Эцэг, эх бүрд “Хүүхдэдээ ямар ном уншуулах вэ” гэдэг асуудал тулгардаг. Учир нь хүнийг хүн болгох суурийг хүүхэд наснаас эхлэн эцэг, эх, багш нар тавьж өгөх үүрэгтэй. “Долоон хожгор, нэг можгор” хүүхдийн дуулалт жүжгийг 1992 онд бичсэнээс хойш өдийг хүртэл “Хүүхдийн” гэх тодотголтой зохиол бүтээлээрээ уншигчиддаа танил болсон Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт, “Алтан-Өд” наадмын гурван удаагийн шагналт зохиолч, яруу найрагч, МУБИС-ийн багш О.Сундуй гуайтай ярилцлаа. Түүний “Зуслангийн чөтгөр”, “Шарга даага” кино, "Агь хүү Сиддхартагийн аялал” жүжиг, “Мэхт мэхэндээ”, “Уруул нь урт хушуу болсон нь”, “Мөөлөө гөөлөө хоёр”, “Аймаар том нохой”, “Зуны нар мөхөөлдсөнд дуртай” зэрэг бүтээлийг бид мэднэ. Эрж хайж олсон уран бүтээлч маань магадгүй миний уулзаж байсан хамгийн гэгээлэг эрхэм байлаа.
-Таны зохиол бичиж эхэлсэн үеэс яриагаа эхлүүлье. Яагаад заавал хүүхдийн зохиол бичих болов?
-Зохиол бичиж эхэлсэн үе гэвэл балчир хүүхэд байхаасаа шүлэг, зохиол оролдсоор Багшийн сургуулийн оюутан болоод, сургуулиа төгсөж, бага ангийн багш болсон үеэс хүүхдийн зохиолд шимтэн оржээ. Багаас байсан бичих дуртай хүсэл сэтгэл маань багшлаад ирэхийн заагт хүүхдийн зохиол болон биелсэн гэж би боддог. Бага ангийн хүүхдүүд тэс өөр ертөнц юм. Үлгэрийн, уран сэтгэмжийн ертөнц. Үүнийг би багшилж байхдаа хамгийн их мэдэрсэн. Хүүхдүүдээ уран зохиолтой нөхөрлүүлэхийг хичээж, Дэлхийн болон Монголын хүүхдийн уран зохиол, шүлэг, яруу найраг тэргүүтнээс сурагчиддаа уншиж өгдөг, тэднийг зохиолгох, бүтээлгэх дуртай байлаа. Ер нь бодоод байхад хүүхдүүдээ уран зохиолд дурлуулах гэж байгаад өөрөө хамт дурлачихжээ. Оюутан ахуйдаа Г.Сухомлевскийгийн “Хүүхдэд зүрх сэтгэлээ зориулна” номоос салдаггүй байж дээ.
-Хүүхдийн ертөнц гэгээлэг, сайхан учраас та хүүхдийн зохиол руу явж оржээ. Таныг хүүхдүүдтэй хийсэн уулзалт, ил захидлуудаас зохиол, бүтээлийнхээ онгод, хөгийг авдаг гэж бодох юм. Тэдгээр бүхэн яаж нөлөөлдөг вэ?
-Хүүхдүүдтэй байнга уулздаг. Уулзсан хүүхдүүд надад захидал бичдэг. Тэдний захидлаас олон санаа төрнө. Зарим зохиолч хүүхэд насны дурсамжаасаа бичдэг. Харин би хүүхдийн ярьсан яриа, зурсан зураг, бичсэн захидалд хайртай. Өнгөрсөн жил гэхэд уншигч “найз” хүүхдүүдээс маань надад 100 орчим захидал илгээжээ. Хүүхдүүд үнэнч нөхөрлөдөг. Би ч гэсэн үнэнч байхыг хичээж хариу бичиж, яаж ийгээд хүргэхийг зорьдог. Нэг хүн надаас “Чи одоо яагаад дандаа инээж явдаг юм бэ” гэж илт төвөгшөөсөн янзтай асууж байсныг санадаг юм. Хүн инээх гэж хичээж инээхгүй. Миний уулзаж учирч байгаа хүүхдүүд л тийм их гэгээн юм шүү дээ. Намайг баяр хөөртэй болгож байгаа хамгийн том зүйл бол хүүхдүүд.
