- Агаарын сүрлэг жагсаал болно -
Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн ой энэ жил тохиож байна. ОХУ цар тахлын үед Ялалтын баярыг хэрхэн тэмдэглэх бол. Коронавирусний халдварын улмаас энэ жил цэргийн техник Улаан талбайгаар явахгүй. “Үхэшгүй мөнхийн хороо” ахмад дайчдыг хүндэтгэх жагсаал онлайнаар явагдана. Гэхдээ Оросын олон арван хотод агаарын хүчин ниснэ. Энэ сарын 9-нд Оросын тэнгэрт нийт 660 орчим онгоц, нисдэг тэрэг хөөрнө гэж хойд хөршийн Батлан хамгаалах яамны албан ёсны мэдээнд өгүүлжээ. Энэ нь агаарын жагсаалыг ОХУ-ын түүхэнд хамгийн нүсэр болгох тус улсын Агаар-сансрын хүчний зургаадугаар хэсэг юм.
Хэдэн агаарын техник оролцох вэ?
Коронавирусний халдварын улмаас тогтоосон хөл хорио Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэх төлөвлөгөөнд цохилт өгчээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-нд Аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны үеэр Ялалтын баярын гол арга хэмжээ болох цэргийн жагсаалыг цуцалж байгаагаа мэдэгдсэн билээ. Жагсаал 1995 оноос эхлэн Улаан талбайд жил бүр болсон юм. Гэхдээ энэ жил зөвхөн жагсаалын газарт болдог хэсэг нь л цуцлагджээ. Владимир Путин “Тавдугаар сарын 9-нд Оросын тэнгэрт жагсаал болж, агаарын техник, орчин үеийн байлдааны онгоц болон нисдэг тэрэг хөөрнө. Орой хотуудын төвд баярын уламжлалт ёслолын буудлага болно” гэсэн байна.
Агаарын парад энэ жил олон арван хотод болж, хуучин Зөвлөлтийн орнуудын түүхэнд хамгийн том нь болно. Цар тахал дэгдээгүй бол “Москвад цэргийн жагсаалд 15 мянган цэргийн алба хаагч, 225 зэвсэг техник оролцоно” гэж хоёрдугаар сарын 4-нд Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгдэж байсан юм. Батлан хамгаалахын яам жагсаалд нисэх хүчний хэдэн техник оролцохыг хэлээгүй ч цэргийн тойргуудын мэдээнд энэ жил 660 орчим агаарын техник хөөрнө гэжээ. Сергей Шойгугийн хоёрдугаар сарын эхээр хэлснээр Москвад болох жагсаалд 150 онгоц болон нисдэг тэрэг оролцоно. Энэ нь өнгөрсөн жилийнхээс хоёр дахин их тоо юм. Оросын Баруун цэргийн тойргийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээлснээр тус тойргийн 100 агаарын техник жагсаалд оролцох бол Төв дүүргийн нисэх хүчнийхэн 84 онгоц болон нисдэг тэрэгтэйгээр жагсаалд оролцоно. Зүүн цэргийн тойрог 100 орчим онгоц, Хойд флот 17 нисэх төхөөрөмжтэйгөөр агаарын жагсаалд оролцох бол Өмнөд тойрог 210 агаарын нэгжээ хөөргөнө.
Жилийн өмнө ОХУ-д Москвад тавдугаар сарын 9-нд болох байсан агаарын жагсаалыг оролцуулан дөрвөн жагсаал цаг агаарын таагүй байдлаас болж цуцлагджээ. Москвад Улаан талбайд өнгөрсөн жил агаарын жагсаал болсон бол 138 онгоц болон нисдэг тэрэг хөөрөх байв. ТАСС агентлагийн мэдээлж байгаагаар Оросын Агаар, сансрын хүчин одоо 1.8 мянган онгоц, 1.5 мянган нисдэг тэрэгтэй. Бие даасан цэргийн анги нэгтгэл мөн үүнтэй ижил төстэй тоог өгчээ. Тэдний мэдээлснээр ОХУ-ын Агаар-сансрын хүчин 1.6 мянган онгоц, 1.4 мянга гаруй нисдэг тэрэгтэй аж. “FlightGlobal” сэтгүүлийн мэдээлснээр Орост 2019 оны арванхоёрдугаар сарын байдлаар нийт 4000 орчим цэргийн онгоц, нисдэг тэрэг байжээ.
