Дэлхийн банкны тусламжийг хэн хумсалдаг вэ!

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 02

Ядуу буурай улс орон Дэлхийн банкнаас авто зам, усны шугам тавих эсвэл авлигатай тэмцэхэд зориулж тусламж авах бүрт тун удалгүй нэгэн "гайхамшиг" болдог бичигдээгүй хууль бий. Учир нь яг энэ үед ядуу буурай улсууд гэв гэнэт валютаар хахаж цацаж эхэлдэг. 

Валют нь оффшор бүс рүү урсдаг болохыг эдийн засагчид тогтоосон бөгөөд боломжит бүхий л хувилбарыг задлан шинжилсний дүнд хамгийн үнэмшилтэй хувилбар дээр санал нэгтэй тогтжээ. Энэ нь тусламжийн тодорхой хэсэг эрх баригчдын халаас уруу ордог байна. Ядуу улс оронд энэ нь 7.5 хувьтай байдаг бол нэн ядуу улс орны эрх баригчид хоёр дахин илүү буюу тусламжийн 15 хувийг хумсалдаг байна.

Энэхүү дүгнэлтэд хүргэсэн судалгааг гурван эдийн засагч өнгөрсөн онд хийснээс нэг нь Дэлхийн банкны эдийн засагч байв. Тэд судалгаагаа тус банканд хэлэлцүүлж, нийтлүүлэхээр хүргүүлж, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард судалгаа олон нийтийн хүртээл болоход бэлэн болсон байж. Гэхдээ дэлхий дахин тэдний судалгааны ажлын талаар энэ оны хоёрдугаар сард дуулиантай нөхцөл байдалд мэдэж авав. Судалгааны ажлыг барууны ертөнцийн тэргүүний хоёр хэвлэл болох “Economist” болон “Financial Times” сонин олон нийтэд ил болгосон билээ. Эдийн засагчдын судалгааны ажлыг олны хүртээл болгоогүйн шалтгааныг “Economist” хэвлэл Дэлхийн банкны ерөнхий эдийн засагчийн албан тушаалыг нэг жил хагасын хугацаанд хашиж чадаагүй Пенни Голдбергийг чөлөөлсөнтэй холбон тайлбарлажээ.

Тус хоёр хэвлэл дарагдаж үлдсэн судалгааны ажлын агуулгын талаар өгүүлж, нөхцөл байдлыг Дэлхийн банкан дахь өөрчлөлтийн хүрээнд тайлбарласан байна. Дэлхийн банкны тэргүүнээр АНУ-ын төрийн тэргүүн Доналд Трампын хамтран зүтгэгч, Дэлхийн банкийг  шүүмжлэгч болсон. Тус хоёр хэвлэл нөхцөл байдлыг хараат бус шинжилгээ, судалгаа зарим үед  улс төрийн учир шалтгааны золиос болж, ядуу буурай улс орнуудын талаар баримталж буй бодлого, тусламжийн үр нөлөөг бүхэлд нь үгүй хийдэг тухай түгшүүртэй сануулга болж байна хэмээн онцолжээ. Хэвлэл мэдээллийн ертөнц дэх шуугиан үр дүнд хүрэв. “Элитүүд гаднын тусламжийг завших нь. Оффшор данс дахь нотлох баримтууд” хэмээн нэрлэсэн баримт бичгийн нооргийг “банктай зөвшилцсөний” үндсэн дээр судалгааны ажлын зохиогчдын нэг эхлээд нийтэлсэн бол тун удалгүй Дэлхийн банк нэг их дуулиан шуугиан бололгүйгээр өөрийн цахим хуудсанд байршуулав.
 