-Үнэхээр үргэлж инээж явдаг хүн бололтой шүү. Танд ирж байсан захидлуудаас хамгийн сэтгэлд хоногшсон бас сонирхолтой нь ямар байсан бэ?
-Хүүхдүүд ихэвчлэн захидал дотроо зурсан зураг, хийсэн бүтээлээсээ явуулах нь бий. Нэг хүүхэд яст мэлхий зураад, захидалдаа “Танд яст мэлхий зурж явууллаа. Яагаад гэвэл яст мэлхий 300 насалдаг. Та урт насалж, олон зохиол бичиж өгөөрэй” гэж бичсэн байсан. Нэг жаал миний зургийг харж байгаад баримал урласан байсан. Бүр Маргад гэдэг хүүхдийн бичсэн захиа надад бүхэл бүтэн ном бичих шалтгаан болсон. Түүний захидлаас хөглөгдөөд “Нар сар хоёрт найзын урилга явуулбал яах бол. Тэр хоёр хөөцөлдөөд манай ангид ороод ирвэл мөн гоё оо. Нар халууцдаг болохоор түүнд мөхөөлдөс захина. Сар шөнө гардаг болохоор даардаг байх. Түүнд халуун цай аягална” гэх мэт утгатай “Найрсаг урилга” шүлгийг бичиж, улмаар “Тэнгэрт өлгөөтэй бяслаг” номыг бичсэн. Хүүхдүүд найрсаг. Хүнийг хүндлэх, дайлах, цайлах арвин сэтгэлтэй байдаг. Тиймээс “Тэнгэрт өлгөөтэй бяслаг” номыг тэр чигээр нь найрсаг сэтгэлийн тухай зохиолоор дүүргэж, багачуудын унших бичиг хэмээн гаргасан юм. Монгол хүн төдийгүй хүн төрөлхтөн бие биедээ найрсаг хандах ёстой. Яг тэр чанар хүүхдэд байдаг. Монголчуудыг найрсаг зочломтгой хүмүүс байдаг гэж гаднынхан хэлдэг. Энэ бүхэн үнэтэй баялаг учраас бүтээлээрээ харуулахыг зорьсон.
ЯВЖ ЯВЖ САЙХНЫГ ХАЙРЛАНА ГЭДЭГ ЭНЭ ЕРТӨНЦИЙН ХАМГИЙН ТОМ “ЮМ”
-Хүүхдийн зохиол хүүхдийн хүмүүжилд эерэгээр нөлөөлж байвал сайхан сан. Ерөөсөө хүүхдэд зориулсан бүтээл ямар байх ёстой гэж боддог вэ?
-Ном гэдэг өөрөө бүхэлдээ гоо зүй юм. Үгийн, хэлний гоо зүй, дүрслэхийн гоо зүй. Хүүхдийн бүтээл ч ялгаагүй. Зураг, шүлэг, хөг аялгуу бүгд байх хэрэгтэй.
“Монголын үзэсгэлэнт сарангуа намайг төрүүлсэн ижий
Яруу сайхан эгшгээрээ бөн бөн бүүвэйлсэн ижий
Зөөлөн цагаан гараараа хөдөлгөн өсгөсөн ижий
Зүйтэй уран үгсээрээ сурган хүмүүжүүлсэн ижий” гэж ижий хүний сайхан бүхнийг их зохиолч Д.Нацагдорж ямар сайхан хэлээ вэ. Энэ шүлгээс “Тийм сайхан хүнийг хайрлахгүй гээд яах вэ дээ. Дөрөвхөн мөр шүлэг атлаа хэчнээн агуу шүлэг вэ” гэдгийг харж болно. Зохиол хүүхдийн хүмүүжилд сайнаар нөлөөлдөг байх нь зүйтэй. Хүмүүжилд зөв байх гэдэг хамгийн оносон тайлбар гэж би боддог. Харин зөв байх гэдэг нь сайхан юмыг хайрлахыг хэлнэ. Сайхан юмыг хайрлавал зөв байна. Сайхныг сайхан гэж хэлж байх хэрэгтэй. “Ямар сайхан өдөр вэ. Ямар сайхан цэцэг вэ” гээд л. Навч, цэцэг, чулуу, ус, ургамал гээд байгальд байгаа зүйлс бол миний зохиолын гол баатрууд. Хүн байгальд байгаа тэр зүйлсийг хайрлаж байж энэ ертөнцийг хайрлана. “Болжмор болжмор хөөрхөн дөө. Боов талханд дуртай даа” гээд болжморын тухай өхөөрдсөн шүлэг уншиж байгаа хүүхэд болжморыг чулуудахгүй.
