“Страто” ХХК Улсын онцгой комиссоос тогтоосон дэглэмийг зөрчиж, нүүрс тээвэрлэж байгаа талаар “Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан бидэнд мэдээлсэн юм. Уг нь Улсын онцгой комиссын шийдвэрээр хөл хорио тогтоосон тул Дундговь аймгийн Баянжаргалан суманд “Страто” ХХК-ийн 20 машин, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 10 машиныг саатуулаад байжээ. Гэвч тодорхой эрх мэдэлтэй хүмүүс утсаар ярьж, орон нутгийн удирдлагуудыг дарамтлан, нүүрсний тээврийн машинуудыг нэвтрүүлсэн байна.
“Страто” ХХК-ийн нүүрсний тээвэртэй холбоотой асуудлаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг дарга О.Бадарчтай өчигдөр орой /2020.03.12/ холбогдож, тодруулга ярилцлага авснаа хүргэж байна.
-Улсын онцгой комиссоос тогтоосон дэглэм, хорио цээрийн үед пост дээр саатуулагдсан “Страто” ХХК-ийн нүүрсний тээврийн машинууд нэвтэрсэн гэсэн мэдээлэл байна. Энэ яг ямар учиртай вэ?
-Улс даяар хорио цээр тогтоосон үеэр “Страто” ХХК нүүрсний тээвэр хийж эхэлсэн. Иймд өчигдөр /3 сарын 11/ Цогтцэций сумын Засаг даргын эрх мэдлийн хүрээнд “Эрдэнэс Тавантолгой”-д ачилт хийхийг зогсоох албан бичиг хүргүүлсэн юм. Гэтэл “Страто” ХХК-ийн зүгээс “Улсын хэмжээнд нүүрс тээврийг зогсоогоогүй, хориглоогүй байхад Цогтцэций сумын удирдлага ийм албан бичиг хүргүүлж, бидний үйл ажиллагаанд саад боллоо” гэсэн утгатай гомдол мэдүүлж Улсын онцгой комисст хандсан юм билээ. Ингээд УОК-оос “Страто” ХХК-ийн гомдлыг Аймгийн онцгой комисст хүргэж, нүүрсний тээвэрт саад учрууллаа гэсэн асуудал тавиад эхэлсэн. Магадгүй “Страто” ХХК-ийн тээврийн үйл ажиллагаанд нь саад болж, хохирол учрууллаа гээд намайг дахиад АТГ-т өгөхийг үгүйсгэхгүй. Угаасаа “Страто” ХХК-ийнхан ийм арга барилаар явдаг хүмүүс.
-Ингэхэд “Страто” ХХК танай сумаар дайрч нүүрс тээвэрлэх үйл явц анх яг ямар замаар, ямар зөвшөөрлөөр эхэлсэн юм бэ?
-“Страто” ХХК Говьсүмбэр аймагт баяжуулах үйлдвэр байгуулаад, хууль бусаар нүүрс тээвэрлэсээр өнөөдрийг хүрч байна. Ер нь анх асуудал хэрхэн үүссэн талаар товч мэдээлэл өгье. 2019 оны дөрөвдүгээр сарын 9-нд намайг Улаанбаатар хотод ажлаар явж байхад “Страто” компани “Эрдэнэс Тавантолгой” ХХК-тай эхний ээлжинд 150 мянган тонн нүүрс худалдан авах гэрээ хийж, Цогтцэций сумын зүүн талаар тээвэрлэх боллоо гээд над руу ярьсан юм.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгойн нүүрсний уурхайгаас Шивээговь сумын нутаг дэвсгэрт байгуулсан “Страто” компанийн нүүрс баяжуулах үйлдвэр лүү нүүрс тээвэрлэж буй зам нь Дундговь аймгийн Өлзийт, Баянжаргалан, Өндөршил, Гурвансайхан сумын нутгийг дайрч ирж байгаа. Гэтэл “Страто” ХХК хууль журмын дагуу ямар ч зөвшөөрөл авалгүйгээр “Илч майн” нэртэй замын компанийг оруулж, Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын нөхөн сэргээгээд, улсад хүлээлгээд өгчихсөн карьерыг дур мэдэн ашиглаж, шууд ухаж эхэлсэн. Уг нь журамд зааснаар зам тавих төсөл нь батлагдсаны дараа аймгаас карьер ашиглахыг дэмжсэн бичгийг үндэслэж, сумын Засаг дарга зөвшөөрөл олгодог. Үүний дагуу гэрээ байгуулна, карьер ашигласны төлбөрөө суманд төлнө гээд журамд тодорхой заачихсан байгаа. Гэтэл энэ мэтээр дүрэм журмыг огт хэрэгжүүлээгүйгээр барахгүй сум, орон нутгийн шийдвэр, санал, шаардлагыг үл тоомсорлосоор өдийг хүрсэн.
