 сарын 29

Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэрт байх Салхитын мөнгөний ордтой холбоотой асуудлаар цагдаа, ШШҮХ-ийн шинжээч, шүүгч нар энэ хэрэгт буруутгагдан өнөөдрийг хүртэл шалгагдаж байгаа. Тодруулбал, Салхитын мөнгөний орд газартай холбоотой хэрэгт холбогдуулан Шаравын Мөнгөншагай, Г.Жаргалан, ГИХГ-ын дэд дарга асан Б.Цолмон, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн тасгийн дарга Г.Алтан-Очир ШШҮХ-гийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаяр, ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нарыг цагдан хорьж шалгаж байсан билээ.


Тэгвэл шинжилгээний хариу будлиантуулсан хэрэгт ШШҮХ-гийн Криминалистикийн шинжилгээний газрын ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нарыг гэм буруугүй болохыг тогтоож харин тэдний даргаар ажиллаж байсан ШШҮХ-гийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаярыг  үүрэгт ажлаас нь чөлөөлж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ. Түүнтэй хамт ГИХГ-ын дэд дарга асан Б.Цолмонд эрүүгийн хуулийн 22.4.4, 22.5.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байсан юм.

Улмаар өчигдөр Д.Адилбаяр нарт холбогдох хэргийг шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдоод байсан юм. Гэвч уг хуралдаанд шүүгдэгч Б.Цолмонгийн өмгөөлөгч Г.Должинсүрэн нь эрүүл мэндийн шалтгаанаар ирэх боломжгүй болсон учир шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг баримтын хамт шүүхэд ирүүлсэн учраас хойшлуулж шийдвэрлэсэн байна. Тэднийг шүүх хурал ирэх хоёрдугаар сарын 17-ны өдөр болох бөгөөд шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйл буюу хахууль авах, нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Мөн 22.5 дугаар зүйл буюу хахууль өгөх, өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэх зүйл ангиар шүүж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top