Петербургийн тэнгисийн жагсаал
2020 онд Петербургт агаарын жагсаалаас гадна тэнгисийн парад болно. Нева мөрөнд дөрвөн хөлөг онгоц гарах аж. Сургалтын хөлөг онгоц “Перекоп”, завь эсэргүүцэгч жижиг онгоц “Казанец”, усан доорх мина устгагч “Павел Хенов” хөлөг онгоц болон хорлон сүйтгэгчийг эсэргүүцэгч завь “Нахимовец” далайд гарна. Өнгө өнгийн далбаатай эдгээр хөлөг хотын эргээр явж, хөлгийн багийнхан ёслолын ажлыг хийх аж.
Агаарын жагсаал ямар газруудад болох вэ?
Өнгөрсөн сарын 29-ний байдлаар агаарын парад Оросын 40 хотод болохоор төлөвлөгджээ. Жилийн өмнө Ялалтын баярын жагсаалын агаарын хэсэг нь дөрвөн хотод болохоор төлөвлөгдсөн байв. Гэхдээ Москвад цаг агаарын байдлаас болж агаарын парадыг цуцалж байлаа. 2019 онд Петербург, Мурманск болон Хабаровскт агаарын парад болсон юм. Оросын хотуудад байлдааны онгоц, нисдэг тэрэгний нисэх үзүүлбэрийг цэргийн тойрог бүрийн командлал зохион байгуулдаг. Цэргийн баруун тойргийн агаарын хүчин Санкт-Петербург, Курск, Орёл, Воронеж, Белгород, Вологда, Ярославль, Нижний Новгород, Смоленск, Вязьма, Остров болон Калининградад ниснэ. Өмнөд тойрогт парад Донын Ростов, Волгоград, Каспийск, Новороссийск, Краснодар, Владикавказ, Ставрополь, Грозный, Астрахань, Ейск хотуудад агаарын жагсаал болох бөгөөд онгоцнууд Оросын бүрэлдэхүүнд орсон Крымд байдаг Севастополь болон Керчийн тэнгэр дээгүүр ниснэ. Цэргийн зүүн тойрог агаарын парадыг Владивосток, Чита, Уссурийск, Комсомольск-на-Амуре, Биробиджан, Улаан-Үүд, Өмнөд Сахалинск, Петропавловск-Камчатск, Магадан, Якутск, Благовещенск, Белогорск, Курильскийн дээгүүр хийнэ гэж “Интерфакс” агентлаг Зүүн цэргийн тойргийн хэвлэлийн мэдээнээс иш татан мэдээлжээ. Төв цэргийн тойрогт агаарын жагсаал Екатеринбург болон Новосибирскт болно. Түүнчлэн Хойд флотын агаарын хүчин тавдугаар сарын 9-нд Мурманскт нисэх бол Армен дахь 102 дугаар цэргийн баазаас Оросын нисэх онгоцнууд Ереван дээгүүр хөөрөх аж.
Харин Москвад агаарын жагсаал болно гэсэн албан ёсны баталгаатай мэдээ алга байна. Гэхдээ Кубинка нисэх онгоцны буудлын ойролцоо амьдардаг хүмүүс сошиалд сөнөөгч онгоцны нисгэгчид эгнээгээр нисэж байна гэж пост хийжээ. Москвагийн жагсаалд бусад агаарын баазууд ихэвчлэн оролцдог байсан юм. Москва орчмын Чкаловскийн нисэх онгоцны буудал, цэргийн нисгэгчдийг бэлтгэх Липецкийн сургалтын төв, Энгельс дэх холын зайн нислэгийн агаарын бааз оролцдог байв. Гэхдээ эдгээр нисэх онгоцны буудлын үйл ажиллагааны талаар нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг ч мэдээлэл “нисээгүй”.
2020 онд нисэх хүчин Москвад жагсаалын бэлтгэл нэг ч удаа хийгээгүй ч эхний нислэгүүд ихэвчлэн тавдугаар сарын эхээр эхэлдэг. 2019 онд Москвад агаарын парадын анхны бэлтгэл сургуулилт тавдугаар сарын 4-нд болж байжээ.
Ямар онгоц, нисдэг тэрэг байх вэ?