-Цогтцэций сумын нутгаар нийт хэдэн км шороон зам тавьсан бэ?
-“Страто” ХХК манай нутгийг дайруулан 20 гаруй км газар айлуудын өвөлжөө, бууц гээд бүгдийг дайруулаад шууд индүүдээд зам тавьж, тээвэр хийж эхэлсэн. Энэ асуудлыг би эсэргүүцсэнийхээ төлөө цагдаад дуудагдсан. ЗТХЯ-наас тогтоосон маршрутын дагуу тусгай зориулалтын зам тавих ёстой боловч өнөөдрийг болтол энэ ажил хийгдээгүй, зөвшөөрөл ч аваагүй байна. Үүнээс болж бүтэн жилийн турш зөрчил үүсээд явж байна.
Ингэж дур мэдэн зам тавьсан, хөрс эвдсэн, зөвшөөрөлгүй карьер ухсан гэх асуудлаар бид мэргэжлийн байгууллагад хандаж, экологи, эдийн засгийн хохирлыг үнэлүүлж, тогтоолгосон. Энэ үнэлгээгээр нийт 740 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдоод байна. Ер нь “Страто” ХХК ямар нэг асуудал гарахад л эсрэг дуугарсан болгоныг цагдаа, шүүхэд өгдөг хүмүүс. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын сүүлчээр Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяраар ахлуулсан ажлын хэсэг Цогтцэций суманд ажилласан юм. Энэхүү ажлын хэсэгт Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Татварын хэлтэс, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Өмнөговь аймгийн Цагдаагийн газар, Стандарт, хэмжилзүйн хэлтэс, Тагнуулын газар, Прокурорын газар, Мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн үндэсний төвийн Цогтцэций сум дахь салбарын төлөөлөл зэрэг мэргэжлийн байгууллага багтсан. Нэлээн өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэгт хэвлэл мэдээллийн баг ч багтсан.
Ажлын хэсэг манай суманд ажиллахдаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн коксжих нүүрсний ордоос Говьсүмбэр аймагт байрлах баяжуулах үйлдвэр рүү нүүрс тээвэрлэх зорилгоор “Страто” ХХК нь туслан гүйцэтгэгч “Илч майн” ХХК хууль зөрчсөнийг тогтоож, үйл ажиллагааг зогсоосон байдаг юм. Гэтэл дараа нь “Страто” ХХК Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаярыг шүүхэд өгсөн. Тэрчлэн аймгийн Хэвлэл мэдээллийн албаны даргыг цагдаад өгсөн. Үндэслэлгүй мэдээлэл цацсан гэж. Энэ мэтээр хамааралтай асуудал бүрт орон нутгийнхны тэмцлийг няцаах гэж оролддог.
-Компанийн үйл ажиллагааг зогсоож, лацадсан гэлээ. Тэгвэл эргэж ажиллах эрхийг нь хэн, хэзээ, ямар үндэслэлээр сэргээсэн юм бэ?
-Үнэнийг хэлэхэд “Страто” ХХК-ийг дийлэхгүй байна. Нэг мэдэхэд л өөрсдөө лацаа аваад, нүүрсээ зөөгөөд эхэлсэн.
-“Страто” ХХК 150 мянган тонн нүүрс худалдан авах гэрээтэй юм байна. Энэ нүүрсээ одоо татсаар байгаа юм уу?
-Өнгөрсөн оноос хойш 150 мянган тонн нүүрсээ аль хэдийнэ татаад дууссан. Орон нутгийн зүгээс “Страто” ХХК-ийг ийм ийм хууль зөрчсөн тул ачилтыг зогсоо гэсэн албан бичгийг “Эрдэнэс Тавантолгой”-д өгөөд, гурван хоног зогсоосон удаа бий. Ингэхэд нь “Эрдэнэс Тавантолгой” компанийг гэрээгээ зөрчлөө гэж дарамтлаад зогсохгүй, намайг албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэдэг үндэслэлээр АТГ-т өгсөн. АТГ-аас эрүү үүсгэхийг татгалзахаар нь прокуророос сэргээгээд дахиад шалгагдаад явж байна. Миний хувьд Байгаль орчны тухай хууль, Засаг захиргааны нутаг дэвсгэрийн тухай хууль, Авто замын тухай хуульд заасны дагуу Засаг даргын бүрэн эрхийн хэмжээнд ажилласан гэсэн тайлбараа л өгч байгаа.