“Болжмор болжмор ирлээ ирлээ
Бургасны мөчирт буулаа буулаа
Турьхан мөчрүүд дээшээ доошоо
Дуучин шувууд дүүжин даажин”
гээд “Дүүжин даажин” шүлгийг маань уншсан, тэр зураглалыг төсөөлсөн, ялангуяа харсан хүүхэд моддыг, бургасны мөчрийг хайрлана. Болжморын дүүжин даажин болсон мөчрийг нь хугалахгүй гэнэ. Нар ямар гайхалтай мандаж байна вэ гэдгийг анзаарч харж байгаа хүүхэд нарыг хайрлана. Байгаль ертөнц, ижий аав сайхан бүхнийг хайрлана. Уншсан номоо урахгүй тэврээд явна. Ер нь явж явж сайхныг хайрлах гэдэг л чухал юм байна даа гэж би боддог.
-“Зөв байх нь сайхан юмыг хайрлах, сайхан юмыг хайрлавал зөв байна” гэж та хэллээ. Байгаль дэлхийн тэр сайхан бүхнийг хүн төрөлхтөн өөрсдөө устгаад л байгаа. Хүний сайхныг ч бас хүн төрөлхтөн өөрсдөө устгаж байж магадгүй юм?
-Нэг сайхан юм үгүй болоход олон сайхан юм хамт үгүй болдог. Нэг жишээ хэлье л дээ. Манай байрны хажууд хавар болгон эрт гөлөглөдөг нэг бургас байлаа. Тэр бургасан дээр шувууд ирж шулганаад л, нарны цацраг шаргиж байгаа юм шиг их сайхан дуугарна. Гэнэт нэг өдөр тэр сайхан бургас алга болчихжээ. Ургаж байсан газарт нь байшин барих гээд тайрчихсан байлаа. Тэр бургастай хамт шувуудын жиргээ, бургас гөлөглөж байгаа үеийн хөөрхөн жижиг нахиа бүгд алга болсон. Тэр бүхнийг хүүхдүүд үзэж чадахгүй, сонсож чадахгүй болж байна гэсэн үг. Тэгэхээр сайхныг хайрлана гэдэг хамгийн том юм. Миний номыг уншихдаа энэ бүхнээс бага ч гэсэн ойлгочих л юм бол надад бол оо.
-Олон жилийн хөдөлмөрөө эргээд харахад хүүхдийн шүлэг, үлгэр, жүжиг, зохиол гээд нийт хэчнээн бүтээлтэй болсон байна вэ?
-Миний анхны нийтийн хүртээл болсон бүтээл 1992 онд “Долоон хожгор нэг можгор” гээд хүүхдийн дуулалт жүжиг байсан. Үүнээс хойш гаргасан нийт 30 гаруй ном бий. “Шүлэгч хүүхдүүд” номонд оруулахаар шүлгүүдээ тоолоход хүүхдэд зориулсан 1000 гаруй шүлэг байсан. Уншигчиддаа зориулж байгаа учраас бүх шүлгээ хэвлүүлэх албагүй. Болсон бүтээлээ хэвлэх ёстой. Тиймээс шилж сонгоод 108 шүлэг хэвлүүлж байжээ. Жил бүр шинэ шинэ уншигчид төрдөг. Тиймээс номыг сайжруулж, шинээр хэвлүүлж байх хэрэгтэй. Миний зарчим бол өмнөх хийснээ тунгааж явахыг хичээдэг. Уншигчдаа уйдаахгүй хүсэл мөрөөдөлд нь миний зохиол оршиж байгаасай.
-Та хүүхдүүдээс ирсэн захидлуудаа хадгалж байгаа биз дээ?
-Хадгалалгүй яах вэ. Жилд 100 орчим захидал ирдэг гэхээр олон захиа бий. Гэхдээ манайд захидлын соёл алдагдаж байна. Захидлын соёл гэдэг бол тухайн улс үндэстний хэл соёл, хувь хүний намтар, түүх, сэтгэл хөдлөлийг хадгалдаг. Айл гэрийн хувьд хамгийн үнэт зүйлийн нэг байх ёстой. Би гэхэд ээжээсээ надад бичсэн захидлыг нандигнан хадгалж байдаг. Захидлын соёлыг алдуулж болохгүй. Манай бага боловсролд захидал бичих тухай хичээл ордог.
