Дэлхийг “байлдан дагуулж” буй шинэ төрлийн коронавирусний цар тахал Ливи дэх цэргийн ажиллагааг түр зогсоолоо. Хүмүүнлэгийн үүднээс зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох тухай маршал Халифа Хафтарын эл шийдвэрийг НҮБ сайшаан хүлээн авч, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш талуудад вирусний эсрэг хүчээ нэгтгэж, хүмүүнлэгийн тусламжийг Ливийн бүхий нутаг дэвсгэрт саадгүй нэвтрэх боломжоор хангахыг уриалав.
Тэрбээр мөн цэргийн ажиллагаан дахь хүмүүнлэгийн энэ завсарлага урт хугацааны гал зогсоох дэглэм болж үргэлжилнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ. Цар тахал дэгдээд буй энэ үед хорио цээрийн дэглэм үйлчлэхгүй, эрүүл мэндийн тогтолцоо үгүй халуун цэгүүд томоохон хэмжээний халдварын голомт болох аюултай тул шинжээчид энэхүү урилга цаг үе олсон гэдэгт эргэлзэхгүй байна. Цар тахлын аюул дэлхий дээрх цэрэг, улс төрийн хурцадмал байдлыг тодорхой хэмжээнд намжихад хүргэсэн ч Ливийн цэргийнхний энэхүү шийдвэр бусад зэвсэгт мөргөлдөөний оролцогчдод үлгэр дуурайл болно гэдэгт мэргэжилтнүүд эргэлзэж байна.
Вирус гэх шалтаг
2011 оноос хойш Ливи улс цэрэг, улс төрийн хямралд ороод буй. Муаммар Каддафийг төрийн эрхээс унагаж, амь насыг нь хөнөөснөөс хойш тус улс нэгдмэл улс байхаа больж, төрийн эрхийг булаацалдсан хоёр засгийн газар бий болсон. Ливийн зүүн хойд нутагт байрлаж буй засгийн газрыг маршал Халифа Хафтараар удирдуулсан Ливийн үндэсний арми дэмждэг бол Триполи хот болон баруун хэсэгт Фаиз Саражийн тэргүүлсэн үндэсний зөвшлийн засгийн газар ажиллаж байгаа билээ.
Одоогийн байдлаар, Ливид шинэ төрлийн коронавирусний халдварын тохиолдол албан ёсоор бүртгэгдээгүй байгаа. Үүнээс өмнө Итали, Египет, Иранаас ирсэн хэд хэдэн хүнтэй холбоотой сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн талаар Тобрук дахь Засгийн газар мэдээлж байсан ч халдварын батлагдсан тохиолдлын талаар албан ёсны мэдээ гараагүй. Цэргийн ажиллагаа идэвхтэй өрнөж буй Сири улсад КОВИД-19 халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн бөгөөд Сирийн эрх баригчид вирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, тус улсын хилээр орж ирж буй хүмүүсийг карантилах байр бэлтгэж байгаа аж. Хүситийн босогчид, Саудын Арабын тэргүүлсэн цэргийн эвслийн хооронд зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж буй Йеменд халдварын тохиолдол одоогоор бүртгэгдээгүй байна. Гэвч тус улс хүмүүнлэгийн гамшигт нэрвэгдээд байгаа билээ. НҮБ-ын мэдээллээр, Йемений хүн амын 80 орчим хувь хүмүүнлэгийн тусламжгүй өнөөгийн нөхцөл байдалд амьд үлдэж чадахгүй гэдэг.
КОВИД-19 коронавирусний дүрээр дэлхий дахины өмнө гарч ирсэн шинэ аюул хүртэл ихэнх дайсагнаж буй талуудын цэргийн ажиллагааг зогсоож хүчирсэнгүй. Энэ сарын эхээр Эр-Рияадын тэргүүлсэн цэргийн эвсэл хүситүүдийн Аравийн тэнгис дэх газрын тосны агуулах руу хийх дайралтыг таслан зогсоож чадсан тухай мэдээлж байсан. Энэ мэдэгдлээс хэдэн хоногийн дараа Арабын эвсэл Йемений Салиф боомт дахь хэд хэдэн объект руу цохилт өгсөн билээ. Үүнтэй зэрэгцэн хүситүүдийн байгуулсан засгийн газрын гишүүд Саудын Арабыг Йеменд коронавирусний халдварыг тараахаар завдаж байна гэж буруутгаж байв. Ираны хэвлэлүүдийн мэдээлснээр, энэ мэдэгдлийг хүситийн засгийн газрын дэд тэргүүн Хусейн Макбули хийжээ. Тэрбээр Эр–Рияд Йемений хил рүү дөрвөн мянга орчим хүн илгээж, тус улсад хүрэх хуурай замд санаатайгаар хаалт, саад зохион байгуулсан гэж мэдэгдсэн байна. Эдгээр хүнийг коронавирусний халдварыг тараах зорилгоор илгээсэн гэж хүситүүд үзэж байгаа юм. Йемений эрүүл мэндийн сайд тус улс эм хэрэгсэл болон эмч, мэргэжилтний хомстолтой нүүр тулаад байгаа тухай мэдээлж байсан билээ.
