Хар арьст эрэгтэй Жорж Флойдын амь насанд цагдаа нар халдсаны дараа үүссэн жагсаал, цуглаан, бослогын улмаас АНУ-ын Лос Анжелес хотод 12 цагийн хөл хорио тогтоолоо.
Жагсагчид дэлгүүр, үйлчилгээний газарт халдаж, эмх замбараагүй байдал улам даамжирсан тул Лос Анжелес хотын захирагчийн алба дээрх шийдвэрийг гаргажээ.
Жагсаал, цуглаан, эмх замбараагүй байдлын улмаас Лос Анжелес хотын Мелрөүз өргөн чөлөөнд үйл ажиллагаа явуулдаг 88 бизнесийн байгууллага ямар нэгэн хэмжээгээр хохироод байна.
Лос Анжелес хотод 1992 онд болсон жагсаал, цуглаанаас хойш ийнхүү анх удаагаа онц байдал зарлаж байгаа нь энэ юм.
Орон нутгийн цагаар 2020 оны тавдугаар сарын 20-ний өдрийн 20:08-20:28 цагийн орчимд Миннесота мужийн Миннеаполис хотын цагдаагийн газрын нэр бүхий нэг офицер, өөр гурван алба хаагчийн хамт хар арьст иргэнийг саатуулах явцдаа амь насанд нь халдсан билээ.
Ингэж саатуулахдаа хүзүүн тус газар нь өвдөглөн дарсны улмаас амьсгал нь боогдож 46 настай Жорж Флойд гэгч амьсгал хураасан юм.
Энэхүү хэрэг явдлаас үүдэн арьс өнгөний үзлийг халах, иргэний тэгш эрхийн зарчмыг дэлгэрүүлэх зорилго бүхий жагсаал АНУ-ын 51 муж, Канад, Шинэ Зеланд, Их Британи улсад зохион байгуулагдаж байгаа билээ.
Зөвхөн АНУ-д зохион байгуулагдсан жагсаалын улмаас 11 хүн амиа алдаж, 4.5 мянган хүн баривчлагдаад байна.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл ( 0 )