-Ярих гэхээсээ илүү захидлаар чин сэтгэлээ гаргаж болдог байх?
-Тийм. Цаас дэлгээд бичихэд оюун санааны эрх чөлөөнд ойртдог. Хэлж чадаагүй бүхнээ илэрхийлж, сэтгэлд нь сонсгож чаддаг. Сэтгэлээ уудлахад хамгийн гоё харилцаа бол захидал бичих. Би одоо ч гэсэн оюутнуудаараа ээж, аавд нь захидал бичүүлдэг.
МОНГОЛЫН ХҮҮХДИЙН УРАН ЗОХИОЛД ҮНЭ ЦЭН НЬ ХУУЧРАШГҮЙ ЗОХИОЛ ОЛОН “ТӨРСӨН”
-Зохиолынхоо нэрийг яаж өгдөг вэ. “Долоон хожгор нэг можгор”, “Аймаар том нохой”,“Зуны нар мөхөөлдсөнд дуртай” гээд онцгой содноор нэрлэх юм?
-Заримдаа нэрээ эхэлж олчихоод зохиолоо бичдэг. Зохиолчийн номын нэр, бүтээлийн нэр гэдэг бол хүүхдэдээ нэр бодож өгч байгаа юм шиг нандин байдаг. Хожим хойно зохиолчийн тухай гэхээс илүү зохиолчийн бүтээлийн тухай яригддаг.
-Таны зохиосон шүлэг, үлгэрүүдээс эх орон, аж ахуй, байгалийн нандин холбоосууд анзаарагдаж байна. Жишээлбэл, таны бичсэн “Эх орон” өгүүллэгээс сэдэвлэн “Шарга даага” киног хийсэн байдаг. Зохиолыг кино болгоход зарим талаар зохиолдоо хүрэхгүй байх нь бий. Таны хувьд “Шарга даага” кино сэтгэлд тань хүрсэн үү?
-“Зуслангийн чөтгөр” хүүхдийн киноноос миний зохиол алга болсон гэж бодоод би жаахан харамсдаг. Харин “Шарга даага” кинонд зохиолын санааг гээгээгүй. Зохиолын санааг гээсэн кино хийх нь утгагүй хэрэг. “Эх нутаг” өгүүллэгээ яаж бичсэн бэ гэхээр бага охин маань Унгарт сурахаар явсан. Хол явсан охиноо санана. Нэг удаа охин маань надаас “Намайг Улаанбаатарт төрсөн байтал Төв аймгийн Угтаалцайдамд төрсөн гээд биччихжээ” гэж асуулаа. Асуултад нь би “Чи хотод эхээс мэндэлсэн. Магадгүй чи онгоцонд явж байгаад төрж болно. Тэгвэл чиний төрсөн нутаг онгоц биш шүү дээ. Төрсөн нутаг гэдэг бол хүн анх эс болон бүрэлдэж байгаа тэр газар юм. Эхийн хэвлийд байх хугацааг монголчууд нэг нас гэдэг. Чамайг хүний төрлийг олж байхад чиний ээж, аав ямар нутгийн усыг ууж, агаарыг амьсгалж, идээ ундааг идэж байсан бэ. Тэр чиний төрсөн газар” гэж хариулсан. Тийм учраас “Шарга даага” кинонд даага өөрийн эрхгүй тэмүүлсээр байгаад нутагтаа ирдэг.
-Та “Эх нутаг” өгүүллэгээ хэдэн онд бичлээ. Таныг бичсэнээс хойш санаа давтагдаагүй байх аа?
-Охиныхоо төрсөн өдрөөр Унгар руу “Эх нутаг” өгүүллэгээ бичээд явуулж байсан. 2005 онд юм байна.
-Хүүхдийн зохиолч хүний хувьд хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлдэг тухай нь сонирхохгүй өнгөрч боломгүй санагдлаа?
-Хүн бол хамгийн хайртай, дотнын хүмүүстээ шаардлага тавьдаг шүү дээ. Ялангуяа эцэг хүн өөрийнхөө хийж, бүтээж байгаа зүйлийг хүүхдүүд маань үргэлжлүүлээсэй гэж боддог. Минийхээр хүүхдийн хүүхэд насыг хайрлаж өсгөх чухал юм байна. Эргээд бодоход, миний ээж аав хүүхдийнхээ хүүхэд насыг хайрлаж өсгөсөн. Надад айхтар хатуурхаж байгаагүй. Гэхдээ тэр нь буруу байгаагүй.