Сергей Шойгу өнгөрсөн хоёрдугаар сард энэ жил жагсаал хамгийн сүрлэг болно гэж мэдэгдсэн билээ. Ийм жагсаалд ихэнхдээ “Стрижи” болон “Витязи” нислэгийн багийн МиГ-29, Су-30СМ сөнөөгч онгоцнууд, Су-57, Су-35 шинэ сөнөөгч онгоц, МиГ-31 байлдааны нисэх онгоц, Су-25 довтлогч онгоц, Су-34, Су-24 бөмбөгдөгч онгоцнууд, холын зайн ба стратегийн бөмбөгдөгчид болох Ту-22М3, Ту-95М, Ту-160, нисэх радар А-50, цэргийн тээврийн Ан-124, Ил-76 болон Ил-78 цэнэглэгч онгоц оролцдог. 2020 онд ердийнхөөс илүү олон онгоц ашиглахаар төлөвлөж байсан бөгөөд магадгүй өмнө нь жагсаалд оролцож байгаагүй зэвсэг техникүүд гарч ирэх байлаа. Нисдэг тэрэгнээс дэлхийн хамгийн том цэргийн тээврийн нисдэг тэрэг болох Ми-26, довтлогч Ми-28НМ, Ми-35 болон Ка-52, тээврийн Ми-17-г хүлээж болно.
Москвад тэнгэр цэлмэнэ
Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн ойн өдөр Москвагийн эрх баригчид аюулгүй байлгахаар 113 сая рублийн үүл сарниулагч захиалжээ. Тавдугаар сарын 9-нөөс гадна энэхүү улсын худалдан авалтад өөр баярын гурван өдрийг багтаасан нь Майн нэгэн, зургаадугаар сарын 12-ны өдөр болох Оросын өдөр, есдүгээр сарын 5-нд болох Хотын өдөр юм. Худалдан авалтын нийт дүн 451.8 сая рубль болжээ.
Ёслолын буудлага хаана болох вэ?
Москвад хорио цээрийн дэглэм тогтоосны дараа Оросын Батлан хамгаалах яам нь Ялалтын 75 жилийн ойн хүрээнд болох цэргийн ёслолын буудлагыг шууд цуцлаагүй. Тус улсад Аугаа эх орны дайнаар чөлөөлсөн хотуудын ойг тохиолдуулан ёслолын буудлагууд болжээ. Өнгөрсөн жил ёслолын буудлагууд Одесса, Севастополь, Бухарест, Минск, Вильнюс, Брест, Каунас, Кишинев, Таллин, Рига болон Белградад болсон. Энэ жил хорио цээрийн дэглэм эхлэхээс өмнө Будапештыг эзлэн авч, Варшавыг чөлөөлсний ойг тэмдэглэж ёслолын буудлага хийж амжжээ. Братиславаг чөлөөлсний ойг өнгөрсөн сарын 4-нд хорио цээрийн үед тэмдэглэсэн бөгөөд москвагийнхан уг арга хэмжээг зөвхөн цонх, тагтнаасаа харсан байна. Энэ марафоны дараагийн хот нь Вена байх ёстой байсан ч өнгөрсөн сарын 13-нд энэ хотыг эзэлсэн өдөр ёслолын буудлагыг цуцалжээ. Гэхдээ энэ сарын 9-нд ёслолын буудлага болох нь тодорхой байна.
Хойд хөршийн хэвлэлүүдэд гарсан мэдээллээр тавдугаар сарын 9-ний өдөр ёслолын буудлага Баруун цэргийн тойргийн зургаан хотод болно. Эдгээр нь Москва, Санкт-Петербург, Воронеж, Калининград, Тула, Смоленск бол Алс Дорнодын Хабаровск, Владивосток, Уссурийск, Өмнөд Сахалинск, Белогорск, Чита, Улаан-Үүд, Петропавловск-Камчатский гэсэн найман хотод, өмнөдөд Донын Ростов, Волгоград, Новороссийск, Владикавказ, Астрахань, Новочеркасск, Ставропольд, төвд Екатеринбург, Самара, Новосибирскт ёслолын буудлага болно. Түүнчлэн Оросын цэргийнхэн Севастополь, Керчь, Симферополь хотод ёслолын буудлага хийнэ. ОХУ-ын хойд хэсгийн хотуудад буудлага болох талаар мэдээлэл алга байгаа юм. Хойд хөршийн Батлан хамгаалах яамны вэбсайт дээрх мэдээллээс харахад Ялалтын баярын өдөр Москвад болох Оросын гол ёслолын буудлага анх төлөвлөснөөс даруу байхгүй аж. Галт бамбарууд тэнгэрт хэдэн арван мянгаараа цацарна. Их бууны ёслолын буудлага 22.00 цагт эхэлж, 10 минут үргэлжлэх болно гэж Баруун цэргийн тойргийн командлагч Александр Журавлев мэдээлжээ. Өмнө нь “ВВС” Оросын Батлан хамгаалах яамны хоёр гол ханган нийлүүлэгчийн нэг болох “Пиро-Росс” хувийн компанитай холбогдсон байна. Тэд өнгөрсөн жил Оросын Батлан хамгаалах яамны захиалгаар энэ жил ёслолын буудлагад ашиглах 20 мянган сумыг бэлтгэсэн гэжээ. Компанийн төлөөлөгчийн хэлснээр тавдугаар сарын 9 гэхэд ёслолын буудлагыг “илүү эх оронч” болгож, “үндэсний амт”-ыг өгөх тусгай, шинэ “буудлага гарах” аж.
