“СТРАТО” компани байгаль орчны эсрэг алхаж байна

2020 оны 03 сарын 10

Аливаа бизнес АШИГ олох  гол зорилготой байдаг ч урт настай байхын үндэс суурь нь ЁС ЗҮЙ ба ХАРИУЦЛАГА юм.

Тэр дундаа уул уурхайн бизнес эрхлэхийн тулд хүний эрүүл мэнд, байгаль орчны асуудлыг нэгдүгээрт эрэмбэлэхгүйгээр зөвхөн ашиг харвал төрийн төмөр нүүртэй тулахаас өөр аргагүй. Тэгвэл яг энэ зарчмын асуудалтай нүүр тулах ёстой компаниудын нэг бол Монгол, Хятадын хамтарсан "СТРАТО" компани юм. Энэ компанитай холбоотой мэдээллүүдийг эдийн засгийн агуулгаар харвал Говь-Сүмбэр аймгийн Шивээговь суманд жилд 1.5 сая тонн коксжих нүүрс боловсруулах үйлдвэр барьсан, 500 ажлын байр бий болгож буй гэхчлэн тоон үзүүлэлтүүд байна.

Хэдий тийм боловч байгаль орчны талаас нь харах юм бол эдийн засгийн үр ашиг, тооцоолол нь хүчгүйдэх дүр зураг бүхий нөхцөл байдал үүссэнийг хэлэх хэрэгтэй. Тавантолгой ордын нүүрсэнд нэмүү өртөг шингээн баяжуулж байгаа нь сайн хэрэг ч бизнесийн үр ашигтай нь зэрэгцэн байгаль орчны асуудал хурцаар тавигдаж буйг өнгөрсөн хугацаанд хэвлэлийнхний, орон нутгийнхны дэлгэсэн баримт мэдээллүүдээс харж болно.

Тавантолгойн бүлэг орд орчимд олборлолт болон тээвэрлэлтээс үүдсэн тоосжилт маш их гэдгийг хаа хаанаа мэддэг болсон.  “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой” компаниудын хоёр уурхай хатуу хучилттай зам байхгүй тул 10 гаруй км газар шороогоор явж авто замтай холбогдох хүртэл их хэмжээнд тоос үүсгэдэг гэдгийг орон нутгийнхан хэлдэг.

Тэгвэл "СТРАТО" компани Тавантолгойн ордын нүүрсийг Говь-Сүмбэр аймгийн Шивээговь суман дахь боловсруулах үйлдвэртээ хүргэхийн тулд  үүнээс 40 дахин урт замд ИХ ТООС үүсгэх нөхцөл байдал бий болжээ.

Тодруулбал, Өмнөговь аймгийн  Цогтцэций сумаар дамжин  Дундговь, Говь-Сүмбэр гэсэн гурван аймгийн зургаан  сумын нутгаар дайрч 400 гаруй км замаар тээвэрлэлт хийнэ гэдгийг Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар хэлж байгаа юм.

Хамгийн гол нь эдгээр чиглэлд авто зам байтугай сайжруулсан зам ч байхгүй. Баг, сум, аймаг орон нутгаас энэ чиглэлд маршрут  тогтоож, дэмжсэн, зөвшөөрсөн зүйл байхгүй гэдгийг мөн тэрбээр мэдэгдсэн. Олон аймаг сумаар дайрч өнгөрч буй  учраас Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар маршрут тогтоосон гэж байгаа ч замын трасс тогтоолоо гэж үзэхэд аймаг орон нутагтай зөвшилцөж, тэрхүү трассын дагуу хатуу хучилттай замаар тээвэр хийх  ёстой гэдгийг аймгийн удирдлага сануулсан байсан.

Мөн "СТРАТО" компанитай холбоотой бас нэг анхаарал татсан мэдээлэл бий. Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяраар ахлуулсан, хууль, хяналтын байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг 2019 оны дөрөвдүгээр сард Цогтцэций суманд ажилласан байдаг. Тэгэхэд "СТРАТО" компани туслан гүйцэтгэгч "Илч майн" ХХК-иар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутгаар дамжуулан сайжруулсан шороон зам тавиулахдаа хууль бусаар түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглаж байсныг таслан зогсоолоо гэсэн мэдээллийг орон нутгаас албан ёсоор өгч байсан юм.

Тэгэхээр сайжруулсан зам ч үгүй 400 гаруй км газар нутаг дээгүүр нүүрс тээвэрлэж гурван аймгийн, зургаан сумын байгаль орчинд хор хохирол учруулахын сацуу ЗАМЫН НЭРЭЭР ТҮРИЙ БАРИН түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар ашиглаж байжээ.