-“Страто” ХХК хууль зөрчсөн хэрнээ өнөөдрийг хүртэл нүүрс тээвэрлэсээр байгаа шалтгааныг та юу гэж бодож байна вэ?
-Жишээ нь, зам тавьж байгаа компанийн төлөөллүүдтэй уулзах бүртээ би олон хууль дүрэм зөрчиж байгааг нь тайлбарлаж хэлдэг. Тэгэхээр буруугаа хүлээн зөвшөөрдөг хэрнээ “Бид мэдэхгүй. “Страто” компани бүх асуудлыг шийдэж байгаа, ажлаа хийж бай гэсэн болохоор зогсох эрх алга” гэж хэлдэг. Энэ мэтээс харахад “Страто” бол Монгол төрийн хууль тогтоомж зөрчихдөө маш их бяртай компани гэдэг нь харагддаг. Ийм бяртай байна гэдэг жирийн нэг албан тушаалтны чадах ажил биш. Өнгөрсөн жил гэхэд л АМНАТ-аас чөлөөлөгдсөн зогсоосон гээд ер нь ил цагаандаа гарч байх шиг байна.
Хамгийн гол нь уул уурхайн салбарын хөгжлөөс шалтгаалж манай сумын малчид, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх улам бүр доройтсоор байна. Ингэж доройтоход маш том үүрэг гүйцэтгэж байгаа компани бол “Страто” яах аргагүй мөн. Бид энэ компанийн үйл ажиллагааг зогсоохын төлөө хууль эрх зүйн хүрээнд чадах бүх хүчээ дайчилж ажиллана.
-Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй хэчнээн уурхай үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Цогтцэций сум аймгийн 15 сум дотроо хамгийн бага буюу 700 гаруй га газар нутагтай. Түүний 16 хувь нь ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй. Үүнээс төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой”, Өмнөговь аймгийн ууган уурхай буюу орон нутгийн өмчит “Тавантолгой”, хувийн хэвшлийн “Энержи ресурс” гэсэн гурван том төсөл Тавантолгой бүлэг ордод идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр төсөл жилдээ 20-иод сая тонн нүүрс олборлон, экспортолж байна. Өөрөөр хэлбэл, 20-30 сая тонн нүүрс экспортлохын тулд хөрс хуулалт, тээврийн үйл ажиллагаанд 20-30 туслан гүйцэтгэгч компани мөн оролцож байна.
-Цогтцэций бол уул уурхай дагасан, хамгийн их сөрөг нөлөөлөлд өртөж байдаг сум. Бэлчээр, зам талхлагдан нутгийн уугуул, суугуул малчид, иргэд амьдрах орчингүй болж байгаа нь уул уурхайн олборлолттой шууд холбоотой гэдэгтээ та санал нийлэх үү?
-Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулж буй эдгээр уурхайг дагаж зах зээл, хөгжил бий болж байна. Ийм сайн тал байгаа ч олборлолтын явцад үүсч буй асуудлууд нутгийн иргэдэд хамгийн ихээр нөлөөлж байгаа. Орон нутагт суурин засаг захиргааны харъяалалтай 7800 иргэн бий. Хөдөлгөөнт хүн амтайгаа нийлээд 20-иод мянган хүн энэ сумын нутаг дэвсгэрт төрийн үйлчилгээ авч, ажил, үйлчилгээ эрхэлж байна. Цогтцэций сум нүүдлийн соёл иргэншил зонхилсон, мал аж ахуйн эдийн засгийн бүтэцтэй сум байсан. Өнөөдөр эдийн засгийн бүтцийн тогтолцоо нь өөрчлөгдөж уул уурхай, хүнд үйлдвэр, мал аж ахуй гэсэн хосолмол эдийн засгийн бүтэцтэй болжээ.