Энэ сарын 22-нд Газын зурвас орчимд коронавирусний халдварын анхны хоёр тохиолдол бүртгэгдсэн тухай Ройтерс агентлаг мэдээлэв. Эх сурвалжийн мэдээлснээр, Пакистанаас Египетээр дамжин орж ирсэн Палестины хоёр иргэнээс коронавирусний халдвар илэрчээ. КОВИД-19 вирус тээгчдийн тоо Афганистанд өсөж байна. Энэ сарын 23-ны байдлаар, тус улсад нийт 40 тохиолдол илэрснээс, нэг хүн нас барсан тухай тус улсын эрүүл мэндийн сайд Ферозуддин Фероз мэдээлсэн билээ.
Зэвсэгт мөргөлдөөн, хүмүүнлэгийн хямралд нэрвэгдсэн бүс нутагт халдвар авсан хүний тоог нарийвчлан тогтооход харьцангуй хүндрэлтэй гэж шинжээчид ярьж байна. Дайн болж буй газарт коронавирусээр халдварласан хүмүүсийг илрүүлж, тоолох нөхцөл, боломж бараг үгүй. Ийм бүс нутагт цар тахалтай тэмцэх манатай. Эрүүл мэндийн тусламж хүлээсэн хүн амын нэг хэсэг л үхэж байна гэж л хүлээн авна. Цэргийн ажиллагааг зогсоох Ливийн туршлага бусад халуун цэгт нэвтэрнэ гэж хүлээх хэрэггүй гэж шинжээчид үзэж байна. Ливид байлдаж буй талууд хүмүүнлэгийн гэхээсээ илүү цэрэг, улс төрийн зорилгоор ийм шийдвэр гаргасан гэж зарим ажиглагчид онцолжээ. Учир нь одоогийн байдлаар Хафтарын арми ч тэр, Үндэсний шилжилтийн зөвлөл ч тур мөргөлдөөнд давуу байдал олж авч чадаагүй байна. Тиймээс эвлэрэх үйл явц ямар ч тохиолдол эхлэх учиртай байсан бөгөөд коронавирус энэ тохиолдолд эвтэйхэн шалтаг болж байна гэж тэд үзэж байна.
Дэлхий дээрх халуун цэгт үргэлжилж буй цэргийн ажиллагаа цар тахал дэгдэж буй өнөөгийн нөхцөл байдалд давхар эрсдэлийг бий болгоно. Учир нь зэвсэгт мөргөлдөөн гарч буй бүс нутгуудад КОВИД-19 цар тахал хяналтгүй тархах аюултай. Үүнтэй зэрэгцэн дүрвэгсдийн хүчин зүйлсийг мартаж болохгүй. Ойрын ирээдүйд тэд халуун цэгээс КОВИД-19 халдвар тараагчид болж болзошгүй гэж мэргэжилтнүүд анхааруулж байна. Дүрвэгсдийн хуаранд ариун цэвэр, хорио цээрийн нөхцөл байхгүй байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж буй. Түүнчлэн ихэнх дүрвэгч гуравдагч улс орнууд руу хууль бусаар нэвтэрч байгаа тул тэдний шилжилт хөдөлгөөнийг хянахад маш хүндрэлтэй.
Цар тахлын үед хүн төрөлхтөн дэлхийн хэмжээний асуудалд нэгдсэн хандлагыг боловсруулах шаардлагатай байна. Бүх улс орнууд цар тахалтай тэмцэх тэмцэлд анхаарлаа хандуулж байгаа ч мэдээж хэрэг цар тахал цэрэг, улс төрийн хурцадмал байдлыг сулруулж чадахгүй. Гэхдээ цар тахал дэлхийн томоохон тоглогчдын улс төрийн амбиц, бүс нутаг, орон нутгийн чанартай дайн, мөргөлдөөнийг өдөөх хүчин чармайлтаа хазаарлахад түлхэц өгөх боломжтой гэж шинжээчид дүгнэж байна.
Сэтгэгдэл ( 0 )