-Бүхэл бүтэн номыг уншаад хүүхдэд ядаж нэг зүйл үлдэх хэрэгтэй болов уу. Таны бодлоор манайд хүүхдийн зохиолын хөгжил яаж явагдаж байгаа вэ?
-ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан, тэдний жишгээр хөгжиж байсан улсууд нэг л утга зохиолын түүхийг туулж байна. Уран зохиол олон төрөл зүйлтэй байдаг хирнээ уншигчдаараа хоёрхон төрөл зүйл болдог. Нийтийн уран зохиол, хүүхдийн уран зохиол гэсэн хоёр төрлийн уншигч байна. Манайд хүүхдийн уран зохиол эртний болон аман зохиолтойгоо холбоотой явж ирсэн. 1990 он хүртэл үндсэндээ нийгмийн баримталж байгаа үзэл санаа, бодолд үйлчлэх чиглэлтэй байсан. Гэхдээ нийгэмд хэзээ ч солигддоггүй үнэт зүйл бол хүн хүнээ хайрлах сэтгэл, найрсаг сэтгэл. Энэ бол ямар ч үед хүүхдийн уран зохиолоор дамжуулж хэлэх санаа мөн. Хөгжлийн тухайд манай хүүхдийн уран зохиол Оросын утга зохиолоос сайн сайхан зүйл нөлөөллөө авсан боловч дэлхийн хүүхдийн уран зохиолоос харьцангуй хоцорч явж иржээ. Гэвч одоо дэлхий бидний өмнө нээлттэй болсон учраас энэ цаг үеийн хүүхдийн уран зохиолыг бичиж байгаа болон эхлэн бичиж байгаа хүмүүст маш том боломжууд нээгдчихлээ. Цаашдаа бид дэлхийн уран зохиолтой хөл нийлүүлэх хэрэгтэй.
-Дэлхийд хүүхэлдэйн киноны баатруудын дүр дууссан гэж ярихыг саяхан нэг нэвтрүүлгээр үзлээ. Монгол ардын үлгэр, домог, туульсаас дүр гаргаад кино хийвэл яах бол. Арван таван толгойтой атгаалжин хар мангас гээд л?
-Дэлхийгээс суралцахад бодмоор зүйлс олон байна. Дэлхийд гарсан хүүхдийн номыг тэр чигээр нь хуулбарлаад байвал маш буруу. Бид хэлгүй болно. Унших юмгүй болно. Зөвхөн зургийг нь чухалчлаад зохиолд нь ач холбогдол өгөхгүй байвал юу ч биш болж, яваандаа комик л үздэг, уншихаас залхуурдаг хүмүүсийг бэлдэнэ. Тэгэхээр бид дэлхийгээс суралцах ёстой атлаа өөрийнхөө онцлогийг авч үлдэх нь зайлшгүй шаардлага. Ямар ч цаг үед бүтээгдсэн гологдохгүй, үнэ цэн нь хэвээрээ байгаа сайн зохиолууд манайд олон бий. Ялангуяа 1960-1970 оны хүүхдийн зохиолуудыг нэрлэж болох юм. Монголд байгаа үлгэр, домгийн гайхамшигтай дүрүүдээр, өөрсдийнхөө үнэ цэнтэй зүйлсээр кино хийгээд явах боломж хангалттай байна.
-Танд тийм кино хийх бодол бий юу?
-Яг кино хийх бодол төрөөгүй байна. Зүгээр өөрийнхөө зохиол, бүтээлийг гадагш нь гаргаад үзэх юм сан. Манай хүүхдүүд уншаад байх юм. Дэлхийн хүүхдүүд адилхан л унших байлгүй дээ гэх бодол байна. Америкийн хүүхдийн зохиол бичдэг байгууллагуудаас манай хүүхдийн зохиолчдын бүтээлийг сонирхох болсон. Цаашлаад Монголын уншигчаасаа гадна дэлхийн хүүхдүүдийн сонирхолд зохиолоо нийцүүлэх шаардлага тулгарах байх. Үүнд бэлдэх хэрэгтэй.
-Өрнө, Дорнын хүүхдийн зохиолд тэр нь илүү гэсэн зүйл байхгүй байх?
