Нэгдсэн Үндэстний Байгууллага байгуулагдсаны 75 жилийн ой 2020 онд тохиож байгаа. Үүнтэй холбогдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониа Гуттереш “Хүсэж буй ирээдүйгээ хамтдаа бүтээн байгуулъя” гэсэн уриатай "НҮБ-75” санаачилгыг дэлхий даяар эхлүүлээд байна.
Тус санаачилгыг НҮБ-ын гишүүн улс орнууд идэвхтэй дэмжин оролцож байгаа. Энэ хүрээнд НҮБ-аас төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгэм, сургалт, эрдэм шинжилгээ гэх зэрэг бүхий л салбарын төлөөллийг хамруулсан өргөн хүрээтэй хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа аж.
Төрийн байгууллагын төлөөлөлтэй хийсэн хэлэлцүүлэг нь өнгөрсөн мягмар гарагт зохион байгуулагдсан бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар оролцлоо.
Дэлхийн хамтын нийгэмлэг НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилт, дэлхий нийтийн, олон улсын хөгжлийн стратегийг тунхаглаж, улмаар Монгол Улсын Их Хурал урт хугацааны тогтвортой хөгжлийн зорилт болох “Монгол улсын тогтвортой хөгжлийн зорилт 2030 болон “Алсын хараа 2050” баримт бичгүүдийг баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа. Дэд сайд С.Зулпхар хэлэлцүүлэгт оролцох үеэр Монгол Улсын Засгийн газар тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд анхаарч ажиллаж байгааг цохон тэмдэглэлээ. Түүнчлэн, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг зохистой зохицуулах зорилгоор ажиллах хүчний ур чадварыг сайжруулахад түлхүү анхаарч байгааг онцоллоо.
Хэлэлцүүлэгт НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Төрийн байгууллагуудын удирдлага болон яамны холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
Эх сурвалж: Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам
Сэтгэгдэл ( 0 )