Амьтны сэтгэл судлаачид Угандагийн “Кибале” дархан цаазат газрын хөгшин шимпанзе сармагчнууд хэрхэн найзалдаг талаар судалжээ. Судалгааны дүнд тэд найз нөхрөө сонгохдоо өндөр настай хүмүүсийн нэгэн адилаар сонгодог болохыг тогтоосон байна.
Эрдэм шинжилгээний “Science” сэтгүүлд мэдээлснээр, нас ахихын хэрээр хүмүүс найз нөхдөө сонгохдоо илүү няхуур ханддаг байна. Учир нь нас явахын хэрээр үхлийн талаар илүү ухамсарлаж, үлдсэн цаг хугацаагаа бүрэн ашигтай өнгөрүүлэхийг хүсдэг аж. Шимпанзе нь ухаалаг сармагчин хэдий ч амьдралын төгсгөлийг ухамсарладаггүй. Шимпанзе хөгшрөхийн хэрээр эргэн тойрныхондоо илүү эерэгээр ханддаг болохыг тайлбарлах ямар нэгэн үйл явц тэдний ухамсарт болдог нь дамжиггүй гэж судалгааны багийн тэргүүн, Хардвардын их сургуулийн судлаач, профессор Ричард Рэнгэм ярьжээ.
Сүүлийн хэдэн жил нейрофизиологич, амьтны сэтгэл судлаачид нохой, мич, хэрээ зэрэг ихэнх амьтанд хүний оюун ухааны ерөнхий шинж чанар, сэтгэл хөдлөлийг илэрхийлэх нарийн чадвар байдгийг нотлох олон баримт олсон байдаг. Тухайлбал, хэдэн жилийн өмнө эрдэмтэд нохой хүмүүсийн анхаарлыг татах, эерэг сэтгэл хөдлөлийн мэдрэмж авахын тулд хүмүүстэй харилцдаг болохыг тогтоожээ. Ингэхдээ амьтад эздийнхээ хэлж буй үгийн өнгө, утгыг ойлгодог байна.
Рэнгэм тэргүүтэй судлаачид сүүлийн 20 орчим жил Угандагийн “Кибале” байгалийн цогцолбор газарт амьдардаг 20 гаруй эр шимпанзегийн амьдралыг ажигласан байна. Судалгаанд хамрагдсан хамгийн залуу сармагчин 15 настай бол хамгийн хөгшин нь 40 гаруй настай байжээ. Судалгаагаар эрдэмтэд хөгшин, залуу сармагчнууд танил болон найзуудтайгаа өөр өөрөөр харилцдаг болохыг тогтоожээ. Залуу сармагчнуудын хүрээ илүү өргөн байсан бол хөгшин шимпанзенууд харьцангуй цөөн “найз”-тай байсан бөгөөд илүү найрсаг дулаан харилцааг үүсгэсэн аж. Тухайлбал, ахимаг сармагчнууд бие биедээ илүү санаа тавьж, арьсыг нь шимэгчдээс цэвэрлэж, бусад сармагчнуудтай таарахдаа бие биенийхээ дэргэд суухаас гадна хоорондоо сөргөлдөх нь ховор байжээ. Энэ тал дээр шимпанзенууд хүмүүсээс бараг ялгагдахгүй гэж Рэнгэм онцолжээ. Нас ахихын хэрээр хүмүүс найзыгаа хянуур сонгож тэдэнд илүү найрсаг хандахыг хичээдэг. Хүмүүс болон шимпанзегийн сэтгэл зүйн энэ онцлог нейрофизиологийн болон генийн шалтгаантай холбоотой эсэхийг эрдэмтэд одоогоор тодорхой хэлж мэдэхгүй байна. Үүний хариултыг сармагчнуудын нийгмийн харилцааг үргэлжлүүлэн судалснаар олж чадна гэж эрдэмтэд найдаж байна.
Сэтгэгдэл ( 0 )