Ялангуяа уул уурхай, хүнд үйлдвэрлэлээс үүсч байгаа сөрөг нөлөөлөл мал аж ахуйн үйлдвэрлэлдээ хүндээр тусч байна. Нэгдүгээрт, уул уурхайн олборлолтоос үүссэн агаарын бохирдлын улмаас энэ нутаг дэвсгэрт түр болон байнгын оршин сууж байгаа 20 гаруй мянган хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа алдагдсаар байна. Хоёрдугаарт, байгаль орчны сүйрэл болж байна. Хөрсний эвдрэлийг дагаад бэлчээр нутгийн нэг хэсэг нь эвдэрч, ургамлын бүрхэвч, байгалийн зүй зохистой экосистем алдагдаж байна. Хамгийн их анхаарал татдаг асуудал бол ус. Уг нь эхлээд дэд бүтцээ бий болгож, сөрөг хандлагуудыг зөөллөх байдлаар бүх зүйлийг нь шийдэрлэж байж олборлолтын ажил явагдах ёстой.
Сэтгэгдэл ( 16 )
Худалдагдсан шинж мэдрэгдээд байнаа. Нүүрсээ боловсруулаад, илүү үнээр зарах гэхээр л. Хилийн цаана нүүрс угаадаг нөхдийн нууц гар хөл ажиллаж, далд бодлого нь хэрэгжээд байна шүү, Тагнуулын байгууллага мэдэж байгаа биз дээ. Олз хайсан өчүүхэн энэ мэтийн хэн нь илт мэдрэгдээд дур гутаагаад байна аа аа. БУЗРУУД, ШАНТААЖЧИД.
hishigtogtoh enhboldiin torson duu n .zi guai ch tsever hun bish bolj taarahn .
Зиг судлах хэрэгтэй. Гэхдээ энэ Наранбаатар чинь бас л ѳѳр тѳрлийн хүүхэлдэй шүү. Саяхан орооцолдсон шүүхийн хэрэг юу болсон?
Zi Enhboldiin gedeg ni todorhoi..
Zi Enhboldiin gedeg ni todorhoi..
Ердөө ойлгохгүй юмаа ард иргэдийг болохоор ийш тийш нь явуулахгүй өөрсдөө болохоор хуулиа зөрчөөд байхын ямар учиртай юм бэ ер нь!!!! Ерөнхий сайдаа
Зи вирус дандаа шүүхээр далайлгаж айлгаж ажлаа явуулдаг . Үнэн новшийн бэлтрэг шд.!!!! З. Энхболдыг Монголын төрөөс үтэр түргэн зайлуулах хэрэгтэй . Муу хорчин , муу санаатай адгийн шаар !!! Ямар юмных нь улс төрч . Баруун аймагт газар тариалан эрхлэхэнр гар хөлөө аль хэдийн гургуулсан гэсээн.
Зи Энхболд гарал үүслийг мэдэх хүн байна уу лав монгол хүн биш байхаа урд зүгийн бүтэхгүй гаралтай гэдэг нь үнэн юм биш үү
Зи вирусыг монглын төрөөс үтэр түргэн зайлуулах л үлдсэн!!! Тэр вируст монголын төлөө цохиолох зүрх байхгүй!
Нэлээн том мотортой. Зи бол нэг зуусан хүнээ чадаж байж л тавьдаг зуршилтай. Нэгэн цагт тэр Нямдоржийн хүүхэлдэй байсан. Их ч юм сурсан байна.
Зика вирүүс халдварлсан уу засаг даргын зөв АТГ ард түмний талд асуудлыг шийдэх байлгүй харин шүүх энэ тэр гэвэл найдах хэрэггүй мөнгөтэй талд л явна салхитын орд шиг хэдэн шүүгч вэ гэсэн асуудал үлдэнэ
З. ЭНХБОЛДтой энэ компанийг холбодог нь үнэн байна. Айхтар шударга царайлсан З. ЭНХБОЛД үнэндээ нөгөө л төр бараадсан луйварчидын нэг байна.
zam tavisan bgaa bizdee tervvgeer l teever ni yavj bgaa shdee
Ene nuurs teever Manlai suminh nutgaar dairan ungurdug belcheerig ih suit gej bna nuursni mashinuud temee Mal ih dairch malchidad ih hohirol uchruulj bna enig zogsooh heregtei
Явж л байг л дээ тэртэй тэргүй энэ нүүрсээр хооллож байж энэ цэцийн засаг нь сумандаа яг юу хийж байгаан бэ. Хаасан боосон хүмүүс
З,Энхболдын компани гэсэн байхаа