Улаанбаатарын тулгамдсан асуудлыг тоочвол, уртаас урт түүх ярих хэрэг болох биз. Хэтрүүлбэл монгол хүний нас хүрэхгүй. Лав л нэг үеийнхэн бүтэн 30 жил Азийн бар хот, хурдны зам, метро ярилаа. Гэвч тэд хотод хүн амьдардгийг мартсан. Өнөөдөр хөгжсөн гэж харагдах хэсэгтээ “бетонон ширэнгэ” байгуулсан боловч тэр ширэнгэнд хүмүүс автомашинаа хэрхэн багтаах талаар л мэтгэлцдэг. Хүний ая тухтай амьдрах орчныг бүхэлд нь орхисон. Хүүхдийн тоглоомын талбайг бүгдийг нь цөлмөсөн, ухсан. Хөгжлөөс хол хоцорсон хороодод бол асуудал бус гамшиг ярих хэмжээнд байгаа.
Замын түгжрэл, агаар, хөрс, усны бохирдол, дэд бүтцийн элэгдэл, бүхний нүдийг таглаж бачимдуулсан хашаа хайс, хотоор нь стрессдүүлэх дуу чимээ. Энэ бүгд өнгөрсөн хугацаанд биднийг өмнөх асуудалтай минь бага багаар эвлэрүүлсэн. Өдөр тутамд тулгардаг бэрхшээлүүдийг байх ёстой зүйл мэт болгон мартуулсан. Ийм орчинд амьдардаг иргэд шийдэл эрэлхийлэх бус харин ч зугтаах хандлагатай болдог юм байна. Тэгэхээр цагтаа “цагаан дагина” мэт өргөмжлөгдөж байсан нийслэл хот өнөөдрийн байдалд хүртлээ доройтсонд эзэн нь болсон бид бүгд өөрсдөө буруутай.
Ах эгч нар үр хүүхдийнхээ өсөж бойжих орчныг сайхнаар нь хадгалж чадсангүй, бид мэдсэн ч мэдээгүй мэт амиа бодсонд хамаг учир бий. Уг нь иргэн бүр эзэн суусан хотынхоо хөгжилд хувь нэмрээ оруулах үүрэгтэй, учиртай. Хотын удирдлагыг сонгох сонгуулиар энэ эрхээ эдэлдэг тогтолцоотой. Гэвч нүдээ хаалгаж, чихээ бөглүүлсэн бид шийдэл дэвшүүлснийг ад үзэж, асуудлыг тоть чиг давтан чанга орилсон болгоныг төлөөлөгчөөрөө сонгож ирлээ. Тиймээс энэ удаад асуудлуудад шийдэл дэвшүүлсэн хүмүүсийг сонго гэж уриалъя. Туршилтын туулай болоод ч хамаагүй дараагийн үедээ эрүүл, ая тухтай амьдрах орчин бэлэглэе.
Сэтгэгдэл ( 0 )