-Аль алинд нь хүүхдийн уран бүтээл хөгжсөн байдаг. Харин гаднын зохиол орчуулагчийн чадвараас шалтгаалж манай хөрсөн дээр бууна. Сайн, муу орчуулга, сайн, муу зохиолын сонголт гэж байхаас шүүж хэлэхэд бэрх юм.
-Та энэ олон жил зохиол, бүтээлээ туурвиж байгаа нь өөрөөсөө урвахгүй явж байна гэсэн үг. Зохиолчийн хувьд бичмээргүй санагдах нь л бэрхшээл байх. Танд зохиол бичмээргүй үе тохиож байсан уу?
-Ажил алба гэж яваад зохиолуудыг алгуурлаж байсан цаг хугацаа надад их бий. Одоо эсрэгээрээ МУБИС-д багшилснаасаа хойш багш нар, хүүхдүүдтэйгээ эргэд холбогдож байна. Захидлаар хүүхдүүдтэй харилцаж байна. Номын талаар сэтгэгдлийг нь асууж, шүүмжээс суралцаж, харилцаа холбоо сайжраад байгаа. Тиймээс өмнөхөөсөө илүү бичих ёстой гэсэн үүрэг, хариуцлага нэмэгдэж, дотроо өөрийгөө “үүрэгдэж” явна.
-Сургууль бүрд шүлэг, зохиол бичдэг хүүхдүүд байдаг. Бичих дуртай нь ч олон бий. Тэдэнд юу гэж зөвлөх вэ. Бичье гэж бодоод хичээж бичих үү, бичмээр санагдангуут шууд бичих үү?
-Зохиож бичих дуртай хүүхдүүдээр бичүүлээд л байх хэрэгтэй. Тэгж, ингэж бич гээд учиргүй заагаад хэрэггүй. Хэл, найруулгынх нь талаас зөвлөж болох юм. Харин бичээд байхад нь ном уншуулчих хэрэгтэй. Сайхан хэл найруулгатай, агуулгын хувьд үнэ цэнтэй зохиолуудыг уншуулаад бай. Ингэснээр хүүхдийн бичих авьяаст нэг их нөлөөлөхгүй юм шиг хирнээ нөгөө номууд нь өөрийн эрхгүй нөлөөлдөг гэсэн үг. Зохиож бичих дуртай хүүхдийг учиргүй загнаад байвал уйдаад юм уу, заавал тэгэх, ингэх ёстой гэсэн зүйлд баригдаад бичихээ больчихдог талтай.
-Сүүлийн үеийн уран зохиолын ямар ном уншиж байна вэ?
-Монголын зохиолчдынхоо бичсэн номуудыг уншихаас гадна зарим сайн орчуулгатай зохиолуудыг уншиж байна. “Мөнхийн үсэг”, “Монсудар”, “Нэпко”, “Мир”-ийн орчуулгын номуудыг уншина. Мэдээж үндэснийхээ уран зохиолуудыг сайн унших хэрэгтэй. Монголын хүүхдийн уран зохиолчдоос хүүрнэл зохиолчийн хувьд их том зохиолч гэж боддог Д.Гармаа гуайн зохиолыг унших дуртай.
НИЙГМЭЭРЭЭ ЗӨВ, САЙН ЯВАХ ТУХАЙ БОДОХ ЦАГ ИРЛЭЭ
-Та багаасаа уран зохиолын дугуйланд явсан гэдэг. Одоо зохиолч нөхдийн тань “Эвт үзэг” гээд бүлгэм байна. Манайд уран зохиолын дугуйлангууд хэр байгаа вэ. Бичихэд багшийн нөлөө мэдээж бий?
-Хүүхдэд уран бүтээлээ зориулж байгаа зохиолч, зураач, номын санч, хөгжмийн зохиолч бүгд санал бодлоо солилцож “Эвт үзэг” бүлгэмд нэгдсэн байдаг. Зарим сургууль дээр уран зохиолын дугуйлангууд байгаа. Ангийн бүх хүүхдэд бичих тухай зөвлөгөө өгөх, зохиол бичдэг хүүхдэд зөвлөгөө өгөх арай өөр. Сайн багш, сайн уншигч маш чухал. Ээж, аавууд хүүхдэдээ ном сонгохдоо хэл найруулга ямар байна, ядаж өмнөх үгийг нь уншмаар байна. Манай хүүхэд уншиж чадах болов уу гээд ядаж нэг зохиолыг нь уншиж үзмээр, агуулга нь ямар бол гэж бодмоор байгаа юм. Ном, ном өөрийн гэсэн өнгө төрхтэй байдаг.
