Чиний мэдэрсэн бүх л зүйлсийг, сэтгэлээр унахыг, бас хайрыг хүн бүхэн мэдэрдэг. Энэ бүх мэдрэмжүүд биднийг амьд байлгадаг юм шиг. Хэцүүг туулж үзээгүй бол амар тайвныг мэдэхгүй, хичээж зүтгэж чадаагүй бол уналтын сургамжийг ухаарахгүйтэй адил бүх зүйлс хоорондоо тэнцэж эсвэл зохицдог амьдрал. Хүн өдөрт 50.000 орчим зүйл боддгоос талаас илүү хувь нь сөрөг байдаг. Яаж эерэг болгох вэ. Идэвхтэй амьдралын хэв маяг. Хийх зүйлс тань таныг бодох ч завгүй болгож, өглөөг гар утсаар биш гүйлтээр эхлүүлж, өөртөө цаг гаргаж, бөх нойртой хонох зэргээр амьдралын хэмнэлээ өөрчлөн сайжруулах нь бидний сэтгэл зүйд маш эерэгээр нөлөөлж чадна.
Мэдээж буйдан дээрээ суусан хэвээрээ байвал юу ч өөрчлөгдөхгүйг бид бүгд л мэдэж байгаа. Бас нэгэн номонд “Бид өөрсдөдөө зориулан шорон бий болгож, түүндээ дүрэм болон дүр зохиож хоригдол эсвэл харгалзагч мэт амьдардаг” хэмээн бичсэн байсан. Үнэн үү. Би ийм учраас ийм байх ёстой, ингэж хийсэн болохоор тэгж үнэлүүлэх ёстой зэрэг бусдаас хүлээсэн үнэлэмжүүд биднийг бүр ч илүү дотогшоо болгосоор байдаг.
Үүний оронд өөртөө шударга үнэлэмж өгч чаддаг болох нь бодлын тойргийг зөвөөр эргүүлэхэд маш ихээр туслана. Би хийж чадсан уу. Чадаагүй. Тэгвэл дахин оролдож үзье. Би хичээж чадсан уу. Тийм. Одоо бүр илүү хичээе гэх зэргээр өөртэйгөө шударга ярилцах нь хэн нэгэнд хэцүү байгаагаа гомдоллохоос хамаагүй дээр юм шүү. “Бодлын тойрог”-тоо эргэлдсээр байгаа та бүхэнд хэлэхэд энэ тойрог яг үнэндээ хэзээ ч зогсохгүй. Бид юу ч бодохгүй нэг цаг, бүр минут ч болж чадахгүй. Харин бодлоо зөвөөр удирдаж, эерэг байлгахыг хүн бүр чадна. Өглөөг сайхнаар эхлүүлж, хэрэгтэй номоо уншин, хүссэн ажлаа хийж, хайртай хүмүүсээ халамжилж хамгийн чухал нь өөртөө үнэнч байгаарай.
Э.УЯНГА
Сэтгэгдэл ( 0 )