Тодотгоход, “Түгээмэл тархацтай ашигт малтмал” гэдэгт зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлалыг хамааруулсан байдаг.  Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдэд олгодог.

Харин "СТРАТО" компани туслан гүйцэтгэгч "Илч майн" ХХК-аар сайжруулсан замын ажил гүйцэтгүүлэхдээ ашигт малтмалыг хууль бусаар ашиглажээ.

Тэгэхээр "СТРАТО" гэдэг компани ЁС ЗҮЙ ба ХАРИУЦЛАГЫН хувьд учир дутагдалтай болохыг энэ үйлдэл нь нэг талаас харуулж байна.

Тус компани Говь-Сүмбэр аймгийн Шивээговь суман дахь нүүрс баяжуулах үйлдвэрийнхээ хүчин чадлыг 4.5 сая тонн хүртэл нэмэгдүүлэх юм билээ. Цаашлаад шинээр 2.7 сая тонн кокс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барих төлөвлөж байгаа гэсэн. Тэгвэл шинээр үйлдвэрүүд ашиглалтад орохтой зэрэгцэн байгаль орчны асуудал дахиад л яригдах ёстой болж байна. Учир нь үйлдвэрлэлийн чадавхыг дагаад гурван аймгийн зургаан сумын нутгийг талхлах хүнд даацын машины тээвэр нэмэгдэнэ.

Түүхий нүүрсийг угаах усны асуудал мөн анхаарал татаж байгаа юм. 

Монгол Улс уул уурхайгаар суурь хийсэн гадаад худалдаагаа хэрхэн яаж ашигтай байлгах вэ гэхээр боловсруулсан, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй гэдэгтэй бүгд санал нийлдэг. Нүүрсний боловсруулалтын  хувьд зөвхөн усаар угаагаад болоо шүү дээ гэж энгийнээр тайлбарлах хэсэг байдаг ч тэр ус гэдэг зүйлийн үнэ цэнийг мөнгөтэй жиших боломжгүй. Тэрчлэн нүүрсээ баяжуулж байна гээд говь нутгийн усыг юүлээд байх нь дунд болон урт хугацаанд тулгамдсан жинхэнэ аюул  дагуулж байна.

2019 оны долоодугаар  сард Шивээговь суманд нүүрс баяжуулах үйлдвэр анх үүдээ нээж байх үед "СТРАТО" компанийн гүйцэтгэх захирал А.Баттүшигээс сэтгүүлч  “Түүхий нүүрсийг усаар баяжуулж байна. Усны асуудлаа хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?” гэж асуухад "Одоогийн байдлаар эхний ээлжинд гүний ус ашиглаж байна. Бид манай үйлдвэрээс 5 км-ын зайд байрладаг хүрэн нүүрсний уурхай “Шивээ-Овоо” ХК-иас гарч буй хаягдал усыг худалдаж авахаар санамж бичигт гарын үсэг зурсан. Тус компаниас жилдээ хоёр сая тонн хаягдал ус худалдаж авахад манай компани бүх усныхаа хэрэгцээгээ хангах боломжтой.Хүрэн нүүрс олборлоход их хэмжээний шүүрлийн  ус гардаг. Тиймээс хаягдал усыг нь худалдаж авахаар төлөвлөсөн юм гэсэн хариултыг өгч байв.

Тэгэхээр 1.5 сая тонн нүүрс боловсруулсан хүчин чадал бүхий үйлдвэр үүдээ нээхдээ ГҮНИЙ УСЫГ хэрэглэх зөвшөөрлийг холбогдох байгууллагуудаас авсны сацуу хэдэн аймаг дамнан шороон замаар тээвэрлэлт хийх дархан эрхтэй байгаа нь яах аргагүй анхаарал татаж байгаа юм.

А.Баттүшиг захирал 2019 оны есдүгээр сард мэдээллийн сайтад төлбөртэй ярилцлага нийтлүүлсэн байдаг. Тухайн ярилцлагадаа баяжуулах үйлдвэрт ашиглах усны талаар хэлэхдээ “Манайхтай ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг зарим компаниуд гүний ус шавхан нүүрс баяжуулж экспортолж байгаа юу гэвэл тийм. Харин бид Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн хаягдал усыг ашиглах ёстой гэж үзсэн. Жилдээ 4-5 сая куб.метр хөрсний шүүрлийн ус Шивээ-Овоогоос хаягддаг юм билээ. Манай үйлдвэрийн жилийн хэрэгцээ ердөө 300 мянган куб.метр. Үүнийгээ 100 хувь дахин ашиглах боломжтой” гэхчлэн ярьсан байсан.