Цуцлахаас өмнө ямар шинэ зүйлүүд хүлээж байв?
Оросын Төрийн тэргүүн Владимир Путин Ялалтын баярын жагсаал, хэдийнээ жигдэрсэн бэлтгэлийг цуцалсныг зарласан. Парадын оролцогчид гуравдугаар сарын сүүлчээс хойш Алабино бэлтгэлийн баазад байрлаж, бэлтгэл хийсэн байна. Техникийг туршилтын талбайд бүр эрт авчирчээ. Тухайлбал, “Ярс” баллистик пуужингийн төхөөрөмжүүд хоёрдугаар сарын сүүлчээр Ивановск мужаас Москва руу хүрсэн байна. хойд хөршийн Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн амласан ёсоор жагсаалыг тусгай цар хүрээгээр хийх ёстой байв. Тэрбээр “Тавдугаар сарын 9-ний өдөр 475 хот, суурин газарт цэргүүдийн оролцоотой баярын арга хэмжээ зохион байгуулагдана. Тэдгээрийг явуулах ажлыг 116 мянга гаруй цэргийн алба хаагч хангах болно” гэжээ.
Тавдугаар сарын 9-ний жагсаал өмнөхөөсөө нэг цаг хагасаар илүү үргэлжлэх байлаа. Батлан хамгаалах яам жагсаалд ямар үзүүлбэр үзүүлэх гэж байгаагаа төдийлөн зарлаагүй. Сүүлийн жилүүдэд тавдугаар сарын 9-ний жагсаалд шинэ зэвсгээ үзүүлэх нь уламжлал болсон. Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн ойгоор онцгой зүйлийг харуулах болно гэж үзэх нь логикийн хувьд боломжтой байв. 2015 онд ОХУ-д Ялалтын 70 жилийн ойг тэмдэглэхэд жагсаалд олон тооны шинэ хуягт машинууд үзүүлсэн ч “Армата” төслийн “Т-14” танк хамгийн том сенсаац болсон юм. Оросын цэргийнхэн жагсаалын үеэр түүний гадаад төрхийг нууцлахыг хичээсэн ч Москва руу тээвэрлэх үеэрх гэрэл зургууд цахим сүлжээнд орсон. 2020 онд интернэтэд хамгийн сүүлийн үеийн шинэ техникийн сенсаацтай гэрэл зураг, видео бичлэг гарч ирээгүй. Улаан талбайд 2020 онд шинэ Т-90М танкууд анх удаагаа явж өнгөрөх ёстой байв. Гэхдээ энэхүү Т-90 танкны сүүлийн өөрчлөлтийг цэргийн үзэсгэлэнгүүд дээр хэдэн жилийн турш олон нийтэд үзүүлж байгаа юм. ТАСС агентлаг “Уралвагонзавод”-ын мэдээллээс иш татан мэдээлэхдээ танкнууд цацраг туяа, хими, хамгийн гол нь бактериологийн хамгаалалттай тул дотор нь байгаа багийнханд шинэ төрлийн коронавирус аймаар биш аж. Энэ жилийн жагсаалын бас нэг онцлог нь дайны үеийн 30 ширхэг Т-34 танкнаас бүрдсэн цуваа байх ёстой байв. Гэхдээ үүнийг шинэ сенсаац гэж нэрлэх хэцүү юм.
Ялалтын парадыг хэзээ хийх вэ?