-Сүүлийн үеийн уран бүтээлээсээ манай уншигчдад сонирхуулаач?
-2020 онд зөвхөн үлгэрүүдээр “Орчин үеийн үлгэрүүд” гэж ном гаргана. Шилдэг шүлгийн түүвэр болон шинэ зохиолуудаар ном гаргахаар төлөвлөж байна. Одоо өөрт байгаагаасаа нэлээд өөр бүтээлүүд гаргахыг зорьж байгаа. Өмнө нь бичсэн зохиолууддаа шүүмжлэлтэй хандаж байна. Өөрийгөө давтсан зүйлсээ өөрчлөх ёстой. Үүнийг хоёр зүйлээс ухаарлаа. Нэгдүгээрт, хүүхдүүдийн ирж байгаа захидал, аль зохиол дээр тэдний сонирхол төрж байна гэдгээс, хоёрдугаарт, би өөрөө уншиж байна. Сүүлийн үед хүүхдийн зохиолуудад ямар нэг зүйлээс сургамж авахаасаа илүү олон талаас нь зохиолыг бодох, зохиолчийн бичсэнээс цааш зохиолыг үргэлжлүүлж бодуулдаг байлгах нь чухал санагдаж байгаа. Тиймээс үлгэр, шүлгээ бичээд “яагаад” гэсэн асуултуудыг хүүхдэд тавьж бичих болсон. Жишээлбэл, “Чамд хамгийн дотно хүндээ л хэлмээр нууц байдаг уу” гэж асууж болж байна. Хамгийн гол нь аав, ээжтэйгээ хамт хариултаа ярилцах хэрэгтэй. Энэ нь хүүхдийг хөгжүүлэхэд эерэгээр нөлөөлнө.
-Зохиолч номоо гаргаад дэлгүүрүүдэд, зарим номын санд өгдөг. Магадгүй үнэ цэнтэй бүтээл бичсэн бол яах вэ. Үүнийг нь яаж мэдэж, хүртэж, ялангуяа цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдэд хүргэх вэ?
-Манай хүүхдийн уран зохиолд судлал, шүүмж байхгүй. Хичээлийн хөтөлбөрт намрын тухай шүлэг үзнэ л гэж байхаас тэр зохиолчийн бүтээлийг үзнэ гэж байхгүй. Тэгэхээр тухайн цэцэрлэгийн багш хүүхдүүдэд цээжлүүлэх дуу, шүлгийг өөрөө олно гэсэн үг. Шууд тааралдсан юмаа зааж болохгүй. Багш хүн унших хэрэгтэй. Уншдаггүй хүн багш болчихвол хүүхдэд юу уншуулах юм бэ. Яаж сайн, сайхан юмыг хүүхдэд олж үзүүлэх вэ. Манайд урлагийн менежмент гээч байх ёстой болов уу.
-Хүүхдийн зохиол удаан бичсэн, оюутнуудад багшилж байгаа хүний хувьд “Z” үеийнхэн гээд 2000 оноос хойш төрсөн хүүхдүүдийг нэрлээд байгааг юу гэж бодох юм?
-Сэтгэхүйн хувьд илүү хөгжил сайтай хүүхдүүд гарч ирлээ гэж боддог. Хүүхдүүд их боддог болчихжээ. Бүр бясалгадаг, хүсэл тэмүүллээ тодорхойлдог үе иржээ. Нийгмийг соён гэгээрүүлэхэд эцэг, эх, зохиолч, сэтгүүлчдийн үүрэг их. Хуучны цагт хүүхдэд уншихад тохиромжгүй ном, зохиолыг шүүмжилж ярьдаг байлаа. Уншихгүй бол шүүмжлэхгүй учраас энэ тухай бид бодох шаардлагатай болж байна. Жишээлбэл, одоогийн таван настай хүүхдүүд бүгд хамтдаа өсч том болно. Хэрвээ муу үлгэр дуурайлалтай бол нэгнийхээ хүмүүжилд нөгөө нь нөлөөлнө. Тэгэхээр нийгмээрээ зөв, сайн явах тухай бодохгүй бол хэцүү боллоо. Нийгмийн сэтгэлгээг зөв болгоход нэг гарцыг олж хараад нэг зүг рүү нийтээрээ зүтгэхгүй байна.