Ингэж ярихаасаа хоёр сарын өмнө ГҮНИЙ УС ашиглаж буйгаа хүлээн зөвшөөрснийг түрүүн өгүүлсэн билээ.

Тэгэхээр Тавантолгойн нүүрсэнд нэмүү өртөг шингээх үйлдвэр явуулахдаа байгаль орчинд халтай алхмууд хийж буй СТРАТО компанитай холбоотой бодит мэдээллийг газар дээрээс нь сурвалжилж, баримтад тулгуурласан, үндэслэлийг тодруулсан мэдээлэл хүргэнэ гэдгийг “ЭКОЛОГИЙН ЦАГ”-ийн сэтгүүлчдийн баг  уншигч, үзэгч та бүхэнд дуулгая. 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.9.47.1) 2020 оны 03 сарын 13

Яана зи аймар юм бна ш тэ шударга гээд бн ийм юм хийж бу хүн чинь сумьяабазарыг болиулахаас яахав ингээд хуввачвал ард түмэн үр упам юу үлдэх вэ бүгдийг нь цуцлах\n

0  |  0
Нлхой(192.82.75.135) 2020 оны 03 сарын 13

Усаа хайрлах хэрэгтэй дээ усгүй бол хүн долоо хоног ч амьдарч чадахгүй нүүрсгүйгээр зуун жил ч амьдрана шүү дээ

0  |  0
tsaash n sain sudlaa(66.181.182.21) 2020 оны 03 сарын 13

negt z enkhboldiin duugiin company mun tuzad n dan enkhboldiin hamsaatan hun baigaa hoyort ugaah uildver baihgui tuuhiigeer n gargaj baigaa guravt zamaa umchluud zam ashiglasanii tatvar geed tonn tutmaas 5000 tug avch baigaa duruvt barag 5 sar teevriiin huls ogt uguugui teeverchdiig hohirooj bn \n

0  |  0
yy(66.181.178.232) 2020 оны 03 сарын 13

88607683

0  |  0
Зи(103.26.195.13) 2020 оны 03 сарын 13

Энэ Зика корона тусаасай

0  |  0
иргэн(103.10.22.116) 2020 оны 03 сарын 13

тэр уран олборлож байгал орчи хүн малыг хордуулж бга компаны үйл ажиллагааг хурдан зогсоогоочээ байгал дэлхий маань тэнд өвдөж ёолж шаналж бна ийм үнэн ил бгаа юмаа яриачээ

0  |  0
монгол улсын иргэ(103.10.22.116) 2020 оны 03 сарын 13

сонгуулийн солиорол хэтэрч зикаг гараад ирэх вий гэхээс айцгааж одоол гэв гэннт муугий мэднждээ үнэн бсанч айхтар хууль бус юм алга та нар тэр дорноговийн уран олборлож бга хамгийн аймар нөхэн сэргээлт хэзээч хиигдэхгүй байгаль хүн малыг хордуулж бга тэр компанийг яах гэж бна да уран чинь хөрснөөс нь ухаад гаргаад эхлэх юм бол ямар хор уршигтайг мэдэхүү тэрийг тэр компаний үйл ажиллагааг яаралтай зогсоож нөхөн сэргээлтийг нэн даруй хиилгэж байгал орчин хүн малд гарсан хохирлыг холбогдох компанаар төлүүлж холбогдох том нүүртэнгүүдийг олон түмэнд ил болгон зарлаж байгал ял асууж хариуцлага то

1  |  0
Mgl (172.58.139.240) 2020 оны 03 сарын 13

Zi jenko 2l tt umchilsun

0  |  0
Зочин(150.129.141.79) 2020 оны 03 сарын 12

Дутуу судалсан бна. 4.5 саяыг угаах усаа чахуу

0  |  0
Говь(202.126.89.181) 2020 оны 03 сарын 12

Энэ нөгөө тагжгар зика нөхөрийн компани мөншдээ

0  |  0
Юу ч хийхгүй амьдрая(202.9.46.34) 2020 оны 03 сарын 12

Бүгдийг зогсоо. Төр халамж өг. Хүүхдийн 20 000 аваад л амьдармаар байна.

0  |  0
Иргэн(103.212.117.201) 2020 оны 03 сарын 10

Авилгын замналтай үйлдвэр байх магадлалтай.

0  |  0
zzzzz(66.181.187.227) 2020 оны 03 сарын 10

STRATO CHINI Z< ENKHBOLDYNKH BAYKHAA?

0  |  0
Top