“Хэрэг явдал эрчимтэй өрнөж байна. Бидний судалгааны ажлыг Дэлхийн банкны цахим хуудсанд байршуулжээ” гэж эдийн засагч Иорген Андерсон жиргэсэн байна. Банкны зүгээс дуулиан болсон судалгааны ажлыг нийтлэхийг хориглоогүй, дүгнэлт хэр их үндэслэлтэй болох талаар эргэлзээ байсан тул нийтлүүлэхийг хойшлуулсан хэмээн учирлажээ. Харин Дэлхийн банкны ерөнхий эдийн засагч Пенни Голдберг ажлаа өгөх болсон шалтгааныг ер тайлбарлаагүй. Блүмберг агентлагийн мэдээлж байсанчлан, Дэлхийн банкны тэргүүн Дэвид Малпасс ажилтнууддаа хаягласан цахим захидалд Голдберг төрөлх Йелийн их сургуульдаа буцаж байна хэмээгээд “банкийг өндөр зэрэглэлийн эрдэм шинжилгээний ажил, судалгаагаар хангах талаар онц хичээл зүтгэл гаргасанд” талархал илэрхийлсэн байна.

Хулгайлсан уу эсвэл өөрөө урссан уу?

Андерсон мэргэжил нэгт нөхрийн хамт газрын тосны үнэ огцом өссөнийг дагаад газрын тосны улс орнуудаас оффшор бүс рүү мөнгө урсдаг үзэгдлийг одооноос хэдэн жилийн өмнө судалжээ. Скандинавын эрдэмтдийн энэхүү судалгааны ажил Дэлхийн банкны эдийн засагчдын нэгийнх нь сонирхлыг ихээхэн татсан аж. Төд удалгүй тэр гурав ижил төстэй төсөл хэрэгжүүлэхээр болсон нь олон улсын тусламж тухайн улс оронд орсноос хойш мөн ийм үзэгдэл ажиглагддаг эсэхийг олж илрүүлэх явдал байлаа.

Тэд Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээл, тусламжаас ихээхэн хараат хорь орчим улс орноос шилжүүлж буй валютын гуйвуулгын талаарх мэдээллийг судалжээ. Эцэст нь тэд эдгээр улс орон ДНБ-ий нэг хувиас илүү хэмжээний тусламж авсан даруйд оффшор бүс рүү мөнгө урсдаг болохыг олж тогтоосон байна. Дунджаар нийт тусламжийн дүнгийн 7.5 хувьтай тэнцэх валют оффшор данс руу урсдаг байна. Гэхдээ үүнээс ч ихийг хумсалдаг байж болзошгүй гэж эдийн засагчид үзэж байна.

“Ийм даруухан хэмжээ бол хамгийн доод босго. Учир нь энд зөвхөн гадаад данс уруу гуйвуулсан мөнгийг л тусгасан бөгөөд үүнд үл хөдлөх хөрөнгө, тансаг эд зүйлс зэрэгт зарцуулсан мөнгө ороогүй” гэж судалгаанд дурджээ.

Хэрэв тусламжийн хэмжээ ДНБ-ий гурван хувьтай тэнцэх хэмжээнд нэмэгдэхэд валютын гадагш чиглэсэн урсгал хоёр дахин нэмэгдэж, 15 хувьд хүрдэг байна. Энэ нь ялангуяа нэн дуу улс оронд ажиглагддаг аж.
 