-Ном унш гэхээр уншихгүй, ном авч өгөөд ч уншихгүй байгаа хүүхдүүдийг яаж уншдаг болгох вэ. Төв, суурингийн хүүхдүүд Монгол ахуйгаасаа улам бүр холдсоор байна?
-Өнөөдрийн цаг үе бол та нарын ч, бидний ч цаг үеэс өөр. Одоо цаг үед хүүхдийн сонирхлыг татах, биднээс хүүхдийг булааж авах зүйл олон байгаа. Дэлгэц, интернэт тоглоомын газрууд, найз нөхөд ч булааж авна. Бид юу ч хэлж амжаагүй байтал тэр булааж авч байгаа зүйлүүд хүүхдийг өсгөөд, хүмүүжүүлээд нийгэмд гаргаад тавьчихна. Бид энэ бүхнийг бодоод, яриад байж болохгүй. Улс орон гэж байгаа юм бол нэгдүгээрт, төр засаг бодлого боловсруулах ёстой. Яаж хүүхдийг монгол хүн байлгах юм, яаж номтой нөхөрлүүлэх юм гэдэгт маш хүчтэй бодлого боловсруулж, бодлогыг хэрэгжүүлж, үр дүнг нь тооцох ёстой.
Хамгийн чухал юмаа жижиг зүйл гэж бодоод байна. Хэчнээн их материал баялгийг үйлдвэрлээд хүн нь хүн биш бол улс нь улс биш шүү дээ. Хэн ч гэсэн хөндлөнгөөс орж ирээд биднийг эзлэхэд нийгмийн дархлаа, нэг үзэл санаа байх нь зүйтэй. Өөрийн бахархал, соёлгүй ард түмнийг үгүйсгэхэд их хялбар болно. Нөгөө талдаа залуу ээж, аавуудад зориуд хэлмээр байна. Төр засаг энэ бүхнийг бодлого болгож хэрэгжүүлэхийг хүлээхгүйгээр хүн болгон үр хүүхдээ зөв хүн болгох талаар бодмоор байна. Жишээ хэлье л дээ. Би нэг айлд очиж хүүхдүүдтэй нь уулзахад тэр гэр бүлд “Цахим ертөнцгүй өдөр” гэж байсан. Тэр өдрөө зурагт үздэггүй, утас ашигладаггүй учраас хүүхдэд “Юу хийх вэ” гэдэг асуудал тулгарч байна. Тэр үед нь сонирхолтой ном уншиж өгөөд номонд уруу татаж байна. Урамшууллын системтэй ч байна. Аялал, зугаалгад явах гэж төлөвлөөд түүнээсээ өмнө эдгээр номыг уншаарай гэж байна.
-Авууштай санаанууд юм аа?
-Гэр бүлийн хүрээнд хүүхдээ зөв хүн болгох хөтөлбөр боловсруулах хэрэгтэй. Улс оронд тийм хөтөлбөр байх хэрэгтэй. Эцэг, эх өөрсдөө ном уншихгүй утас оролдоод байхад хүүхэд яаж унших юм бэ. Хамгийн чухал хүмүүжлийн хэрэгсэл бол үлгэрлэх. Хүн төрөлхтөн амжилт гаргахын төлөө хэт чармайхаа больж, оюуны өв хөрөнгө гэдэг зүйлд анхаардаг болж байна. Зүгээр л сайхан амьдрах хэрэгтэй. Гэхдээ сайхан амьдрах бололцоотой байгаасай. Хүнд хүнлэг шинж, амьтанлаг шинж аль аль нь байдаг байх. Ном бүтээл гэдэг амьтанлаг шинжийг нь дарж, хүмүүнлэг шинжийг нь өнгөлж байдаг гэж боддог. Зохиол бүтээл бичиж, уншсан үед баяр хөөртэй, хүмүүст хандах хандлага зөв байдаг. Хүн амьтнаас ялгаатай нь ухамсар юм. Түүнийг өдөөж байгаа зүйл нь урлаг, уран зохиол билээ.
Сэтгэгдэл ( 2 )
Лисд
Ээж, аавууд үр хүүхдэдээ зөв үлгэрлэх ёстой гэдгийг ухамсарлах хэрэгтэй.