Путин Ялалтын парадыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Тэрбээр сүрлэг жагсаалыг жилийн эцсээс өмнө хийхээр амласан байна. Владимир Путинээс Ялалтын баярын жагсаалыг хойшлуулахыг нийтэд зарлан гуйсан Төрийн Думын Батлан хамгаалах хорооны дарга Владимир Шаманов хойшлуулах хоёр огноог санал болгожээ. Эхний хувилбар нь зургаадугаар сарын 24. 1945 оны тус өдөр Москвад Лениний бунхны хөлд Германы тугуудыг хаясан жагсаал болж байв. Өөр нэг хувилбар нь есдүгээр сарын 3, өөрөөр хэлбэл Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараах өдөр юм. Путин дөрөвдүгээр сарын 24-нд 1945 онд Зөвлөлт Холбоот Улс Японыг ялсан нь дайныг зогсооход чухал хувь нэмэр оруулсан болохыг дурдаж, Дэлхийн хоёрдугаар дайн дууссан өдрийг тэр өдөр рүү шилжүүлэх тухай хууль баталжээ. РБК суваг өөрийн эх сурвалжийг иш татан мэдээлэхдээ, Кремль болон Батлан хамгаалах яам жагсаалыг арваннэгдүгээр сарын 7-нд хийх боломжийн талаар хэлэлцэж байгаа гэжээ. 1941 оны энэ өдөр Москвагийн төлөөх тулааны төгсгөлд Иосиф Сталин оролцсон цэргийн парад болсон юм. Өнгөрсөн сарын 20-нд ТАСС агентлаг Батлан хамгаалах яамнаас иш татан мэдээлэхдээ Алабино мужид бэлтгэл хийж байсан жагсаалд оролцох хүмүүсийг хорио цээрийн дэглэмд хоёр долоо хоног оруулжээ. Москва орчимд жагсаалд зориулан бэлтгэгдсэн цэргийн техник хэрэгслүүдийг байранд нь үлдээсэн байна. Оросын цэргийн шинжээч Виктор Мураховский “ВВС”-д өгсөн ярилцлагадаа, хэрэв тоног төхөөрөмжийг байнгын байрлуулах газарт буцаасан бол жагсаал зургаадугаар сарын 24-нд болохгүй гэж хэлсэн бөгөөд энэ тохиолдолд зэвсэг хэрэгслийг тэр даруй Москва руу буцаахад бэлтгэсэн байх шаардлагатай гэжээ. Түүнчлэн дөрөвдүгээр сарын 30-нд ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “RTVI” телевизэд өгсөн ярилцлагадаа Ялалтын парадын шинэ өдрийг тархвар судлалын нөхцөл байдлыг харгалзан тогтооно гэсэн байна.
“Үхэшгүй мөнхийн хороо” хэрхэн болох вэ?
Цар тахлын улмаас Ялалтын баяртай холбоотой олон арга хэмжээ өөрчлөгдөж эсвэл онлайн хэлбэрээр болохоор болсны нэг нь “Үхэшгүй мөнхийн хороо” жагсаал. Энэ жил уг жагсаал дэлхий даяар онлайн хэлбэрээр болно. Халхын голын байлдаанд, Аугаа их эх орны дайнд болон Дэлхийн хоёрдугаар дайны эцсийн үе шат болох Чөлөөлөх дайнд байлдаж явсан цэргүүд, арыг хангаж байсан хөдөлмөрчид зэрэг фашизм болон милитаризмыг дийлж хамтын ялалтад хувь нэмрээ оруулсан хүн бүхний хөрөг зураг, гэрэл зураг, дурсамж бүхий дүрст бичлэгийг нийгмийн сүлжээгээр байрлуулж тараацгаахыг Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамнаас уриалж байна. Гэр бүлээрээ цугларч, баатар хүнээ дурсан санаж, түүний тухай үр хүүхдүүддээ ярьж өгөөрэй. “Үхэшгүй мөнхийн хороо” нь Аугаа их эх орны дайнд оролцсон өвөг дээдсийнхээ зургийг барьж явдаг олон нийтийн жагсаал юм. ОХУ-ын болон бусад улс орнуудын иргэд уг жагсаалыг Ялалтын баярын өдөр зохион байгуулдаг. Энэхүү хөдөлгөөн нь 2007 онд Томск хотод эхэлсэн бөгөөд 2015 оноос эхлэн албан ёсоор Орос орон даяарх, цаашлаад олон улсын аян болжээ. Монгол Улсад “Мөнхөд дурсагдах дайчид” нэрээр санаачилж зохион байгуулдаг юм.
Сэтгэгдэл ( 2 )
Eh ornii dainii yalaltiin bayariin mend hyrgye
Eh ornii dainii yalaltiin bayariin mend hyrgye