“Тусламж гаргах үед валют оффшор бүс рүү урсахад эдийн засгийн элит бүлгийн төлөөлөгчид ашиг олдог гэж хэлэхэд алдахгүй. Тусламжийн урсгалыг гадагш чиглэсэн мөнгөний урсгал болгон хувиргаж буй механизмыг  тодорхойлоход бэрх ч тусламжийн мөнгийг улстөрч, албан тушаалтнууд завшдаг гэх хувилбар нь хамгийн үнэмшилтэй бөгөөд илэрхий байна” гэж эрдэмтэд дүгнэжээ. Тэдний тайлбарлаж буйгаар, нэгдүгээрт, дээр дурдсан тусламжийн урсгал нэмэгдэх үед мөнгөнүүд Цюрих, Люксембург, Сингапур, Кайманы арлууд гэх мэт чимээгүйхэн банкны нууц агуулахыг зорьдог байна. Гэвч дэлхийн санхүүгийн төв болсон Лондон эсвэл Нью Йоркийн чиглэлд ямар нэгэн эрчимжсэн ажиллагаа ажиглагддаггүй байна. Хоёрдугаарт, татварын орлогыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах учиртай мөнгийг Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүдийг хэрэгжүүлэгч компаниуд гадагш гаргадаг гэсэн таамаглалууд мөн л бодит хувилбар болж байна. Ингэхдээ судлаачид олон улсын төлбөр тооцооны банкны статистикийг ашигласан байна. Эл статистик мэдээлэлд Армен зэрэг улс орноос шилжүүлж буй мөнгөн гуйвуулгыг бус Бермудын арлууд дахь орон нутгийн оффшор компаниудын хадгаламжийн өсөлтийг тусгадаг.

Судалгаанд Кыргызстан, Армен, Афганистан, Буркина-Фасо, Бурунди, Гана, Гайана, Гвиней-Бисау, Замби, Мавритани, Мадагаскар, Мозамбик, Малави, Мали, Нигер, Руанда, Сан-Томе и Принсипи, Сьерра-Леоне, Танзани, Уганда, Эритрей, Этиоп зэрэг 22 улс орон хамрагджээ. Эдгээр улсын Дэлхийн банкнаас авч буй тусламжийн хэмжээ эдийн засгийн хэмжээнээс харьцангуй их, орон нутгийн банкны тогтолцоо хөгжөөгүй эсвэл бүр байдаггүй тул гадагш чиглэсэн валютын урсгал илүү мэдэгдэхүйц байдаг тул эдгээр улсыг сонгосон аж. Арай чинээлэг улс орны хувьд Дэлхийн банкны зээл нь мөнгөний далайд дусал мэт тул оффшор бүс рүү энэ далайн хөвөөнөөс яг юу хальж урсаж буйг тодорхойлох бараг боломжгүй.

Судлаачид тэдний дүгнэлтийг өмнөх судалгаануудын дүгнэлт баталгаажуулж буйг онцолжээ. Гаднын хэтийдсэн тусламж авлигын үр хөврөлийг бий болгож, төрийн байгууллагуудыг ялзруулах чадалтай бөгөөд гаднын дэмжлэг туслалцаанаас хэт хараат улс орнууд дэлхийн нэн буурай, авлигад хамгийн их идэгдсэн орнуудын тоонд ордог гэдгийг эдийн засагчид энэ зууны эхээр нотолсон нь бий.

 

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(59.153.114.212) 2020 оны 03 сарын 03

УИХ-н гишүүд , дарга эрх мэдэлтнүүд, хэдэн тэр бумын хөрөнгө орлоготой гээд мэдүүлээд байгаа эрхмүүд ямар нэг арга замаар хүртсэн бгаа

0  |  0
ган(103.229.121.35) 2020 оны 03 сарын 03

Сав л хийвэл Самурай Чингис юу юу ч билээ бонд зээл тусламж авдаг Нэг бүрийг нь шалгаж үзэх цаг болсон байхөө\n

0  |  0
Зочин(202.55.188.46) 2020 оны 03 сарын 02

Манайх эн тал дээр бүр сонгодог загвар болох юм. Гадны зээл тусламж, хандив, буцалтгүй тусламжийн үлэмж хэсэг нь хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болдог. Зөвхөн энэ чиглэлээр манайд судалдгаа хийхэд аймаар тоо гарна даа. Бас хэний халаас руу орсоныг мөрдөж ил болгох хэрэгтэй. Магадгүй манай хамгийн эх оронч, шударга гэгддэг нэр хүндтэй гарууд л жагсаж байх вий.

0  |  0
saruul(192.82.76.221) 2020 оны 03 сарын 02

manau hed ihiig husch bsigaadaa

0  |  0
Top