ЭМЯ: Халдварын тархалт эх газраас арлын орнууд руу, Африкийн бүс рүү шилжиж байна

2020 оны 03 сарын 18

 Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдалтай холбоотойгоор цаг үеийн мэдээлэл хийж байна.



Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ажилтны өгч буй мэдээллээр дэлхийн 165 оронд нийт 179 мянган хүн халдвар аваад байна.

Халдварын тархалт эх газраас арлын орнууд руу, Африкийн бүс рүү шилжиж байгааг ДЭМБ-ын ажилтан мэдэгдлээ.

Бельги улсад  ирэх сарын 5-ныг хүртэл  Үндэсний хэмжээнд хөл хорио тогтоолоо. Иргэдийг зайлшгүй шаардлагатай үед л гэрээс гарахыг зөвшөөрч буй аж.

Итали улсад сүүлийн 24 цагийн дотор  3526 тохиолдол шинээр батлагдаж, 345 нас баралт бүртгэгдсэн байна. Нийт нас баралт 2500 давжээ. Шинэ тохиолдол өмнөх өдрөөс 12.6 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь өмнөх өдрүүдтэй харьцуулахад хамгийн бага өсөлт болж бүртгэгдлээ.

Герман улсад 24 цагийн дотор 2000 гаруй тохиолдол шинээр батлагджээ. Нас баралт 9-өөр нэмэгдсэн байна.

БНХАУ-ын тухайд гаднаас ирэх зорчигчдыг 14 хоног хөл хорионд байлгахад мөрдөх журмаа улам бүр чангатгажээ. Учир нь тус улс түүн дотроо Хубэй мужид шинээр бүртгэгдэж буй тохиолдлууд гаднаас зөөвөрлөгдөж ирсэн, гаднаас хамаарсан тохиолдлууд байгаа юм байна.

АНУ-ын бүх мужид халдвар бүртгэгдсэн байна.

Сүүлийн 24 цагийн дотор Европ тивд 8507 шинэ тохиолдол бүртгэгджээ.

 

 

Top