2020 оны дөрөвдүгээр сарын 1-ний 00 цагаас эхлэн БНСУ-д зорчиж буй гадаад, дотоодын иргэдийг 14 хоногийн хугацаанд тусгаарлах шийдвэрийг БНСУ-ын Онцгой байдлын штабаас гаргажээ.
БНСУ-д оршин суух үнэмлэхтэй гадаадын иргэд өөрийн амьдарч байгаа байрандаа тусгаарлагдах боломжтой бол богино хугацаагаар (аялал жуучлал, транзит г.м) буюу байнга оршин суух хаяггүй гадаадын иргэдийг БНСУ-ын Онцгой байдлын штабаас гаргаж буй төвлөрсөн газарт хувийнх нь зардлаар тусгаарлах аж. Нэг хоногийн зардал нь 100,000 воны төлбөртэй.
БНСУ-ын Онцгой байдлын штабын хорио цээрийн шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн иргэний оршин суух хугацааг сунгахгүй байх, албадан хилээр гаргах хүртэл арга хэмжээ авахыг БНСУ-ын Хууль зүйн яамнаас мэдэгдсэн байна.
ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мөн гадаадаас ирэх болон гадаадын улс оронд зорчих иргэдийн асуудлаар “Гаднын улс орнуудаас ирэх хүсэлтэй иргэдийн хүсэлтийг Гадаад харилцааны яам бүгдийг нэгтгэн авч байгаа. Цахимаар хүсэлтүүдийг аваад эхэлсэн байна. АНУ-аас 1000 гаруй хүн эх орондоо ирэх хүсэлт гаргасан байгаа. Гэхдээ иргэдийн дунд Монголоос тусгай онгоц очиж авна гэх ташаа мэдээлэл гарсан байсан. Энэ асуудлыг тодорхой шийдвэрлээгүй байна. Мөн БНСУ руу зорчих гэж байгаа маш олон иргэд байгаа. БНСУ руу МИАТ компанитай хамтран нэмэлт нислэгүүд гаргах тухай ярилцаж байна. Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлээд тус улсад шинэ журам мөрдөж эхлэх тухай мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, ирэх сарын нэгнээс эхлээд гадаад дотоодын иргэдийг 14 хоног тусгаарлахаар шийдвэр гаргасан бөгөөд иргэн тусгаарлалтын зардлаа өөрсдөө гаргахаар зохицуулсан байна. Нөхцөл байдал цаг, минут тутамд өөрчлөгдөж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Истанбулаас ирэх хүсэлт гаргасан иргэнтэй бид холбоотой байгаа. Тус улсын эмнэлгийн байгууллагаас хүүхдийн биеийн байдлыг хүнд гэж үзсэн учраас онгоцонд суулгаагүй. Эцэст нь хариуцлагатайгаар хэлэхэд Элчин сайдын яам, дипломат ажилчид ажлаа хаяад эх орон руу гаа ирсэн гэсэн ташаа мэдээлэл гаргахгүй байхыг хүсэж байна. Манай дипломат ажилчид тухайн улсад монгол иргэн байвал иргэдийнхээ төлөө ажиллах үүрэг хүлээж ажилладаг” гэсэн мэдээллийг өнөөдөр мөн өгсөн билээ.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам